Пост-социалист Монголын кино үйлдвэрлэл

Удиртгал буюу урьдач нөхцөл: ‘шилжилт’-ийн хэмээх зурвас уналтын үе

Марксист-ленинист нэг намын улс төрийн болоод төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоо задран унаж, улмаар олон ургалч үзэл, олон намаас бүрдсэн ардчилсан улс төрийн тогтолцоо, зах зээлийн эдийн засгийн бодлогод “шилжих” буюу 1992 оны шинэ Үндсэн хууль батлагдах хүртэлх хугацаанд “Монгол Кино” үйлдвэр 50 жилийнхээ түүхэнд 160-аад уран сайхны, 1000 гаруй нэрийн баримтат кино, 800 гаруй бүлэг баримтат кино сэтгүүл бүтээж, хот хөдөөд 600 гаруй кино цэг ажилладаг болсон байв. 1980-аад оны сүүл үеэс уг салбарт улсаас төсөвлөдөг санхүүжилт бүрэн зогсож, улс даяар бусад аж үйлдвэрийн салбарт хийгдсэн өмч хувьчлалын кампанит ажлын адилаар “Монголкино” үйлдвэрийг ахуйн тооцоогоор ажиллуулах шийдвэр гарснаар уран бүтээлчид шинэ цагийн “чөлөөт уран бүтээлч” гэх нэрийн дор ажилгүйдэж, энэ салбарын хямрал гүнзгийрсэн юм. 1990-ээд оны пост-социалист улс орнуудад өрнөсөн үнийн чөлөөлөлт, өмч хувьчлалд тулгуурласан макро эдийн засгийн ‘шок номлол’ бодлого, либерал ардчилсан улс төрийн тогтолцооны ‘реформ’ Монголын кино салбарыг тойроогүй бөгөөд зөрчил бүхий хоёр үр дагаврыг дагуулсан байдаг: Нэг талаас нам засгийн хатуу хяналт, шүүлтүүрээр дамждаг үзэл суртлын нөлөө бүрэн арилснаар уран бүтээлчид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж бүрдэж, улмаар нийгмийн тулгамдсан асуудлуудыг хөндсөн цоо шинэ илэрхийлэл бүхий шинэлэг кинонууд бүтээгдэх өргөн боломжийг нээжээ.

 

Найруулагч Ж.Биндэр “Хүйн холбоо”, “Өдрийн оддын зүгт” зэрэг 7 кино, Г.Жигжидсүрэн “Зүүдний цагаан унага”, “Хайрын нулимс хатдаггүй” зэрэг 5 кино, Б.Балжинням “Мөнх тэнгэрийн хүчин дор (4 анги)”, “Шүтээн”, зураглаач Л.Шаравдорж “Цөвүүн цагийн богд”, Б.Бадар-Ууган “Ертөнцийн сүүлчийн чулуу”, зохиолч Ч.Гомбо “Хэцүү ван Тогтохтөр”, Н.Уранчимэг “Тэнгэрийн амьтан”, И.Нямгаваа “Газар шороо мину”, “Догшин хутагтын сахиус”, Х.Дамдин “Эр хүн”, Ч.Жумдаан “Алдас”, “Тэнгэрийн сахил”, Б.Сумхүү “Эцгийн голомт”, Ж.Солонго “Хааны сүүлчийн хатан” зэрэг кино бүтээсэн юм.

 

Нөгөө талаас социалист бүтээн байгуулалтын үед бий болсон кино үйлдвэрлэлийн тогтолцоо буюу дэд бүтэц хийгээд экосистем тарамдан шамшигдаж, төрийн дэмжлэг бүрэн зогссоноор, (чөлөөт) зах зээлийн “дүрэм”-ийн дагуу 30 орчим хувийн кино компани байгуулагдан, арилжааны кино дангаар ноёлох үүд хаалга нээгдсэн юм. Энэ үеийн тоо баримт дараах байдлаар эмхлэгджээ.

1991 онд 4,  1992 онд 24, 1993 онд 42, 1994 онд 29, 1995 онд 10, 1996 онд 3, 1997 онд 4, 1998 онд 3, 1999 онд 2, 2000 онд 2 уран сайхны кино бүтээгдсэн аж.

