БАЙРШИЛ: МОНГОЛ УЛС, УВС АЙМАГ, УЛААНГОМ СУМ
Үүрэг нуур нь баруун Монгол дахь Алтайн нурууны салбар Цагаан шивээт, Түргэний уулсын хоорондох хотгорт тогтсон гадагш урсгалгүй нуур бөгөөд Их нууруудын хотгорын баруун хойд, Увс нуурын ай савын баруун хэсэгт оршино. Нуурын эрэг хөвөө нэлэнхийдээ бага зэрэг налуу, усанд түрж орсон булан, тохой, хошуу, хойг огт үгүй бөгөөд эргийн шугам бага хэрчигдсэн байна. Нуурын хамгийн гүн нь 42 м хүрнэ. Нуурыг хүрээлэн орших уулын налуу бэл хормойгоор усны мандлаас 15-42 м өндөрт татралтын 4-6 далан зээг байх бөгөөд зөвхөн хойд, урд захаар 15-20 м өндөр, үндсэн эрэг 1-2 км урт үргэлжилнэ. Үүрэг нуурын хотгор говь цөлийн байдалтай тул усны гадаргаас уурших ууршилт их. Жилийн дундаж ууршилт нь 800-900 мм. Улаанбаатар хотоос 1231 км зайд оршдог.
Зураг авах зөвшөөрлийг энд дарж авна уу.