Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолборыг 2011 онд Дэлхийн өвийн жагсаалтад соёлын ангиллаар бүртгэсэн билээ. Уг цогцолбор хүн төрөлхтний соёлын хөгжлийг 12 мянган жилийн тэртээгээс харуулсан олон хадны зураг, булшны хөшөө бүхий гурван газраас (Цагаан салаа/Бага Ойгор, Цагаан голын эх, Арал толгой) бүрддэг. Хамгийн эртний сүг зургууд нь (НТӨ 11.000-6.000) том ан гөрөөс агнадаг хөндий болон шигүү ой модыг дүрсэлсэн байдаг. Хожмын үеийн зургууд нь мал маллан амьдрах хэв маяг зонхилон эхэлж буйг харуулсан бол Хүннү (НТӨ I зуун), Түргийн үеийн (НТ VII, VIII зуун) зургуудад мориноос хамааралтай нүүдэлчин амьдралын хэв маягт шилжиж буйг дүрсэлжээ.
Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор нь манай улсын төдийгүй энэ бүс нутгийн ард түмний эртний түүх, урлагийн хөгжлийг харуулах чухал дурсгал болох бөгөөд дэлхийн алдарт хадны зургийн дурсгалт газрууд болох Альтамирын агуйн хадны зураг (Испани), Тамгалы дахь археологийн дурсгалууд болон хадны зургийн дурсгалт газар (Казахстан) зэрэг дурсгалтай эн зэрэгцэх юм.