Монголчууд кино урлагтай танилцсан нь – I

Францын ах дүү инженер Огюст, Луи Жан Люмьерууд өөрсдийн зохион бүтээсэн аппаратаар зураг авч, угааж боловсруулсан кино зургаа 1895 оны 12 дугаар  сарын 28-нд Парис хотын Капуцинок цэцэрлэгт гудамжны “Гранд кафе”-д үзүүлсэн нь анх удаа нийтийг хамарсан кино үзлэг болж, “Кино урлагийн мэндэлсэн өдөр” гэж дэлхийн киноны түүхэнд тэмдэглэгдэх болжээ.

1910 оноос Монголд кино нэвтэрч, улмаар 5-6 газарт кино үзүүлэх болсны 3-4 нь Нийслэл хүрээнд, үлдсэн нь хөдөө орон нутагт байв. Нийслэл хүрээнээ VIII богд Жавзандамбын өргөөнд Богд хаан болон ордныхонд Чита хотоос цагаачлан ирсэн Вампиловын Бадам хэмээх буриад хүн кино үзүүлдэг байсан төдийгүй 1920-иод оны үеэр Богд эзэнд хүрээний сайдууд бараалхаж буй үйл явцыг харуулсан зургийг дүрсжүүлэн кино хийжээ. Бадамын эхнэр Патаа “Богдын ордонд гэрэл гэгээ цацарсан оньсон хүрдийг лам нараар эргүүлүүлж, цагаан даавуун дээр морьтой хүмүүсийн давхиж яваа дүрсийг хараад “Богдын сүүдэр номхотгогч” гарч байна” гэж хүмүүс ихэд шагшин сонирхсон нь 1917-1918 оны үед юм уу даа хэмээн дурсжээ. Усны гудамж, Шожооны гудамжны заагт (тэр хавийг “Иллюзионы” буюу “Илбэчний гудамж” гэдэг байв) Франц улсын  биржийн алба явуулдаг чулуун байшинд кино үзүүлдэг байжээ. 1903-1904 оны үед Орос оронд анхны богино зураг гарч эхлэхэд “иллюзион” гэдгээс үүдэн киног “Илбийн үзлэг” хэмээн нэрлэсэн байх талтай. Олон нийтийг хамрах талаар нэлээд давуутай нь  Оросын “Биржа” дэн буудлын кино танхим байсан бөгөөд өнөөгийн Сүхбаатар дүүрэг дэх 23 дугаар дунд сургуулийн баруун урдхан талд байжээ. Мөн Америк болон Германы пүүсэд буюу өнөөгийн Баянзүрх дүүргийн нэгдсэн II эмнэлгийн орчим газар, 1912 онд Наймаа (Амгаланбаатар) хотод Жанцан бэйс, Нанзад зайсангийн хашаанд, хятад хорооллын дөрвөн гудамжны задгай тайз (хойд Ши-Янз) өргөн чөлөөний Урд Ши-Янз-д гол төлөв америк, англи, герман, мексик, япон кино гардаг байжээ. Нийслэл хүрээнээс бусад газрын хувьд 1916-1918 онд Шивээ Хиагт, Алтанбулагт орос кино гарч байсан бол, Монгол Улсын Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн 1913 онд Орос оронд албан ёсны айлчлал хийх үедээ тэндээс аппарат, зураг сэлтийг авчирснаар баяр ёслолын болон аль боломжтой үед өнөөгийн Өвөрхангай аймгийн Уянга сумын төв байсан хөдөө өргөөнд кино үзүүлдэг байжээ. Тухайн үеийн Монголын эдийн засаг буурай, зам харилцаа хөгжөөгүй, өргөн уудам нутагт хүн ам сийрэг таруу оршин суудаг, кино техникийн чадал хүч мөхөс зэрэг нь киног түгээхэд бэрхшээлтэй байсан аж. Олон түмэн киног ихэд сонирхон үзэж байхад сүм хийдийн зүгээс хориг саад тавин угтжээ. 1913 оны 2 дугаар сарын 2-нд Богд хааны “Лам хүнийг Ин-ший” хэмээх орос илбэний газар явуулан самуурахад хүргүүлэхгүй байх” зарлиг гарч, зөрчигсдөд ногдуулах шийтгэлийн хэмжээ, лам хувраг хүнийг хэрхэн цээрлүүлэн шийтгэвэл зохих журмыг заажээ. Ард олныг сэнхрүүлэх, сургах асуудал хурцаар тавигдаж, “кино үзлэг, театр, жүжгийн биет үзүүлбэрээр дамжуулан, төр, засгийн бодлогыг” ойлгуулан сурталчлахад сүүдэр ший буюу кино тун чухал байв. Сүүдэр ший хэмээн нэршсэн дуугүй киног 1920-иод оны дундаас нам, төрийн албан бичигт “цахилгаан сүүдрийн наадам”, “цахилгаан сүүдрийн зураг”, “сүүдэр зураг” гэдэг байснаа 1930-аад оны сүүлчээс “кино” хэмээн албан ёсоор нэрлэжээ.