Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл, Кино гүүр хөгжлийн холбоо НҮТББ нар хамтран “Хархорум” олон улсын кино наадмыг арванхоёрдугаар сарын 07-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Монголын кино урлагийн салбарт гадаадын уран бүтээлчдийн анхаарлыг хандуулах, хамтран ажиллах, дотоодын кино үйлдвэрлэлийг олон улсын жишигт хүргэх зорилгыг хэрэгжүүлэхэд “ХАРХОРУМ” олон улсын кино наадмын үйл ажиллагаа томоохон түлхэц болох зорилготой.
“Хархорум” олон улсын кино наадам нь жил бүр онцлог нэгэн сэдэвт анхаарал хандуулах ба тухайн сэдвээр сүүлийн хоёр жилд бүтээсэн уран сайхны кинонуудыг сонгон оролцуулж шилдэг уран сайхны кино, шилдэг баримтат кино, тухайн сэдвийн ивээн тэтгэгчийн нэрэмжит шагнал гэсэн нэр хүндтэй гурван шагналын төлөө өрсөлдүүлэх ба өрсөлдсөн бусад кино Наадмын “Official selection”-ийн тэмдэг авна.
Мөн наадмыг жил бүр Монголын нэг шинэ бүтээлээр нээх ба наадам нь уралдаант хэсэг, уралдаант бус хэсэг, чадавхжуулалтын хөтөлбөр, кино үзвэр гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.
Кино урлагт олон улсын стандартыг хэрэгжүүлж, киноны бизнесийг улс орныхоо болон дэлхийн хэмжээнд хөгжүүлэхийн төлөө ажиллах юм.
Тус наадам нь жил бүр Монголын болон олон улсын шилдэг кино мэргэжилтнүүдийн ур чадварыг нэгтгэж, кино урлагийн дээд амжилтыг хамтдаа тэмдэглэх эхлэлийг тавих юм.
“ХАРХОРУМ” ОЛОН УЛСЫН КИНО НААДАМ-2023
“ХАРХОРУМ” Олон улсын кино наадмын 2023 оны сэдэв нь “Хүний эрх 75” (“HUMAN RIGHTS-75”) бөгөөд хүний эрх, үндсэн эрх чөлөөг сурталчлах, нийтлэг ойлголт, сэдэвчилсэн мэдлэгийг таниулах, кино урлагаар дамжуулан хүний эрхийг дээдлэх зөв хандлагыг төлөвшүүлэх зорилготой. Учир нь дэлхий даяар хүний эрхийг дээдэлж, аливаа ялгаварлалаас ангид бүх талаар тэгш эрхтэй байхыг баталгаажуулсан Хүний эрхийн түгээмэл тунхаг батлагдсаны 75 жилийн ой энэ жил тохиож байна. Монгол улс НҮБ-д 1961 онд гишүүнээр элсэн орсон цагаас эхлэн энэхүү тунхгийг хэрэгжүүлж байгаа билээ.
Түүнчлэн 2023 оноос эхлэн зохион байгуулж буй “Хархорум” олон улсын кино наадмын захирал нь Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны дарга байх ба энэ жилийн хувьд Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны дарга Ч.Ундрал ажиллаж байна.
Тус кино наадмын уран бүтээлийн бодлого эрхэлсэн захиралаар Н.Цогтбаяр болон Хөтөлбөр боловсруулагч нараар Б.Онон, Мариа Разакамболи, Ким Ян Ву, Н.Цогтбаяр нар ажилласан бол шүүгчээр найруулагч, зохиолч Малколм Кларк (Оскарын шагналт найруулагч), жүжигчин Ким Хе На, кино зохиолч, найруулагч Н.Уранчимэг, жүжигчин С.Ариунбямба, хуульч Ч.Алтангэрэл нар ажиллана.
“Хархорум” олон улсын кино наадмын үеэр буюу арванхоёрдугаар сарын 07-12-ны өдрүүдэд нийт 15 улсын 22 киноны 45 удаагийн кино үзвэрийг толилуулахаар төлөвлөж байна.
Тэдгээр нь Венец, Пусан, Берлин, Токиогийн кино наадмын болон Оскарын шагналт найруулагчдын шилдэг уран бүтээл багтаж буй билээ. Харин наадмын уралдаант хэсэгт 9 орны 14 кино өрсөлдөж байна.
Мөн “Хархорум” олон улсын кино наадмын үеэр кино урлагийн сабарын уран бүтээлчдийг чадавхжуулах мастер класс, сургалтыг зохион байгуулна. Үүнд:
XII.08 “КИНО НААДАМД КИНО БҮТЭЭЛИЙГ БЭЛДЭХ НЬ” мастер класс
XII.09 “ХҮНИЙ ЭРХИЙГ КИНОГООР ХҮҮРНЭХҮЙ” сургалт
XII.10 “ХҮНИЙ ЭРХИЙГ КИНОГООР ТУНХАГЛАХУЙ” олон нийтэд зориулсан нээлттэй форумыг тус тус зохион байгуулна.
Наадамд Солонгосын алдарт найруулагч Чунг Жи Ян, найруулагч, продюсер Хан И, продюсер Жун Санг Мин, продюсер Эллен Ким, продюсер И Жонг Хо, продюсер, эвлүүлэгч Федерико Бежар, найруулагч Вахагн Хачатрян, кино найруулагч Арен Малакян, жүжигчин Стефани Ариэнн нар хүрэлцэн ирж оролцох юм. Иймээс Монголын кино урлагийн салбарын уран бүтээлчид болон үзэгчид дэлхийн томоохон кино наадмуудын захирал, хөтөлбөр боловсруулагчидтай уулзах боломжтой ба мастер класс, сургалтад нь хамрагдаж, нэр хүндтэй кино найруулагч нартай биечлэн уулзан ярилцах, зөвлөгөө авах боломж бүрдэх аж.
Кино наадмыг зохион байгуулахад Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх Хүний эрхийн үндэсний хороо, Хүний Эрхийн Үндэсний Комисс, Соёлын яам болон бусад байгууллагууд хамтран ажиллаж байна.