“MONGOLIAN PITCH SESSION IN CANNES” АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ
ЗОХИОН БАЙГУУЛЛАА
77 дахь удаагийн Каннын Олон Улсын кино наадмын хүрээнд Соёлын яамны харьяа Кино урлагийн зөвлөл нь “Монгол кино төсөл танилцуулах” буюу “Mongolian Pitch Session in Cannes” арга хэмжээг 05 дугаар сарын 20-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд Хятад, Япон, Франц, Канад, Америк, БНСУ, Герман, Англи, Австрали, Нидерланд, Филиппин зэрэг улс орны 35 продюсер оролцсон бөгөөд Монгол Улсын 5 уран бүтээлч өөрсдийн төслөө танилцуулав.
Арга хэмжээний эхний хэсэгт уран бүтээлч тус бүр өөрийн төслийн товч агуулгыг танилцуулсан бол дараагийн хэсэгт уран бүтээлчдийг таван ширээнд хуваарилан олон улсын продюсерууд тойргоор уулзаж илүү тодорхой мэдээлэл авч үргэлжлүүлэн чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм.
Тус арга хэмжээнд танилцуулсан уран бүтээлчдийн төслийг 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрүүдийн хооронд хүлээн авсан бол нийт 8 уран бүтээлч төслийн материал ирүүлснээс дараах таван төслийг сонгон шалгаруулсан билээ.
Үүнд:
“The Underdogs”
“The Seed of love”
“Жагаа жолооч хоёр”
“Угалз”
“Цасан шуурга яг л цыган хийл шиг уйлна” гэсэн эдгээр таван төсөл нь цаашлаад энэхүү арга хэмжээний үр дүнд Олон улсын хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг бий болгоход туслалцаа үзүүлэх боломжтой болох юм.