Дэлхийн кино сан (Герман)
Дэлхийн кино сан (Герман)
Дэлхийн кино сан – Берлин олон улсын кино наадам
Холбооны Соёлын сан, Гёте институт, Гадаад хэргийн яам, Германы продюсерууд, Дэлхийн киноны сан нь киноны дэд бүтэц сул бүс нутгуудад кино урлагийг хөгжүүлэх, дэмжихийн зэрэгцээ Германы кино урлагт соёлын олон янз байдлыг бий болгох чиглэлээр ажилладаг. Дэлхийн киноны сан нэмэлт санхүүжилтгүйгээр хийх боломжгүй, уламжлалт бус гоо зүйн арга барилаараа бусдаас ялгардаг, хүчирхэг түүхийг өгүүлдэг, тэдний соёлын язгуурын жинхэнэ дүр төрхийг дамжуулдаг кинонуудыг дэмжин ажилладаг.
Үүнд зөвхөн уран сайхны болон баримтат киноны үйлдвэрлэл, түгээлт хамаарна. Энэхүү тусламж нь Латин Америк, Төв Америк, Карибын тэнгис, Африк, Ойрх Дорнод, Төв Ази, Зүүн өмнөд Ази, Кавказ, Бангладеш, Балба, Монгол, Шри Ланка зэрэг бүс нутагт чиглэж байна.
Продакшнд нэг төслийн хувьд 60.000 хүртэл еврогийн дэмжлэг үзүүлнэ.
Харин төслийн төсөв нь 200.000-1.400.000 евро байх, тусламжийн хувь нь үйлдвэрлэлийн нийт зардлын 50 хувиас хэтрэхгүй байх, уг хөрөнгийг тухайн киног хийх улс орнуудад зарцуулах ёстой.
Түгээлтийн дэмжлэгийн хувьд нэг төсөлд 10.000 хүртэл евро олгодог.
Германы дистрибьюторууд Герман дахь Дэлхийн кино сан бүс нутгуудаас кино түгээхэд зориулж, 10.000 еврогоос хэтрэхгүй түгээлтийн санхүүжилт авах хүсэлт гаргаж болно. Тусламжийн хувь түгээлтийн нийт зардлын 50 хувиас хэтрэх ёсгүй ажээ.
Вижионс суд эст (Швейцарь)
Вижионс суд эст (Швейцарь)
Вижионс суд эст (Швейцарь)
Тус сан нь Ази, Африк, Латин Америк, Зүүн Европын орнуудын уран бүтээлчдийн кино бүтээлүүдийг дэмжиж, дэлхий дахинд таниулах зорилготой бөгөөд Швейцарьт түгээх баталгаа болдог. Төсөл дэмжигдсэн тохиолдолд Швейцарь улсад түгээлт хийх бүх эрх энэхүү санд шилжинэ.
Вижионс суд эст нь Швейцарь болон Европт бүрэн хэмжээний (дор хаяж 70 минутын хугацаатай), өмнөд болон зүүн бүсийн пост-продакшн шатанд явж буй кино бүтээл, баримтат киноны бие даасан продакшн, цаашдын түгээлтийг дэмжинэ. Энэхүү дэмжлэг нь тухайн улс орны кино үйлдвэрлэлд “хурдасгуур” нөлөө үзүүлэхийг зорино.
Санхүүгийн дэмжлэг авахыг хүссэн бүх төслийг зөвхөн Өмнөд (Африк, Латин Америк, Ази) эсвэл Зүүн Европын (ЕХ-ны гишүүн орнуудаас бусад) аль нэг улсад байрладаг, эдгээр улсын кино найруулагчдын киног тогтмол үзүүлдэг компани санал болгох ёстой. Тиймээс төслийн гол хэсгийг эдгээр улс оронд, онцгой нөхцөл байдлаас бусад тохиолдолд орон нутгийн болон бүс нутгийн хэлээр байхыг шаарддаг.
Тус сан нь хоёр төрлийн дэмжлэг үзүүлдэг. Үүнд:
– Төслийн техник эдийн засгийн үндэслэлийг нотолсон төслийн баримт бичигт үндэслэн уран сайхны кино зураг авалтыг дэмжих (Хүсэлт гаргахаас өмнө санхүүжилтийн 30-аас доошгүй хувийг олсон байх хэрэгтэй).
– Уран зохиолын болон баримтат киноны эхний эвлүүлэг, эцсийн концепцийг дэмжих зэрэг юм.
Уран сайхны кино төслийг 50.000 хүртэл, зураг авалтын дараах шатанд явж буй кино төсөлд 20.000, баримтат киног 10.000 швейцарь франкаар дэмжинэ.
Энэхүү дэмжлэгийг авсанаар Швейцарь улсад дэлхийн түгээлтийн эрх нь шилждэг.
