Баянхонгор аймгийн төв нь Баянхонгор юм. Нийслэл Улаанбаатар хотоос 630 км зайд, далайн түвшнээс дээш 1859 м өндөрт, Түйн голын хөндийд 71 км2 талбай эзлэн оршино. 1957 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 115 дугаар зарлигаар аймгийн төвийг Баянхонгор хот гэж нэрлэсэн бөгөөд нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд адил нэртэй сум болдог.