БайгальИХ БУРХАНТ

БАЙРШИЛ:           МОНГОЛ УЛС, ДОРНОД АЙМАГ, МАТАД СУМ

 

Монголын түүх соёлын томоохон дурсгалын нэг болох “Их бурхант” нь Дорнод аймгийн Халхгол сумын төв Сүмбэрээс хойш 35 км-т, Халхголын баруун эргийн тохойн 35 градусын налуу энгэрт оршино. Халхын Сэцэн хан аймгйин Илдэн жун ван  Бат-Очирын Тогтохтөрийн /То ван/ /1797-1868/ санаачилга удирдлагаар 1859-1864 онд бүтээсэн энэ дурсгал “Их шүтээн”, “Их бурхант” хэмээн олноо алдаршжээ.

Найман аюулаас аврагч Жигжиджав Жанрайсаг бурханы дүр эл шүтээнийг То ван болон Сэцэн хан аймгийн хошуу ноёд, ихэс дээдэс чулуугаар хэвтээ байдлаар бүтээн залахаар шийдэж аймаг, хошуу нутгийнхны хандив хөрөнгөөр зуу шахам гар урчуудыг урлан бүтээсэн байна. 90 тохой буюу 30 м үг бурханыг их бага хоёр хүрээн дотор цогцлуулжээ. Том хүрээ нь 220х97 м бөгөөд үүний дотор талд дунджаар 165х110 см хэмжээтэй 20 ланз үсийг хэвтээ байдлаар шигтгэж, бага хүрээн дотор 200х110 см орчим 12 ширхэг суврага болон Их бурханыг тойруулан чулуугаар урласан 20 гаруй жижиг бурханы дүр бүтээсэн аж.

Гэвч энэхүү гайхамшигт дурсгалыг XIX зууны эцэс XX зууны эхээр Дорнод Хятадын төмөр замын хэд хэдэн будлиан, үймээний үеэр эхлээд эвдэн сүйтгэсэн байна. Сүйтгэл цааш үргэлжилж Ардын хувьсгалын дараа бурхан шашныг хавчин гадуурхагчдын ширүүн гарт өртөн чулуугаар нь барилгын суурь, малын хашаа саравч барьж үрэн таран болгосон байдаг. 1995-1997 онд холбогдох судалгаа шинжилгээ, малталт сэргээн засах ажил өрнөж, 1997 онд намар сэргээн зассан Жанрайсаг бурханыг аравнайлж ёслол үйлдсэнээр XIX зууны соёл, түүхийн гайхамшигт цогцолбор энэ бүтээл нь хойч үеийнхэнд бодит байдлаар уламжлагдан үлдэх боломжтой болжээ.

Зураг авах зөвшөөрлийг энд дарж авна уу.