Монголын кино урлагийн “эхэн үе”

“Норжмаагийн зам”

1938 онд найруулагч Т.Нацагдорж өөрийнхөө зохиолоор “Норжмаагийн зам” хэмээх 2 бүлэг, хар цагаан, дуугүй киног хийсэн нь манай уран бүтээлчдийн бие даан бүтээсэн анхны уран сайхны кино байв. Энэ киноноос Норжмаа хуучныг орхиж, шинийг эрэлхийлэн явахдаа харанхуйгаас гэгээнд, хоцрогдлоос соёлд дэвшсэн үйл явцыг харж болно. “Норжмаагийн зам” кино нь уран сайхны киноны бүрэн гүйцэд төрхийг хараахан олж чадаагүй, киноны зохиол болон найруулгын арга барил нь эсрэг тэсрэг үзэлд тулгуурласан тоглолттой, ухуулгын киноны эхлэл болсон ч агуулга, уран сайхны боловсруулалтын хувьд сонирхолтой бүтээл байсан юм. Уг киноны зургийг оператор Б.Дэмбэрэл, С.Дэмбэрэл нар сургагч, оператор А.А.Лебедевийн удирдлагад авч, уран сайхны киноны дотор авах (павильон) зургийн гэрэл сүүдрийг дүр бүтээх талаас нь онцгойлон харж, ажилласан байдаг. 1940-өөд оны киноны нэг онцлог бол дайсныг элэглэх, шоолох, дооглох хэлбэрээр харуулсан байдаг билээ. Эдгээр кино нь суртал ухуулгын буюу мэдээллийн (кино хроника) чиглэлээр бүтээгдсэн бөгөөд “Норжмаагийн зам” уран сайхны кинонд ч энэ арга барил ажиглагддаг.

1939-1942 онд “Сүрэг чоно”, “Анхдугаар хичээл”, “Аймшиггүй эх оронч”, “Тарваган тахал”,  “Амьдралын дайсан”,  “Морин цэрэг, танкист”, “Хил дээр болсон явдал” зэрэг уран сайхны богино хэмжээний 7 кино бүтээсэн нь Монголын киноны уран бүтээлчдийн, тэр тусмаа зохиолч, найруулагч Т.Нацагдорж уран сайхны киноны найруулгад гаршиж, улмаар энэ ажилд туршлагажсан он жилүүд байсан юм.

Монгол Улсад явуулсан их хэлмэгдүүлэлт киноны салбарт  ч мөн хар мөрөө үлдээсэн билээ. Кино үйлдвэрийн гал голомтыг үүсгэн байгуулж, эмхэлж байх тэр цагт Т.Нацагдорж, В.Бадам, Д.Ганжуур нар хэлмэгдсэн юм. 1939 оны 2 дугаар сарын 17-нд Ардын СнЗ-ийн дэргэдэх Уран сайхны хэрэг эрхлэх хүрээлэнгийн даргын 17 тоот тушаалаар тусгай комисс байгуулагдан, хувьсгалын эсэргүү нарын дүрс орсон кино зургийг яаралтай түүвэрлэж, 1940 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үйлдсэн акт бичигт тусгаснаар шинэ тулгар байгуулагдсан “Монгол Кино” үйлдвэрийн уран бүтээлч, хамт олны зүтгэл гарган бүтээсэн 38 бүлэг 48.000 метр эх хальс (негатив), мөн хэмжээний позитив дүрсийг устган шатааж,  “Монгол хүү” хэмээх 9 бүлэг (90 мин) уран сайхны кино энэхүү хэлмэгдүүлэлтэд өртсөн ажээ. Монголын киноны түүх дэх ийм эмгэнэлт явдал нь киног соёлын үнэт өв гэдгийг ойлгох төсөөлөл ч үгүй хэт хувьсгалч, харанхуй хүмүүсийн бүдүүлэг үйлдлээс үүдэлтэй бөгөөд “улс төрийн их хядлагын дүнд Монголд тоталитар дэглэм тогтож, Зөвлөлтийн төлөөний хүрээнд” орсноор тухайн цаг үед урлагийн бүтээлүүд хаагдан хоригдож, шатаалган устгагдсан гашуун түүх үлдсэн билээ.

Монголын кино урлаг үүсэн бий болсон цагаасаа амьдралын үнэн мөнийг илтгэсэн үзэх дүр, сонсох аялгуу, сэтгэлд хоногших үйл хөдлөлөөр ард олны сонирхлыг татаж, нэгэн зүйл “унших” ном нь болж байлаа. Үүний нэгээхэн чухал хэсэг бол баримтат кино, түүний онцлог нь өдөр тутмын амьдрал, үйл явдлыг хамгийн шуурхай тусгах чадвартай бөгөөд уг киног бүтээхэд зардал их  шаардахгүй учир кино урлагийг дөнгөж эхлүүлж буй Монголын нөхцөлд бусад төрлөөс урьтан бий болох боломжийг бүрдүүлжээ. 1936-1940 онд цаг үеийн холбогдолтой “БНМАУ-ын 15 жил” 6 бүлэг, “МАХН-ын 18 жилийн ойн хурлын ажиллагаа”, “Боловсон худалдаа”, “Ховдын хөшөө дурсгалууд”, “Улсын ХХII бага хурал”, “Оёдлын артель”, “Зөвлөлтийн циркийн жүжигчдийн тоглолт”, “Ардын хувьсгалын ялалт” зэрэг 30 орчим бүлэг баримтат кино бүтээгджээ.

Монголын кино урлагийн “эхэн үе” (1930-1940)-ийн онцлог нь тус улсад кино үүсэж хөгжихөд Орос (Зөвлөлт)-ын Засгийн газар киноны уран бүтээлчдийг сургаж дадлагажуулах, техник тоног төхөөрөмж, аппарат хэрэгсэл, хөрөнгө санхүү, удирдлага зохион байгуулалтаар хангах замаар чухал нөлөө үзүүлсэн нь гарцаагүй юм.