АНХНЫ ХАМТАРСАН ТҮҮХЭН КИНО “СҮХБААТАР”
“Сүхбаатар”
МАХН-ын ТХ-ны тэргүүлэгчид, СнЗ-ийн гишүүдийн 1940 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн хурлаас гарсан 30|3 дугаар тогтоолд: “…Тусгаар тогтносон эрх жаргалант хувьсгалт Монгол Улсыг хэрхэн байгуулсан түүхийг үзүүлэх нь улс төрийн ихээхэн утга чанартай зүйл мөн” хэмээн, “Сүхбаатар” киног бүтээх бүх бэлтгэлийг хангаж, “СССР-ийн уран сайхны хороотой хүч хавсарч, үйлдвэрлэхийг харилцан гүйцэтгэвэл зохихыг Гадаад яам, Уран сайхны хүрээлэнд даалгаж” хэмээгээд “улсаас буцалтгүйгээр 300,0 мянган төгрөг олгохыг Сангийн яаманд” зөвшөөрсөн байна.
1940 оны 10 дугаар сарын эхээр “Ленфильм” киностудийн найруулагч А.Г.Зархи, И.Е. Хейфиц нарт уг киног бүтээхийг “Монгол хүү” киноны зохиолч Б.М.Лапин, З.Л.Хацревин нарын “Его зовут Сухэ-Батор” хэмээх зохиол орос хэлээр бичигджээ. 1941 оны 3 дугаар сард зургийн дарга А.Горский тэргүүтэй найруулагч А.Г.Зархи, И.Е.Хейфиц, 2 дугаар найруулагч С.И.Деревянский, оператор А.И.Гинцбург, зураач А.Ф.Босулаев, Сүхбаатарын дүрд тоглох жүжигчин Л.Н.Свердлин, Барон Унгернд тоглох Н.К.Черкасов нар Улаанбаатарт хүрэлцэн ирж, киног бүтээсэн явдал нь манай уран бүтээлчдийн мэргэжлийн түвшнийг ахиулж, киноны нарийн төвөгтэй ажилд мэргэшихэд асар том үүрэг гүйцэтгэсэн “хоёр дахь шатны томоохон сургалт” хэмээн хэлж болно.
Киноны нэрт мастерууд, түүхчид “Сүхбаатар” (Его зовут Сухэ-Батор) киног “Зөвлөлтийн кино урлагийн томоохон бүтээл туурвилын шинэ үзэгдэл” гэж үнэлсэн нь нийгэм, улс төр, соёл иргэншлийн хөгжлийн нөлөөгөөр манай оронд кино урлаг үүсэж хөгжих нөхцөл бүрэн бүрэлджээ хэмээн үзэж болно.