КАННЫН ОЛОН УЛСЫН КИНО НААДАМД АЗИЙН ОРНУУДЫН КИНО ХОЛБООДЫН НЭГДСЭН АНХНЫ СҮЛЖЭЭГ МОНГОЛ УЛС ХАМТРАН ҮҮСГЭН БАЙГУУЛЛАА

КАННЫН ОЛОН УЛСЫН КИНО НААДАМД АЗИЙН ОРНУУДЫН КИНО ХОЛБООДЫН НЭГДСЭН АНХНЫ СҮЛЖЭЭГ МОНГОЛ УЛС ХАМТРАН ҮҮСГЭН БАЙГУУЛЛАА
КАННЫН ОЛОН УЛСЫН КИНО НААДАМД АЗИЙН ОРНУУДЫН КИНО ХОЛБООДЫН НЭГДСЭН АНХНЫ СҮЛЖЭЭГ МОНГОЛ УЛС ХАМТРАН ҮҮСГЭН БАЙГУУЛЛАА
Монгол Улсын Засгийн газрын 73 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсын кино уран бүтээлчид Соёлын яам, Монголын кино урлагийн зөвлөлийн зохион байгуулалт дор Бүгд Найрамдах Франц Улсын Канн хотноо 2023 оны 5 дугаар сарын 16-27-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Каннын 76 дахь удаагийн олон улсын кино наадамд өөрийн улсын албан ёсны павильоныг байгуулан амжилттай оролцож байна.
Энэхүү олон улсын тэргүүлэх зэрэглэлийн кино наадамд Монгол Улсын кино урлагийн салбарын эрх зүйн орчин, Кино урлагийн зөвлөлийн үйл ажиллагаа, шинэ кино уран бүтээлийг сурталчлах, Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан олон улсын кино уран бүтээлчдийг Монгол Улсад кино зураг авалт хийх санал болон өвөрмөц тогтоц бүхий зураг авалт хийх боломжтой онцгой байршлууд, монголчуудын уламжлал, өв соёл, ёс заншил болоод киноны салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, хувь уран бүтээлчдийн үйл ажиллагааг сурталчлан олон улсын кино наадмууд болон бусад орны кино урлагийн зөвлөл, кино сан, продакшнуудын төлөөлөлтэй хоёр талын уулзалт хийж хамтарсан кино бүтээл/co-production/ гаргах, Монгол Улсад кино зураг авалт хийх асуудлаар санал солилцлоо.
Кино наадмын хүрээнд кино салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, хамтарсан кино бүтээх төсөл хөтөлбөрийн асуудлаар Малайз, Япон, Франц, Их Британи, Морокко, Индонез, Филиппин, Сингапур, Тайвань зэрэг улсын кино зөвлөлийн удирдлагуудтай уулзалт хийсэн бөгөөд 05 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын албан төлөөлөгчид Каннын олон улсын кино наадмын дэргэдэх “Marche du Film Market”-ийн хүрээнд Азийн орнуудын засгийн газрын кино урлагийг дэмжих зөвлөл болон агентлагуудын дугуй ширээний хэлэлцүүлэгт оролцлоо. Энэхүү хэлэлцүүлэгт Бүгд Найрамдах Солонгос улс, Монгол, Филиппин, Сингапур, Тайвань, Малайз, Индонез зэрэг долоон орны кино урлагийн зөвлөлүүд оролцлоо. Тус уулзалтаар Азийн кино урлагийн зөвлөлүүд цаашид хамтран ажиллах, Азийн киноны соёлыг түгээх, эдийн засгийн эргэлтэнд оруулах, зах зээлийг тэлэх зэрэг хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Хэлэлцүүлгийн хүрээнд дараах дөрвөн хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцэж баталлаа.
1. Хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор улс хооронд туршлага солилцох, кино мэргэжилтнүүдийг бэлтгэх, сургах
2. Азийн кино зөвлөлүүдийн нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, мэдээлэл солилцон хамтран ажиллах
3. Долоон орны хооронд хамтарсан кино төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажиллах
4. Улс орнуудын соёл уламжлал, түүхийг хүндэтгэн харилцан хамтран ажиллах
Дээрх дөрвөн чиглэлийн хүрээнд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлж, AFAN (Asian Film Alliance Network) Азийн кино холбоодын нэгдсэн сүлжээг үүсгэн байгууллаа. Тус нэгдсэн сүлжээний дараагийн уулзалт хэлэлцүүлгийг 28 дахь удаагийн Бусаны Олон Улсын кино наадмын үеэр зохион байгуулж, Япон, Вьетнам зэрэг Азийн бусад улс орнуудыг хамруулан хамтран ажиллахаар төлөвлөлөө.
Тус уулзалтын дараа Бүгд Найрамдах Солонгос Улсын Кино зөвлөл болон Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөл Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагааны санамж бичигт дараах зургаан чиглэлийг тусгасан.
– Улс хоорондын Соёл уламжлал, түүхийн онцлогийг хүндэтгэж хамтран ажиллах
– Хамтарсан кино төслийг хөгжүүлэн ажиллах
– Хоёр улсын кино түгээлтийг дэмжин ажиллах
– Кино мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор сургалт, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, Бакалавр, магистр, докторын түвшинд боловсон хүчнийг чадавхжуулах
– Монгол, Солонгосын кино наадмуудад хоёр тал өөрсдийн кинонуудыг онцлон гаргах, хоёр улсын кино уран бүтээлчдийг түлхүү дэмжин оролцох
– Уг харилцан ойлголцлын санамж бичгийг хэрэгжүүлэх зорилгоор төлөөлөгчдийг томилох
Бүгд Найрамдах Солонгос Улсын Кино зөвлөлийн дарга Пак Ки Ёон “Монголын кино урлагийн хөгжилд Солонгос улсын кино зөвлөл бүхий л талаар дэмжин ажиллахдаа таатай байх болно” гэж уулзалтын үеэр мэдэгдлээ.
Наадмын үеэр зохион байгуулагдсан “Ази-Европын орнуудын мэдээлэл солилцох бага хурал”-аар AFAN буюу Азийн орнуудын кино холбоодын сүлжээг байгуулсан болохыг албан ёсоор зарлаж, Европын кино холбоодын удирдлагуудын ассоциаци /EFAD/-тай хамтран ажиллаж, туршлага солилцон үйл ажиллагааг сайжруулахаар тохиролцлоо.
Мөн түүнчлэн кино уран бүтээлчдийн чадавхыг сайжруулах, хүний нөөц, мэргэжилтэн бэлтгэх “My lab” олон улсын хөтөлбөрт Монгол Улсыг албан ёсны түнш улс болохоор тохиролцлоо.