Монголчууд кино урлагтай танилцсан нь – II

1924 онд МАХН-ын ТХ-ны шийдвэрээр жанжин Д.Сүхбаатарын дурсгалд зориулан, түүний нэрэмжит клубыг дуу хөгжмийн, яриан жүжгийн, танц бүжгийн, захиргаа аж ахуйн хэсэгтэйгээр байгуулж, киног орон даяар сурталчлах, хүргэж үйлчлэх эрхийг олгожээ. 1928 онд ЗХУ-аас ТОМП-4 маркийн аппарат хэрэгслийн хамт “Хүүхдийн цэцэрлэг” гэдэг дуугүй кинотой дөрвөн механикч ирж, уг киног хөдөө орон нутагт үзүүлсэн нь “монголчуудад кино урлагтай танилцах” боломжийг нээжээ. Мөн онд кино механикчдыг бэлтгэх түр курсыг байгуулснаар Г.Гэндэнжамц, Д.Гэмпил нарын “анхны 12 кино механикч”-ийг бэлтгэн гаргаж, БНМАУ-ын Ардын Сайд нарын зөвлөлийн 1928 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн  3 дугаар тогтоолоор СнЗ-ийн дэргэд “Урлагийн хэрэг эрхлэх хороо” байгуулжээ.

1930 оноос Д.Сүхбаатарын төв клуб, ЗХУ-ын “Востоккино” байгууллагатай гэрээ байгуулж, С.Эйзенштейний “Бослого”, “Хуягт онгоц Потёмкин”, “Октябрь”, В.Пудовкины “Эх”, “Чингисийн удам”, Ах дүү Васильевын “Чапаев”, Г.Козинцев, Л.Трауберг нарын “Максимын тухай гурвал”, А.Зархи, И.Хейфиц нарын “Балтийн депутат”, Е.Зиганы “Бид Кронштадтаас”, Г.Александров “Сэргэлэн залуус”, Ю.Райзман “Нисэгчид” зэрэг Зөвлөлтийн киноны сор бүтээлийг үзүүлэх болжээ.

1931 он гэхэд төв, хөдөөд дуугүй киноны 15 цэгтэй болсны зэрэгцээ үзвэрийн санг баяжуулж, ард нийтийн дунд киног өргөн сурталчлах, монголоор орчуулах, тайлбартай гаргах ажлыг идэвхжүүлжээ. 1932 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн Намын ТХ-ны тогтоолд “Киноны явдал нь ард түмнийг улс төрийн талаар хүмүүжүүлэх явдалд ихээхэн зэвсэг мөн тул киноны тусгай үйлдвэрийн газар байгуулахыг чухал” хэмээн зааснаар 1933 оны 4 дүгээр сарын 22-ны СнЗ-ийн 15 дугаар тогтоолоор АГЯ-ны харьяанд Кино зургийн хороо байгуулагджээ.