 

Төрийн дэмжлэг үгүй болж, кинонууд нь арилжааны киноны эрэлт-нийлүүлтэд ‘нийцээгүйн’ улмаас эхлээд гол төлөв хуучнаар Зөвлөлт Холбоот Улсад бэлтгэгдсэн ‘мэргэжлийн’ уран бүтээлч, техник ажилчдаас бүрдсэн хуучин ‘элит’ давхарга зах зээлээс аргагүйн эрхэнд шахагдаж, орыг нь дотоодын шинэ хувийн сургууль дүүргэсэн, шинэ цаг үед хөл нийлүүлсэн ‘энтрпренөр’ залуу уран бүтээлчид түлхүү эзэлжээ.

 

“Хүсэл шунал”

Монголын киноны “шилжилт”-ийн цаг үеийн энэхүү ороо бусгаа дүр зургийг найруулагч С.Бямба найруулагч Ж.Биндэрийн “амьд” жишээ хийгээд өөрийн эргэцүүлэлтэй сүлбэлдүүлэн, “Хүсэл шунал” (2010) кинондоо харуулсан байдаг.

 

Ардчилал, зах зээлийн харилцаанд анх удаа хөл тавьж буй уран бүтээлчид юун түрүүнд “бичил кино” хийж, мөнгө олохыг зорьсон нь шилжилтийн үеийн бодлогын хоосон орон зай дахь нэгэн зүйлийн тоглолт байлаа. Нөгөөтээгүүр, энэ зурвас үеийн онцлог нь зах зээлийн нийгмийн мөн чанарыг таниагүй, түүнд зохицон амьдрах аргаа олоогүй киноны уран бүтээлчид тийм ч амархан хөрөнгө босгож, дорвитой бүтээл туурвин, хөл дээрээ босож чадаагүйд оршино.

 

1990 оны сүүл 2000 оны эх гэхэд хүн чанар ялзран доройтож буйг үзүүлсэн “Хүн харх”, эсвээс ядуугийн гачлан зовлонг сууриа болгосон “Амьдрах итгэл” зэрэг хямд төсөр өртөгтэй, уран сайхны хийцээр тааруу видео кинонууд олноор төрөн гарч байв.

 

Тоймлон дүгнэвэл, 1990-ээд онд Монголын кино салбар дахь ‘шилжилт’-ийн үйл явц нь социологи талаас хуучин цагийн ‘мэргэжлийн’ элит уран бүтээлчдээс шинэ цагийн ‘сонирхогч’ энтрпренөр ‘киночид’ руу; техник технологи талаас өртөг өндөртэй 35 мм хальснаас зардал хамаагүй бага видео руу; агуулга талаас гол төлөв түүхэн сэдэв, үндэсний ижилслийн сэдэлтэй, ‘урлагийн төлөөх урлаг’-ийн элитист/идеалист хандлагатай ‘бүтээл’-ээс адал явдал, аллага хүчирхийлэл, эротизм, мелодрам зонхилсон, арилжааны зорилго бүхий бараа бүтээгдэхүүн мэт ‘багц’-лагдсан кинонууд руу өрнөсөн байдаг.

 

Шилжилтийн цаг үетэй хамт олон улсын үүд хаалга нээгдэж, монгол кино урьд нь хүрч байгаагүй үзэгчдэд танигдах болсон юм. 1990 оноос Францын Нантад “Тэнгэрийн сахил”, Японы Фукуокагийн олон улсын кино наадамд ”Монгол хүү”, “Говийн зэрэглээ”, “Буяны нүгэл”, “Аргамжаа”, “Цөвүүн цагийн Богд”, “Цахилж яваа гөрөөс”, “Догшин хутагтын сахиус”, “Шинэ үсгийн багш”, “Алганы хээ”, “Зүрхэнд шивнэсэн үг”, “Уулын төмөр”, “Чиний эзгүйд”, 1992 онд Сөүл хотноо болсон Ази-Номхон далайн орнуудын кино наадамд “Бүлээн нурам”, 1994 онд Берлиний олон улсын кино наадамд “Аргамжаа” зэрэг кино амжилттай оролцжээ.