Итали улсын Венец хотноо 79 дэх удаагийн Венецийн Олон улсын кино наадам долоо дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.
Наадмын үеэр Монголын кино урлагийн зөвлөл хэвлэлийн хурлыг амжилттай зохион байгууллаа. Тус хурлаар Монголын кино урлагийн зөвлөлөөс удахгүй хэрэгжүүлэх гэж буй төсөл болох “Кино бүтээх зардлын буцаан олголтын урамшуулал” болон “Кино бүтээх хамтарсан төслийн дэмжлэг”-ийн талаар танилцуулахын зэрэгцээ Монголын улсын засгийн газар нь кино урлагийн салбарыг соёлын салбарын “Тэргүүлэх чиглэл”-ээ болгон ажиллаж буйг онцлон дурдав.
Танилцуулгын дараа оролцогчид буцаан олголтын урамшуулал, зураг авалтын онцгой байршлаас гадна Монголын кино үйлдвэрлэлийн салбарын суурь түвшин, техник технологийн байдал, хамтран ажиллах боломжтой уран бүтээлчдийн талаар сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлэв.
Тус наадмын “ORIZZONTI” уралдаант хэсэгт оролцож байгаа найруулагч П.Лхагвадуламын “Есдүгээр сарын цас” богино хэмжээний кинонд хамтран ажилласан Францын Аврора Фильм компанийн продюсер Катя Казак хурлын үеэр Монголын уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, Монгол улсад кино зураг авалт хийсэн туршлагаа хуваалцлаа.
9 сарын 4-ны өдрийн уг хурлын мэдээллийг Венецийн Олон улсын кино наадмын “Variety”, “Just Cinema” сэтгүүлүүдэд нийтлэх юм.