Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын төв

БНМАУ-ын СнЗ-ийн 1967 оны 142 дугаар тогтоолоор Кино зургийн архивыг Кино, гэрэл зураг, дуу авианы улсын архив болгон өргөтгөж, 1975 онд кино, гэрэл зургийн баримтыг хадгалах зориулалтын байртай болгосноор өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байна.

Кино урлагМонгол Кино Архив

КИНО, ГЭРЭЛ ЗУРАГ, ДУУ АВИАНЫ БАРИМТЫН ТӨВ

Монгол кино үйлдвар байгуулагдсан 1936 оноос эхлэн, архивын сан хөмрөг кино баримтын, дуу, дүрсний негатив, контратип, лаванд, цогцоороо хадгалагдаж эхэлжээ.

Өнөөдрийн байдлаар КГЗДАБТ-ийн киноны сан хөмрөгт:

  1. Баримтат кино 1938-2003 оны 1009 нэрийн 2392 хадгаламжийн нэгж (бүлэг) 
  2. Уран сайхны кино 1936-2001 оны 212 нэрийн 1488 хадгаламжийн нэгж (бүлэг)
  3. Кино мэдээ сэтгүүл 1947-2012 оны 1083 хадгаламжийн нэгж (бүлэг) 
  4. Орчуулгын кино 1947-1981 оны 199 нэрийн 1585 хадгаламжийн нэгж (бүлэг)
  5. Улаанбаатар телевизээс авсан 1970-1987 оны 153 нэрийн 207 хадгаламжийн нэгж (бүлэг), (35 мм)
  6. Улаанбаатар телевизээс авсан 1970-1986 оны 55 нэрийн 102 хадгаламжийн нэгж (бүлэг), (16 мм) 
  7. ЗХУ-ын архиваас ирсэн 1921-1992 оны 70 нэрийн 191 хадгаламжийн нэгж (бүлэг) кино баримт хадгалагдаж байна.

БНМАУ-ын СнЗ-ийн 1967 оны 142 дугаар тогтоолоор Кино зургийн архивыг Кино, гэрэл зураг, дуу авианы улсын архив болгон өргөтгөж, 1975 онд кино, гэрэл зургийн баримтыг хадгалах зориулалтын байртай болгосноор өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байна. 

Монголын кино урлагийн түүхийн нэгээхэн хэсэг болсон КГЗДАБТ-ийн үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой нэгэн баримт бичиг боловсруулагдан гарсан нь “БНМАУ-ын архивын улсын фондын дүрэм” байв. Эл дүрэмд “Монгол улсын түүхийн явцад үйл ажиллагаа явуулж ирсэн ба явуулж буй эрт, эдүгээгийн засаг төр, цэрэг, бүх шатны байгууллага болон аж ахуй, соёлын бүх салбар, түүхт хүмүүсийн холбогдолтой бүх баримт бичиг болон ард түмний түүхийн бичмэл баримт, фото зураг, киноны материал, пянз, дуу хураасан материал, хууль ёсоор улсын мэдэлд байвал зохих, эзэнгүй чухал баримт материал зэргээс Монгол улсын архивын фонд бүрдэнэ” хэмээн зааснаар кино, гэрэл зураг, дуу авианы тусгай архив байгуулагдах үндсийг тавьжээ.

1911, 1921, 1936 оноос өмнөх манай улсын хөгжлийн түүхийг гадаадын хүмүүс кино дүрсэд үлдээж, хожим гадаад орны архивуудаас зөвхөн позитив хувь олж авчирсан ховор баримт байдгаараа онцлог юм. Тус архив 1971 онд ЗХУ-ын архивын хэрэг эрхлэх ерөнхий газраас Монгол улсын түүхэн холбогдол бүхий 13 бүлэг баримтат киног хүлээн авч, сан хөмрөгөө баяжуулсан байна. 

Мөн 1990 онд ЗХУ-ын кино архиваас 1930-1940 оны Монголын түүхэд холбогдох 845 бүлэг киногоор тус сан хөмрөгийг дахин баяжуулжээ. 1999 онд доктор, профессор С.Дамдинсүрэн, УТА-ын архивын захирал Ж.Гэрэлбадрах нар Москвад ажиллахдаа ОХУ-ын Красноярск хот дахь Кино, гэрэл зургийн архиваас 1936 онд Улаанбаатарт болсон Ардын хувьсгалын 15 жилийн ойн цэргийн парад, хөдөлмөрчдийн жагсаалын тухай баримтат киноны дүрсний негатив, позитив хувийг авчирчээ. Түүхэн ач холбогдол бүхий эдгээр кино баримт нь КГЗДАБТ-ийн “Тусгай хадгаламжийн сан”-д хадгалагдаж байдаг. 

Манай оронд 1990 оноос ардчилал үүсэн хөгжиж, хүмүүс түүхээ судлах, архивын баримт унших, кино уран бүтээлчид нь киногоо өөрсдийн өнцгөөс харж бүтээх, ялангуяа хуучны кино баримтыг түлхүү оролцуулах болжээ. Сүүлийн жилүүдэд архивын байгууллага архивын баримтуудыг ил тод, нээлттэй, нийтийн хүртээл болгох зорилгоор үзэсгэлэн олонтоо зохион байгуулж, архивын баримт, кино баримтуудыг нийтэд дэлгэн үзүүлэх болсон. 

Кино баримтын хадгалалт, хамгаалалтын талаар сүүлийн үед хийгдсэн томоохон ажил бол Юнивишн ХХК-тай хамтран, 2012 оноос хэрэгжүүлж буй “Монгол кино архив HD” төсөл юм. Энэхүү төслийн гол зорилго нь 35 мм-ийн кино хальс дээр бичигдсэн уран сайхны болон баримтат кино, кино мэдээ зэрэг кино баримтыг тоон системд хөрвүүлж, ашиглалтын болон нөөц хувь бий болгох бөгөөд одоогийн байдлаар 92 уран сайхны кино, 14 баримтат киног тоон системд хөрвүүлээд байна.

ҮТА-ийн Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын төвийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.archives.gov.mn/content/242 хуудсаар авах боломжтой.

Тус төвөөс баримтын лавлагаа, хуулбар авах бол (976)-77002062 дугаарт холбогдоно уу.

ҮТА-д кино, гэрэл зураг, дуу авианы баримт шилжүүлэх бол (976)-77002092 дугаарт холбогдоно уу.