Соёлын яамны харьяа Кино урлагийн зөвлөл нь 2022 оны 9-р сарын 14-19-ний өдрүүдэд FAMILIARIZATION TOUR 2022 үйл ажиллагааг зохион байгуулахаар бэлтгэж байна. Тус арга хэмжээнд Их Британи, Америкийн Нэгдсэн улс, Тайландын Хаант улс, Бүгд Найрамдах Солонгос улс зэрэг улс орнуудаас дэлхийн томоохон студи, продакшн болох Warner Bros, Netflix, HBO, Paramount Pictures, Living films, Discovery зэрэг кино бүтээгч компаниудын продюсерүүд оролцох юм.
Монгол улсад Кино урлагийг дэмжих тухай хууль бий болсонтой холбогдуулан хамтарсан кино бүтээх болон кино бүтээх зардлын буцаан олголтын хөтөлбөр, урамшууллын талаарх мэдээллийг танилцуулах, Монголын кино урлагийн зөвлөлийн үйл ажиллагааг олон улсад сурталчлах, Монгол орны үзэсгэлэнт байгаль, өвөрмөц тогтоц бүхий газар нутгийг үзүүлэх цаашлаад Ерөнхий сайд, Соёлын сайд болон бусад холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хийн, санал солилцож цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэгдэнэ.
Уг Fam Tour 2022 үйл ажиллагаанд “Wonder Women 1984”, “Greenland”, “Hangover”, “Sense 8”, “Avengers: The Age of Ultron” зэрэг киноны продюсерүүд хүрэлцэн ирэхээр төлөвлөж байна. Энэхүү уран бүтээлчид нь “Fam Four 2022” үйл ажиллагаагаар Монголын кино уран бүтээлчдийн хийсэн павильон, студи, зураг авалтын талбай, продакшнаар зочлохоос гадна Монголын шилдэг кино бүтээгчид, найруулагч, продюсерүүдтэй хамтарсан уран бүтээл хийх тухай санал солилцох, уран бүтээлчдийг дэмжих уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.