МОНГОЛЫН АНХНЫ ТҮҮХЭН КИНО “ЦОГТ ТАЙЖ”

1930-аад оны дундаас дэлхийн улс төрийн байдал эрс хурцдаж, олон улсын харилцаанд хүчний түрэмгийлэл давамгайлах болсон нь Монголын нийгмийн амьдралд илт түгшүүртэй мэдрэгдэж эхэлсэн юм. БНМАУ-ын ерөнхий сайд, маршал Х.Чойбалсан Зөвлөлтийн удирдагч И.В.Сталинтай уулзахдаа Монголын эх оронч түүхэн баатрын тухай уран сайхны кино хийхээр зорьж буй Засгийн газрын саналыг уламжлан, туршлагатай уран бүтээлч (найруулагч) илгээхийг хүссэнээр “Цогт тайж” киног бүтээх эхлэл тавигджээ. Манай киноныхон кино зохиолч, найруулагч, жүжигчин, урлагийн туршлага бүхий жар орчим настай Ю.В.Таричтай Ташкент хотод танилцсан нь алсдаа Монголын кино урлагийн нэг гайхамшигтай бүтээл хийгдэхийн үндэс болжээ.

1943 онд “Монгол Кино” үйлдвэрийн уран сайхны удирдагчаар Ю.В.Тарич томилогдон ирэх үед кино үйлдвэр байгуулагдаад 8 жил болсон хэдий ч техник тоног төхөөрөмж, уран бүтээлчдийн бүрэлдэхүүний хувьд төдийлөн бэхжиж чадаагүй, 1942 онд найруулагч Т.Нацагдорж улс төрийн хилс хэрэгт баривчлагдаж,  мэргэжлийн найруулагчгүй болсон үе байлаа.

Ю.В.Тарич, Б.Ринчен нарын бичсэн “Халхын Цогт тайж” кино зохиол 1944 оны “Цог” сэтгүүлд цувралаар хэвлэгдэж, уг зохиолоор 8-10 бүлэг бүрэн хэмжээний уран сайхны кино хийх асуудлыг “Монгол Кино” үйлдвэр боловсруулаад, төсөв төлөвлөгөөний хамт Кино зургийн хорооны дарга Т.Хүрлээ, сургагч Б.В.Лыткин, уран сайхны удирдагч Ю.В.Тарич нар гарын үсэг зурж, Засгийн газарт оруулжээ.

Ингээд 34|1944 оны 8 дугаар сарын 21-нд “Цогт тайж” кино зургийг үйлдвэрлэх ажилчдыг томилох тухай 87 тоот тушаал гарч, бэлтгэл ажлыг бүрэн хангаад, 1945 оны 1 дүгээр сарын 18-нд “Бичээч нарын танхим” буюу “Цогт хун тайж мэргэн бичээч нарт судар номноос дуудаж бичүүлдэг” хэсгээр анхны зураг эхэлжээ. Кино бүтээгдсэн 1940-өөд оны үе бол ард түмний уламжлалт хэв заншил үндсэндээ алдагдаж, барууны соёлт орнуудтай адилсгах явц эхэлсэн үе байсныг Ю.В.Тарич тал нутгийн амьдралыг зөв ухааран урлах ритмийг барьж чадсан байдаг. Зургийн даргаар МАХН–ын ТХ-ны хэлтсийн эрхлэгч “орос” хэмээх Лайбуузын Дүгэрсүрэн томилогдож, найруулагч, Минжүүрийн Лувсанжамц, Минжүүрийн Болд (эмэгтэй) ерөнхий оператор Дэжидийн Жигжид, оператор Балдангийн Дэмбэрэл, Дамбын Ганжуур, зураач Лувсангийн Гаваа, хувцасны зураач Үржингийн Ядамсүрэн, жижиг хэрэглэл, зэвсгийн зураач Ням-Осорын Цүлтэм, Додийн Чойдог, хөгжмийн зохиолч Билэгийн Дамдинсүрэн, Лувсанжамбын Мөрдорж, Борис Федорович Смирнов, ЗХУ-аас уригдан ирсэн зураач В.Камский, дууны оператор Б.В.Лыткин, С.В.Ключевский, нүүр хувиргагч Маслова нар ажилласан юм.

“Цогт тайж” кино бүтээгдсэн нь Монголын кино урлагт мэргэжлийн уран бүтээлчид төрөн гарч, цаашид бие даан бүтээл туурвих өргөн боломж нээгдсэнийг зарлан тунхагласан явдал байв. Эл киноны уран сайхны удирдагч бөгөөд ерөнхий найруулагч Ю.В.Таричийн удирдлагад ажилласан уран бүтээлчид хожим нь урлагийн том мастерууд болон тодорсныг харахад “театр, киноны мэргэжлийн уран бүтээлчдийн бүхэл бүтэн үе эндээс төрсөн” хэмээн дүгнэх бүрэн үндэстэй. “Кино найруулагч хүн ямар байх ёстой вэ” гэдэг ойлголтыг найруулагч Ю.В.Таричийн дэргэд хамгийн ойр дотно ажиллаж, түүний урлан бүтээх арга барилыг бие, сэтгэлээрээ мэдэрсэн Д.Жигжид ажил амьдралынхаа туршид хэвшүүлж, өөрийн уран бүтээлийг туурвиж иржээ. Тухайн цаг үед өндрөөр үнэлэгдэж, уран бүтээлчид, жүжигчид нь төр засгийн хүндэт цол, одонгоор шагнагдаж байсан “Цогт тайж” кино нь 2000 онд “Өнөөдөр” сониноос шалгаруулсан ХХ зуунд бүтээгдсэн Монголын шилдэг 10 киноны жагсаалтыг тэргүүлсэн юм.