“Кино жүжигчид болон орлон тоглогчид”-ын уулзалт, хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа
Соёлын Яамны харьяа Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөлөөс зохион байгуулж буй Кино урлагийн салбарын 2023 оны уулзалт, хэлэлцүүлгийн хүрээнд “Кино зохиолч, судлаач, шүүмжлэгч, найруулагч, продюсерүүд”, “Кино холбоо”, “Кино Зураглаач, Гэрэлтүүлэгч, Зураач, Нүүр хувиргагч”, “Эвлүүлэгч, хөгжмийн найруулга, дууны инженер, техникийн ажилтнууд”, “Кино түгээлт, IPTV/Видео сан/, ОТТ компаниуд” зэрэг таван уулзалт, хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт амжилттай зохион байгуулсан.
Харин өнөөдөр буюу (3 дугаар сарын 13)-нд “Кино жүжигчид болон орлон тоглогчид”-ын хүрээнд зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлгийн үеэр Кино урлагийг дэмжих тухай хууль, хуулийг даган албажсан журмын танилцуулга болон Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны ажиллах журам, чиг үүргийн талаар танилцуулав.
Түүнчлэн Кино жүжигчид болон орлон тоглогчдын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцлээ. Мөн урт болон богино хугацаанд ямар стратеги төлөвлөгөө боловсруулж, хэрхэн хамтран ажиллах тухай санал, хүсэлт солилцсон юм. Үүнд орлон тоглогч нар “Орлон тоглогчдын тулгамдаж байгаа гол асуудал бол эрүүл мэндийн даатгал. Тийм учраас орлон тоглогчдыг эрүүл мэндийн даатгалд хамруулах тал дээр бодлогын хүрээнд дэмжиж ажиллахыг хүсье” гэв. Харин жүжигчдийн төлөөллөөс шинэ залуу боловсон хүчинг бэлдэх, кино урлагийн салбарын жүжигчид нэгдэн нийлэх, кино урлагийн салбартаа хувь нэмэр оруулах чин хүсэл эрмэлзэлтэй байгаа гэдгийг илэрхийлсэн билээ.
Өнөөдрийн уулзалтад Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны дарга Ч.Ундрал, Кино урлагийн зөвлөлийн гишүүн Н.Ганхуяг, Н.Уранчимэг, Г.Энхбаяр нар болон кино жүжигчид, орлон тоглогчдын 20 гаруй төлөөлөгчид оролцсон юм. Тодруулбал кино жүжигчдийн бүрэлдэхүүнд МУАЖ С. Сарантуяа, МУСТА Д. Бямбацогт, жүжигчин А.Мөнгөнзул, Б.Батзаяа зэрэг уран бүтээлчид хүрэлцэн ирж үзэл бодлоо илэрхийлсэн боловч салбарын бусад уран бүтээлч нар төдийлэн идэвхтэй хамрагдаагүй юм.