Кроссинг Бордэрс (Герман)
Кроссинг Бордэрс (Герман)
Кроссинг Бордэрс (Герман)
Кроссинг Бордэрс хөтөлбөр нь бүтээлдээ нийгмийн тулгамдсан асуудлыг хөндөж, өөр өөр соёл, нийгэмд үзүүлэх нөлөөллийг тусгахыг эрмэлздэг зохиолч, кино найруулагч, гэрэл зурагчдад олон улсын судалгааны тэтгэлэг олгодог. Хөтөлбөрийн зорилго нь нийгмийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх, харилцан яриа өрнүүлэх, харилцан ойлголцлыг дэмжихүйц хэвлэл мэдээллийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх явдал юм.
Тус хөтөлбөрт уран зохиол болон эсээ, гэрэл зургийн бүтээл, хүүхэд залуучуудын уран зохиол, уран сайхны болон баримтат кино, радио эсвэл мультимедиа бүтээл зэрэг төрөл бүрийн бүтээл хамрагдах боломжтой.
Мөн Африк, Ази, Европын орнуудын герман хэлээрх хэвлэлүүдийн судалгааг дэмждэг. Түүнчлэн Хятад (Тайвань, Макао, Хонгконг орно), Энэтхэг, Индонези, Япон, Вьетнам зэрэг орны зохиолч, кино найруулагч, гэрэл зурагчид ХБНГУ-д судалгаа хийх санхүүжилт авах боломжтой.
Жаст фильмс (АНУ)
Жаст фильмс (АНУ)
Жаст фильмс (АНУ)
Тус байгууллага нь Форд сангийн санаачилгаар нийгмийн шударга ёсны тулгамдсан асуудлуудыг судалж, тэгш бус байдлыг бүх хэлбэрээр эсэргүүцэх, бие даасан кино болон шинээр гарч ирж буй хэвлэл мэдээллийн төслүүдийг дэмжих, улмаар тэдгээр төслийг цаашид хэрэгжүүлэхэд туслах зорилготой. Санхүүжилтээ нийгмийн шударга ёсны тухай түүх болоод XXI зууны дэд бүтэц гэсэн хоёр чиглэлд хуваарилдаг.
XXI зуунд шударга ёс, эрх тэгш байдлыг эрэлхийлэхэд кино урлаг нь амин чухал хэмээн үздэг аж.
Жаст фильмс нь баримтат киноны практикт онцгой анхаарал хандуулж, кино, видео болон шинээр гарч буй хэвлэл мэдээллийн платформоор дамжуулан, тэгш бус байдлыг бууруулах чиглэлээр ажилладаг хувь хүмүүс, байгууллага, сүлжээг дэмждэг. Энэ салбарт нөөц бололцоогоо нэмэгдүүлэх, уран бүтээлчдийг манлайлагч болгон хөгжүүлэх, тэдний дуу хоолойг нэмэгдүүлэх, төслийн үр нөлөөг дээшлүүлэхэд шаардлагатай арга хэрэгсэл нь болж тэдний авьяасыг дэмжихийг хичээдэг.
Тэтгэлэг горилсон бүхий л төслийг ихэвчлэн эмзэг бүлгийн хүн амд хандуулдаг бөгөөд урлагийн чанар, орчин үеийн хамаарал, стратегийн нөлөөлөл, Форд сангийн тэргүүлэх чиглэлүүдтэй нийцсэн эсэх, нийгмийн хэвшмэл байдал, итгэл үнэмшил, үнэт зүйлсийн тогтолцоог өөрчлөх боломж, бүтээлч байдал, инновац зэргийг харгалзан үнэлж шалгаруулна.
Хуберт Балс сан (Нидерланд)
Хуберт Балс сан (Нидерланд)
Хуберт Балс сан (Нидерланд)
Хуберт Балсын сан нь Африк, Ази, Латин Америк, Ойрх Дорнод, Зүүн Европын зарим орны шинийг санаачлагч, авьяаслаг кино найруулагчдын уран сайхны кино бүтээлд туслах зорилготой.
Уг сан төслийн санхүүгийн талыг нарийвчлан авч үзэхээс гадна агуулга, уран сайхны үнэ цэнд голлон анхаарч дэмжлэг үзүүлдэг. 1989 онд үүсгэн байгуулагдсан тус сан бие даасан кино уран бүтээлчдийн нийт 1000 гаруй төслийг дэмжжээ. Эдгээр төслийн 80 орчим хувь нь хэрэгжсэн буюу одоо хэрэгжиж байна.
Хуберт Балсын сан нь санхүүжилтийн хэд хэдэн системийг санал болгодог. Үүнд: Зохиол болон төсөл боловсруулах, эсвэл зураг авалтын үед зориулсан санхүүжилт. Аннхны болон хоёр дахь киногоо бүтээж буй найруулагчдад зориулсан “Гэрэлт ирээдүй”, туршлагатай кино найруулагчдад зориулсан “Дуу хоолой” гэсэн хоёр дэд ангилалд кино зохиол болон төсөл хөгжүүлэх шатны санхүүжилтийг олгоно.
ЭЗЭФ (Герман)
ЭЗЭФ (Герман)
ЭЗЭФ (Герман)
Эзэф нь протестант сүмтэй холбоо бүхий арилжааны бус байгууллага юм. Энэхүү байгууллага нь хөгжлийн янз бүрийн үе шат дахь төслүүдийг дэмжих зорилготой бөгөөд Африк, Ази, Латин Америкийн киног Германд ашиглах арилжааны бус эрхийг худалдаж авдаг. Энд өргөдөл гаргахад Герман/Европын хамтарсан продюсер шаарддаггүй, тэдэнтэй шууд холбогдох боломжтой.
