МОНГОЛЫН КИНО УРЛАГИЙН ХӨГЖЛИЙН ҮЕ – I

1960-аад онд орчин үеийн, түүх хувьсгалын сэдэв зонхилж, инээдмийн кино бүтээж эхэлсэн бол, “ЗХУ болон бусад ах дүү социалист орны киног орчуулснаар Монголд орчуулгын кино хөгжих эхлэлийг тавьж, 1970-аад онд шинэ хүний дүр, түүх хувьсгалын сэдэвтэй кино голлох болов. 1970-аад оныг хүртэлх Монголын кино урлагт “үзэл суртлын хамаарал бүхий саад тотгорууд гарч байсан ч төр засаг урьдаас төлөвлөсөн бодлоготой, дэс дараатай тодорхой арга хэмжээ авч байснаар ХХ зууны урлагийн шинэ төрөл болох кино урлагийг өөрийн оронд хөгжүүлж чадсан юм. Үүний илрэл нь уран бүтээлчдийн 58 хувь дээд боловсролтой, жилдээ 5 хүртэл уран сайхны кино, 70-аад бүлэг сэдэвчилсэн баримтат кино, 24 бүлэг кино мэдээ бэлтгэж, гадаадын 20-оод киног эх хэлээрээ хөрвүүлдэг болсноос харагдаж байна.

 

Ардын хувьсгалын өмнөх болон дараах үеийн нийгмийн амьдралыг харуулсан Ц.Дамдинсүрэнгийн зохиолоор найруулагч Д.Чимэд-Осор “Гологдсон хүүхэн”, “Нүгэл буян”, найруулагч Б.Сумхүү “Төөрсөөр төрөлдөө”, “Ичээнд нь”, Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир” романаар найруулагч Р.Доржпалам “Тунгалаг тамир” (3 ангит), найруулагч Б.Жамсран “Тулалдааны өмнө”, найруулагч Ц.Цэрэндорж “Цэргийн хүү”, С.Удвалын “Их хувь заяа” романаар найруулагч Г.Жигжидсүрэн “Хатанбаатар” кинонуудыг бүтээсэн юм.

 

1958 онд зохиолч С.Дашдооров, Т.Нацагдорж, М.Цэдэндорж нарын зохиолоор найруулагч Р.Доржпаламын бүтээсэн “Гурван найз” кино дэлгэцнээ гарсан нь хүүхдийн анхны кино бөгөөд энэ төрөл нь цаашид бие даасан төрөл болтлоо хөгжиж, найруулагч Х.Дамдин “Улаан дарцаг”, “Нэг ангийн хоёр”, “Мартагдашгүй намар”, “Зуслангийн найзууд”, “Мандах нарны туяа”, найруулагч Н.Нямдаваа “Дэгдээхэй нас”, “Хоньчин Найдан”, “Уул усны үр сад”, “Модон могой”, “Сүхболдын яриа”, найруулагч Д.Жигжид “Хөдөөгийн баясгалан”, найруулагч Б.Балжинням “Сүхболдын яриа”, “Би чамд хайртай”, найруулагч Г.Жигжидсүрэн ”Намар нахиалсан мод”, “Амин мөр”, найруулагч Н.Уранчимэг “Аргамжаа”, “Тэнгэрийн амьтан”, “Алаг мэлхий хонх” зэрэг өсвөр насны болон хүүхэд залуучуудын сэдвээр 20 гаруй кино бүтээжээ.

 

Гадаад улс оронтой хамтран ажиллах нөхцөл бүрэлдсэнээр 1961 онд Зүүн Германы “Дефа” кино студитэй хамтран, монгол ардын үлгэрээс сэдэвлэн, С.Эрдэнэ, К.Бортфельд нарын зохиолоор найруулагч Р.Доржпалам, Г.Кольдиц нар “Алтан өргөө” өнгөт кино, 1967 онд “Мосфильм” студитэй “Төгсгөл”, 1971 онд “Дайсны цэргүүдээ сонсоцгоо”, 1981 онд “Говь, Хянганд тулалдсан нь”, 1978 онд БНСЧСУ-ын “Баррандов” студитэй “Хайрхан өндөр хаана байна”, 1983 онд Германы “Дефа” студитэй “Газарчин”, 1990 онд БНХАУ-тай “Сүүн цагаан өргөө” зэрэг киног бүтээжээ.

 

Найруулагч Ж.Бунтар “Гарьд магнай”, “Тод магнай”,  “Цэц магнай” цуврал кинондоо эртнээс уламжлагдан ирсэн эрийн гурван наадам болох бөх барилдаан, хурдан морь, сур харвааны тухай зан заншил, ёс горимыг өргөн дэлгэр харуулсан байдаг.