МОНГОЛЫН КИНО УРЛАГИЙН ХӨГЖЛИЙН ҮЕ – III

Хувьсгал, иргэний болон дэлхийн дайны улмаас хаант засаглал, феодалын нийгмийн тогтолцоо бүхий хуучин дэглэм задарч, улмаар бүгд найрамдах улс орнууд залгамжлан авсан энэхүү түүхэн үйл явц Монгол улсыг ч дайрсан бөгөөд, тухайлбал,  засаглалтай Монгол улсаас Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг байгуулах нийгэм, соёл, улс төрийн үйл хэрэг, үзэл сурталд урлагийн бусад төрлөөс илүү чухал үүрэг оролцоотой нь кино байжээ. Марксист-ленинист гэх коммунист үзэл сурталд суурилсан авч, үндэсний хэлбэр, социалист агуулга, интернационалч онцлог бүхий шинэ Монголд (1924-1992) урлагийн шинэ төрөл, соёлын чухал нэгэн үйлдвэрлэл болж үүсэн бүрэлдсэн кино нь аажмаар үндэсний хэв шинжийг олж,   хүртлээ эрчимжин хөгжихдөө өөрийн гэсэн түүхэн онцлог бүхий он жилүүдийг туулсан аж.

 

Харин  1989 онд Берлиний хана нуран унаж, 1991 онд (хуучнаар) Зөвлөлт Холбоот Улс задарснаар “түүх нь төгссөн” хуучин дэглэмийн халааг хагас ерөнхийлөгчийн, парламентын засаглалд шилжих замаар уламжлан авсан “нэн шинэ Монголын чөлөөт зах зээл, ардчилсан улс төрийн эдийн засаг” өмч хувьчлал, цомхотгол гэх мэт “шок эмчилгээ”-ний улмаас өмнөх 70 гаруй жилд буй болгосон үндэсний кино урлаг болоод үйлдвэрлэлд төдийлөн ээлтэй хандаагүй билээ. Тухайлбал, төлөвлөгөөт эдийн засгийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг байсан “Монгол Кино” үйлдвэрийн уран бүтээлчид, инженер техникийн ажилтан, ажилчид нэн шинэ цагийн капиталист засаглахуйн ухагдахуун, практик болох “менежмент”-ээр “чөлөөт уран бүтээлч” гэх нэрийн дор цомхотголд орж, “өрсөлдөөнтэй” зах зээлийн дүрэм ёсоор үйлдвэрийн техник хэрэгсэл, өмч хөрөнгө улсаас хувьд шилжин, орон даяар хөгжин цэцэглээд байсан кино үзвэрийн сүлжээ нуран устсанаар Монголын кино үйлдвэрлэл чөлөөт уналтад орсон түүхтэй.