“Оч” буюу “Сэрэлт”

1956 оны 9 дүгээр сарын 5-нд ЗХУ-д үйлдвэр-техникийн дадлага хийлгэхээр 20 гаруй, мөн гадаадын дээд сургуулиудад суралцуулснаар кино үйлдвэрийн материаллаг баазыг бэхжүүлэх, мэргэжлийн уран бүтээлчдийг бэлтгэх ажлыг системтэйгээр зохион байгуулж эхэлжээ. Тиймээс энэхүү цаг үеийг Монголын киноны уран бүтээлчид ЗХУ-д суралцаж мэргэших үе хэмээн нэрлэж болно.

1956 оны 4 дүгээр сарын 25-нд  соёлын талаар харилцан ажиллах Зөвлөлт-Монголын холимог комиссын хуралдаанаар Кино үйлдвэрийг өргөтгөх шийдвэр гарч, улмаар жилийн хугацаанд уран сайхны бүрэн хэмжээний өнгөт кино 1, хар цагаан кино 1, хар цагаан баримтат кино 12 бүлэг, хар цагаан кино сэтгүүл 24 бүлгийг хийж, гадаадын хар цагаан 6 киног монгол хэлээр хөрвүүлэхээр тохиролцжээ. Бүтэн метражийн өнгөт кинофильмийг Зөвлөлтийн киноны ажилтнуудын тусламжтайгаар” бүтээх тогтоол гарснаар үйлдвэрлэлийн сэдэвтэй “Шинэ жил”, хөдөө аж ахуйн сэдэв бүхий “Гэм нь урдаа” хэмээх захиалгат киног социалист реализмын аргаар бүтээжээ.

1957 онд дэлгэцнээ гарч, олныг шуугиулсан бүтээл бол “Оч” буюу “Сэрэлт” кино байлаа. Л.Ванган, Ч.Чимид нарын зохиолоор С.Гэндэн найруулж, Д.Жигжид зургийг нь авсан “Сэрэлт” кино  нь сайн кино бүтээхэд сайн найруулагчийн зэрэгцээ мэргэжлийн түвшинд бичигдсэн сайн зохиол, чадалтай оператор байх ёстой гэдэг зарчмыг манай уран бүтээлчдэд ухааруулж, монгол киноны ур чадварын чансаа дээшлэхэд чухал түлхэц болсон юм. Тиймээс “Сэрэлт” кино Монголын дэлгэцийн урлагийг сэрээж, хөдөлгөөнд оруулсан” хэмээн дүгнэж болно. 1950-аад оны үеэс Л.Ванган, Ч.Чимид, Ц.Дамдинсүрэн, Ч.Лодойдамба нарын нэрд гарсан зохиолчид кино урлагт анхаарал хандуулж, кино зохиолын мэргэжлийн түвшнийг ахиулахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

1956 онд найруулагч Р.Доржпаламын бүтээсэн “Бидэнд юу саад болж байна” кино нь тухайн үеийн нийгмийн хоцрогдол, хүнд суртлыг инээдмийн аяс оруулан, шинэ сэргэг санаа дэвшүүлсэн нь өнөөдөр ч ач холбогдлоо алдаагүй байна. Р.Доржпаламыг “инээдмийн кино бүтээх эх үндсийг тавьсан” гэж судлаачид үздэг. Найруулагч Р.Доржпаламын “Морьтой ч болоосой”, “Энэ хүүхнүүд үү”, найруулагч Б.Жамсрангийн “Элбэг дээл”, “Аман хуур”, “Хөхөө гэрлэх дөхлөө”, “Нийслэл хүү”, Д.Чимэд-Осорын “Зэрэг нэмэхийн өмнө”, Д.Жигжидийн “Өнөр бүл” кинонуудад инээдмийн өнгө аясыг сонгож, уран сайхны хэрэглүүр болгон ашиглажээ.