Бүгд Найрамдах Франц улсын Канн хотноо 2024 оны тавдугаар сарын 14-25-ны өдрүүдэд зохион байгуулагдсан 77 дахь удаагийн Каннын Олон улсын кино наадамд Соёлын яамны харьяа Кино урлагийн зөвлөл болон Монгол Улсын уран бүтээлчид амжилттай оролцов.
Олон улсын тэргүүлэх зэрэглэлийн тус кино наадамд Монгол Улсын кино урлагийн салбарын эрх зүйн орчин, шинэ кино уран бүтээлийг сурталчлах, Монгол Улсад кино зураг авалт хийх санал болон өвөрмөц тогтоц бүхий зураг авалт хийх боломжтой онцгой байршлууд, Кино урлагийн зөвлөлийн үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилготойгоор гурав дахь жилдээ оролцож байна.
“MONGOLIAN PITCH SESSION IN CANNES” АРГА ХЭМЖЭЭ
Энэ жилийн хувьд Кино урлагийн зөвлөлөөс сонгон шалгаруулалт зарлаж шалгарсан таван уран бүтээлчийг Каннын Олон улсын кино наадамд оролцуулж олон улсын хамтарсан кино төсөл бүтээх боломж бий болгох зорилгоор “Mongolian Pitch Session in Cannes” арга хэмжээг зохиосноороо онцлог боллоо.
Энэхүү арга хэмжээнд дараах таван кино төслийг танилцуулсан.
- Найруулагч Наянцогт болон продюсер А.Өнөржаргал нарын “The Underdogs: A Saga of Basketball” спортын уран сайхын кино төсөл
- Найруулагч Н.Анхбаяр болон продюсер Ц.Нямдулам нарын “Жагаа жолооч хоёр” драматик комеди уран сайхны кино төсөл
- Найруулагч А.Пүрэвдорж, продюсер Г.Ариунзаяа нарын “Цасан шуурга яг л Цыган хийл шиг уйлна” уран сайхны кино төсөл
- Найруулагч Ш.Ихбаярын “Угалз” уран сайхны кино төсөл
- Найруулагч О.Болорчимэгийн “The Seeds Of Love” анимэйшн бүтээлийн төсөл
“Mongolian Pitch Session in Cannes” арга хэмжээ тавдугаар сарын 19-ний өдөр хоёр үе шаттайгаар зохион байгуулагдсан юм.
Арга хэмжээний эхний хэсэгт уран бүтээлч тус бүр өөрийн төслийн товч агуулгыг танилцуулсан бол дараагийн хэсэгт уран бүтээлчдийг таван ширээнд хуваарилан олон улсын продюсеруудтай тойргоор уулзаж тодорхой мэдээлэл авч, чөлөөт ярилцлага өрнүүлэв.
“HAPPY HOUR” ҮЙЛ АЖИЛЛАГАА
Мөн 77 дахь удаагийн Каннын Олон улсын кино наадмын хүрээнд Кино урлагийн зөвлөл Монгол Улсын албан ёсны павильондоо “Happy hour” үйл ажиллагааг зохион байгуулж, олон улсын кино уран бүтээлчдийг урьж оролцууллаа.
Тус арга хэмжээний үеэр Кино урлагийг дэмжих тухай хууль болон Монгол орны өвөрмөц тогтоц бүхий онцгой байршлууд, Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авахад олгох буцаан олголтын талаарх мэдээллийг хүргэсэн юм.
КИНО УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ КАННЫН КИНО НААДМЫН ҮЕЭР БУСАД ОРНЫ КИНО ХОРООДТОЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
77 дахь удаагийн Каннын Олон улсын кино наадмын үеэр Азийн кино хороодын сүлжээний (Asian Film Commissions Network) гишүүн орнуудын уулзалт тавдугаар 19-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Энэхүү уулзалтад Кино урлагийн зөвлөл бөгөөд Ажлын албаны дарга Ч.Ундрал болон Кино урлагийн зөвлөлийн гишүүн Т.Номуунзул нар оролцов.
Уулзалтаар Азийн кино хороодын сүлжээний гишүүн орнуудад Монгол Улсын нутаг дэвсгэрт зураг авалт хийхэд олгох буцаан олголт болон Монгол орны онцгой байршлуудыг сурталчлах, мэдээлэл хүргүүлж, түгээх талаар ярилцаж тохиролцлоо.
Азийн Кино Хороодын Сүлжээ (Asian Film Commissions Network) нь Ази дахь кино хороо болон мэргэжлийн кино агентлагуудыг дэмжих зорилготой бөгөөд Азид хамгийн томд тооцогдох, ашгийн бус олон улсын кино холбоо юм. Энэхүү Азийн кино хороодын сүлжээнд Монгол Улсын Соёлын яамны харьяа Кино урлагийн зөвлөл нь 2024 оны гуравдугаар сард 27-нд албан ёсоор элсэн орсон юм.
Түүнчлэн кино наадмын үеэр AFCI (Association of Film Commissioners International) гишүүн орнуудын ээлжит уулзалт тавдугаар сарын 20-ны өдөр амжилттай боллоо. Тус уулзалтад Кино урлагийн зөвлөл бөгөөд Ажлын албаны дарга Ч.Ундрал, Зөвлөлийн гишүүн Т.Номуунзул, КУЗ-ийн Ажлын албаны Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Г.Номин-Эрдэнэ нар оролцсон юм.
Мөн кино наадмын дэргэдэх ”Marche Du Film” кино маркетийн хүрээнд Кино урлагийн зөвлөл нь гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Кино урлагийн зөвлөлийн дарга Ч.Ундрал, Зөвлөлийн гишүүн Т.Номуунзул нар Азийн кино хороодын сүлжээний гишүүн 7 орны төлөөлөл болон Европын кино хороодын холбооны гишүүн 37 орны төлөөлөгчидтэй уулзалт хийж, туршлага солилцож, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.