Монголчууд кино урлагтай танилцсан нь – III

Монголын тухай анхны кино бүтээл “Чингисийн удам”

Монгол орныг дэлгэцнээ анх харуулж, Чингис хааны нэрийг олноо сонордуулсан бүтээл бол Оросын нэрт найруулагч Всеволод Илларионович Пудовкины 1928 онд “Азийг нөмөрсөн шуурга” нэртэйгээр гарч, улмаар дэлхийн киноны түүхэнд алдаршсан “Чингисийн удам” хэмээх кино юм.

Иван Михайлович Новокшоновын “Потомок Чингисхана” туужаар бүтээгдсэн уг кино нь харийн түрэмгийлэгчдийн далд санааг ойлгосон Баяр эх орноо чөлөөлөхөөр тэдний өөдөөс тэмцэн босож, их талын аниргүйг сэрээн, морин дэл дээр давхиж явахад нь зүг бүрээс монголчууд нэгдэн ирж, улмаар кадр дүүрэн морьтнууд уухайлан довтолгож яваагаар кино өндөрлөдөг. Эндээс “Азийг нөмөрсөн шуурга” хэмээх нэр төрсөн аж.

1931 онд “Дорно дахинаа анхных нь”, “Монгол Улс”, 1934 онд Сергей Дмитриевич Васильев, Ирина Владимировна Венжер нар “БНМАУ-ын 10 жил”, “Наадам” киног хийсэн нь Монгол орны тухай хамгийн анхны бүтээл юм.

1930-аад оны дэлхийн газар зүйн тогтолцоо, олон улсын байдал хийгээд улс төрийн хүчний харилцааг онцгойлон авч үзэхэд Европ тив тэр чигээрээ дайны айдаст автан, үндэсний хэт дээрэнгүй үзлийн илрэл болох Гитлерийн түрэмгий дайны бодлого хэрэгжиж эхэлсэнтэй зэрэгцэн дорно зүгт Азийн нөлөө бүхий Японы цэрэг дайны хэнээрхэл идэвхжиж, зүүн хойд Азийн орнуудыг байлдан эзлэх милитарист төлөвлөгөө газар авсан байв. Улс төр, үзэл суртлын шаргуу тэмцлийн явцад хүмүүсийн сэтгэхүйг өөрчлөн, нийгмийн оюун санаанд хувьсал хийснээр олон түмнийг татах урлагийн нэгэн төрөл нь кино байлаа.

 

Монголд бүтээгдсэн анхны уран сайхны кино “Монгол хүү”

Хоёр нийгмийн шинэ харилцааны давуу талыг ЗХУ, БНМАУ дэлхийн тавцанд харуулахад юуны түрүүнд хийх ажил нь уран сайхны кино бүтээх явдал байв. Энэ бүхнийг хэрэгжүүлж, олон улсад таниулах боломж бүхий улс нь БНМАУ байсан бөгөөд эндээс “Ленфильм” киностудид “Монгол хүү” хэмээх уран сайхны кино бүтээгдэх болсон шалтгаан тодордог.

Найруулагч И.З.Траубергийн бүтээсэн “Монгол хүү” киног “Монголын амьдралыг дэлхийд танилцуулсан анхны кино” хэмээн манай судлаачид үздэг. И.З.Трауберг “Монгол хүү” киног найруулахдаа монгол хүний зан заншил, ахуй амьдралын онцлогийг тод томруун харуулахыг эрмэлзсэний дээр Өвөр Монголын ард түмний зовлонт баргар царай, чөлөөт Монголын хүн ардын сэтгэл тэнүүн төрхийг нэгэн агшинд харьцуулан үзүүлснээр ард түмний эрх чөлөөгөө байлдан олж, бататган бэхжүүлэх үйлсийн хүчин чадал, үр нөлөөг үзэгч олны ой ухаанд хоногштол дүрсэлж чадсан ажээ. Монголын кино урлагийн анхны жүжигчид дүрийнхээ гол шинж төрхийг өөр хоорондоо ялгагдахуйц үзүүлсэн нь тэдний уран бүтээлийн анхны том амжилт байсан бол (найруулагчийн туслахаар Т.Нацагдорж, С.Дэмбэрэл, туслах ажилтнаар Б.Дэмбэрэл нар) Зөвлөлтийн туршлагатай киночдоос суралцах түвшинд  оролцож, голлох үүрэг гүйцэтгэх хэмжээнд ажиллаагүй юм.

 

1936 онд бүтээгдсэн “Монгол хүү” нь Монголын анхны дуутай кино бөгөөд гол дүрд Ч.Цэвээн өөрөө дуу оруулснаар дуу оруулах урлагийн цагаан толгойтой танилцжээ. Монгол орны нийгмийн амьдралын дүр төрх, монголчуудын аж байдал, мал аж ахуй эрхэлсэн хөдөө нутгийн хэв маяг, амьжиргааны онцлогийг зураглан, монгол хүн анх удаа кино дэлгэцнээ гарч, олон түмэнд танигдсан нь урьд өмнө хэзээ ч байгаагүй шинэлэг зүйл байлаа. “Монгол хүү” киног нийт 34.500 хүн үзсэн гэх тоо баримт байдаг бөгөөд кино бүтээх үйл явцыг нүдээр харж, биеэр огтхон ч мэдрээгүй хүмүүсийг дадлагажуулан, эчнээгээр киноны сургуульд суралцуулан төгсгөх боломжийг олгосонд энэ киноны түүхэн гавьяа оршино.