Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын продюсер дангаараа болон монгол кино компани, продюсер хамтран, олон улсад түгээх зорилгоор кино бүтээх тохиолдолд зардлын 45 хүртэлх хувийг буцаан олгоно.
Монгол Улсад бүртгэлтэй гадаадын кино компани, мөн хамтарсан кино бүтээх эсхүл кино зураг авахад нь хамтран ажиллах гэрээ байгуулсан монгол кино компани, продюсер буцаан олголтын хүсэлт гаргах боломжтой.
Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авахад 500 000 америк доллар буюу түүнээс дээш хэмжээний хөрөнгийг шаардлага хангасан зардалд зарцуулсан тохиолдолд кино зураг авах зардлын 30 хувийг буцаан олгоно. Мөн тус кино зураг авахад оролцсон гадаад улсын уран бүтээлч, зураг авах багийн гишүүдийн Монгол Улсад ажилласан хоногийн цалин хөлсний 5 хувийг нэмэлтээр шууд буцаан олгоно.
Түүнчлэн дээрх шалгуурыг хангасан кино бүтээл Буцаан олголтын журамд заасан соёлын шалгуурыг хангасан тохиолдолд кино зураг авах зардлын 10 хувийг нэмж олгоно. Соёлын шалгуурт заасан үзүүлэлтээс 21 болон түүнээс дээш оноо авсан тохиолдолд уг шалгуурыг хангасанд тооцно.
Мөн зураг авсан кино нь киноны эвлүүлэг, дуу, дүрсний найруулгыг Монгол Улсад хийсэн тохиолдолд зардлын 30 хувийг буцаан олгоно. Тус буцаан олголт авах мэдүүлгийг кино бүтээсний дараа гаргана.
Буцаан олголт олгох шат дараалал
1. Зөвшөөрөл хүсэх
Зураг авалтын зөвшөөрөл хүсэх
2. Буцаан олголтын хүсэлт гаргах
Зураг авалтын зөвшөөрөл гарсаны дараа буцаан олголтын хүсэлт гаргах
3. Төслийг үнэлэх
Кино урлагийн зөвлөл төслийг үнэлэх
4. Гэрчилгээ олгох
Гэрчилгээг төслийн хугацаанаас хамаарч хоёроос дөрөв хүртэлх жилийн хугацаатай олгох
5. Гэрээ байгуулах
Гэрчилгээ олгосноос хойш 3 сарын дотор гэрээ байгуулах. Гэрээ байгуулсанаас хойш 500 000 америк доллар буюу түүнээс дээш хэмжээний хөрөнгийг зарцуулах
6. Буцаан олголт хүсэх
Буцаан олголтыг гэрчилгээнд заасан хугацаа дуусахаас 60-аас доошгүй хоногийн өмнө Зөвлөлд хүсэлтээ гаргах
Буцаан олгох нөхцөл:
Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авахад 500 000 америк доллар буюу түүнээс дээш хэмжээний хөрөнгийг зарцуулсан байх;
Кино урлагийг дэмжих тухай хууль болон Буцаан олголтын журамд заасан дагуу шаардлага хангасан зардалд зарцуулсан байх;
Буцаан олголтын гэрчилгээг авснаас хойш 3 сарын дотор Кино урлагийн зөвлөлтэй гэрээ байгуулсан байх шаардлагатай бөгөөд зардлыг уг гэрээг байгуулсны дараа зарцуулсан байх;
Кино урлагийг дэмжих сангаас санхүүжилт аваагүй байх;
Уран бүтээлийн болон зураг авах багийн цалин хөлс нь шаардлага хангасан нийт зардлын 40 хувиас хэтрэхгүй байх;
Гадаад улсын уран бүтээлийн болон зураг авах багийн Монгол Улсад ажилласан хоногийн цалин хөлс нь нийт уран бүтээлийн болон зураг авах багийн цалин хөлсний 50 хувиас хэтрэхгүй байх;
Монгол Улсад байхгүй нь нотлогдсон мэргэжлийн техник, тоног төхөөрөмжийг гадаад улсаас түрээслэн ашигласны зардал нь шаардлага хангасан нийт зардлын 10 хувиас хэтрэхгүй байх;
Бүрдүүлэх материал:
1. Монгол Улсын нутаг дэвсгэрт зураг авах нэгдсэн болон нарийвчилсан төсөв;
2. Кино төслийн болон кино зохиолын хураангуй;
3. Санхүүгийн төлөвлөгөө, хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалтын хувь;
4. Хуулийн этгээдийн гэрчилгээ;
5. Кино түгээлтийн мэдээлэл;
6. Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авах хуваарь;
7. Кино зураг авахад оролцох гадаад улсын уран бүтээлийн болон зураг авах багийн дэлгэрэнгүй жагсаалт, тэдгээрийн Монгол Улсад ажилласан хоногийн цалин хөлсний тооцооны мэдээлэл;
8. Эвлүүлэг, дуу, дүрсний найруулга хийх хуваарь, хэрэв Монгол Улсад хийх бол тухайн эвлүүлэг, дуу, дүрсний найруулгын зардлын мэдээлэл, Монгол Улсын уран бүтээлч, ажилтны мэдээлэл;
Хүсэлт гаргах этгээд буцаан олголтын хүсэлт гаргахдаа кино бүтээх нийт зардлын 60-аас доошгүй хувийг бүрдүүлсэн байна.
Хүсэлт гаргах этгээдийн гаргасан хүсэлт, хэрэгжүүлэх төсөл нь Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчөөгүй, Монголын түүхийг илт гуйвуулах болон дайн, түрэмгийлэл, садар самуун, хүчирхийллийг сурталчлах агуулгагүй байна.
Зөвлөлийн ажлын алба хүсэлт, баримт бичгийн бүрдүүлбэрийг хянан үзэж, шаардлага хангасан бол Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ.
Бүрдүүлбэрийн шаардлага хангаагүй баримт бичгийг хүсэлт гаргасан этгээдэд буцаах буюу хугацаа зааж, холбогдох баримт бичиг нэмэн бүрдүүлэхийг шаардана.
Холбогдох баримт бичгийг заасан хугацаанд нэмж бүрдүүлээгүй бол ирүүлсэн баримт бичгийг хүсэлт гаргасан этгээдэд буцаана.
Зөвлөл буцаан олголтыг хүсэлтийг улирал бүр хэлэлцэнэ.