Дохагийн кино хүрээлэн (Катар)
Дохагийн кино хүрээлэн (Катар)
Дохагийн кино хүрээлэн (Катар)
Доха кино хүрээлэнгийн кино санхүүжүүлэх санаачилгууд нь Катар болон дэлхийн өнцөг булан бүрд амьдардаг кино уран бүтээлчдэд уран бүтээл, санхүүгийн дэмжлэг үзүүлж, уран сайхны ур чадвараа нээх, бүтээлээ үр дүнтэй гүйцэтгэх, сайн чанарын кино хийхэд тусалдаг.
Тус байгууллага санхүүгийн дэмжлэгийг хоёр хэлбэрээр олгодог. Үүнд:
1.Дохагийн кино хүрээлэнгийн тэтгэлэгт хөтөлбөр нь Катар улсын кино уран бүтээлчид болон дэлхийн өнцөг булан бүрээс анхны болон хоёр дахь удаагаа сонгогдсон кино найруулагчдад төслийн Пре-продакшн, Продакшн, Пост-продакшн явцад санхүүжилтийг олгодог.
Уг хөтөлбөр нь кино төслийн дуу хоолойг олох, төгсөгчдийн дунд кино найруулагчдын нийгэмлэгийг хөгжүүлэх, уран бүтээлчдийн бүтээлч харилцан үйлчлэлийг дэмжих зорилготой.
2.Соёлын хамааралтай, арилжааны ашигтай кино төслүүдтэй стратегийн түншлэлээр хөрөнгө оруулдаг Доха кино хүрээлэнгийн хамтын санхүүжилт нь Катарын кино найруулагчдад кино төслөө бүтээл болгох, олон улсын хамтарсан бүтээл хийх боломж олгосноор Персийн булангийн бүх нутгийн үйлдвэрлэлийг бэхжүүлэх зорилготой.
Синэворлд (Люксембург)
Синэворлд (Люксембург)
Синэворлд (Люксембург)
Синеворлд нь тус бүс нутагт амьдардаг гадаадын кино найруулагч, продюсер, уран бүтээлчдийг дэмжих, орон нутгийн аудио-визуал салбарын ажилчдын уламжлалт хэв маягийг шинэчлэн хөгжүүлэх зорилготой юм.
Синеворлд нь уран сайхны, хүүхэлдэйн, баримтат киноны үйлдвэрлэлд зориулсан санхүүжилтийн схем бөгөөд эндээс тэтгэлэг горилогч нь наанадаж, бүрэн гүйцэтгэсэн нэг бүтээлтэй байхыг шаарддаг. Харин А зэрэглэлийн кино наадамд өрсөлдөх чадамж бүхий бүтээлтэй байвал давуу тал болно.
Мөн кино бүтээлийн нийт төсөв нь 1.25 сая еврогоос хэтрэхгүй байх ёстой.
Синеворлд нь уран сайхны кино төсөлд 200.000 хүртэл, 350.000 евро хүртэлх төсөв бүхий баримтат кинонд 55.000 еврогоор хязгаарласан байдаг. Люксембургийн кино сангаас олгосон дэмжлэгийн 50-аас доошгүй хувийг тухайн нутаг дэвсгэрт зарцуулах ёстой бөгөөд үүнд 50.000 евро хүртэлх анимэйшн, 17.000 евро хүртэлх баримтат киноны төслүүд хамаардаггүй.
Тус кино санд ирүүлсэн бүтээлүүд нь уламжлалт хэв маягаас эрс ялгаатай байх ёстой агаад киноны санхүүжилтийн эх үүсвэргүй, хязгаарлагдмал, геополитик болон эдийн засгийн хүчин зүйлийн улмаас кино үйлдвэрлэлд саад учруулдаг улс орнуудад түлхүү анхаардаг.
Синерич (АНУ)
Синерич (АНУ)
Синерич (АНУ)
Синерич нь сонирхолтой кино зохиол, дүрслэлийн урыг хослуулан бүтээх уран сайхны болон уран сайхны бус бүрэн хэмжээний кино бүтээлүүдийг дэмжих зорилготой байгууллага юм.
Уран бүтээлчдэд олгох уг дэмжлэг нь төслийн аль ч үе шатад зориулагдаж болох бөгөөд санхүүжилт нь 5000-50.000 америк доллар байна.
Мөн тус байгууллага нь уран бүтээлчдэд буцалтгүй тусламж олгохоос гадна тэдний дэмждэг авьяаслаг, тууштай, бүтээлч хүмүүстэй урт удаан, утга учиртай харилцаа тогтоохыг эрмэлздэг.
Тэтгэлэг авсан найруулагчидтай байнга харилцаж, уран бүтээлчдийн хамтын ажиллагааны гүүр болдог. Тэтгэлэгт хамрагдахыг хүсэж буй кино төслүүдийн урт 60 минутаас доошгүй байх ёстой.