Кино үйлдвэр байгуулагдаж, уран бүтээлийн гараагаа эхэлсэн нь

Нийслэл хүрээнд “Кино үзвэрийн газар” буюу “Кино театр” байгуулах, нөгөө нь Монгол Улс өөрийн үндэсний “Кино үйлдвэр”-тэй болох явдал чухал байв. 1934 онд Ардын гэгээрүүлэх яамны сайд Эрдэнэбатхан ЗХУ, Герман, Итали, Англи, Франц зэрэг улсаар явж, Германаас “Жек” гэдэг хагас суурин аппарат 4-ийг авчирснаар олон түмэнд кино үзүүлэх боломж нээгджээ. Тухайн үед кино театр байгуулах ажлыг хариуцан ажиллаж байсан Доржийн Гончиг “Төхөөрөмжөөс гадна юуны өмнө байртай болох явдал чухал” хэмээн үзээд, хотын хоршооны дарга Жигжидтэй уулзаж, “Иллюзионы гудамжны Францын хөрөнгийн биржийн чулуун байшинг (эдүгээ Барилгачдын талбайн өмнө талд байх Исүс Христийн хойч үеийн залуу гэгээнтнүүдийн сүм) 40 мянган төгрөгөөр худалдан авч засварлан, 1935 оны 5 дугаар сарын 1-ний өдөр албан ёсоор нээлтээ хийж, кино театраа “Ард” хэмээн нэрлэснээр Монголд анхны кино театр байгуулагджээ.

ЗХУ-аас  кино оператор С.Е.Гусев тэргүүтэй төлөөлөгчид манай оронд хоёронтоо (1934, 1935) ирж, Монголд кино үйлдвэр байгуулахад шаардагдах тоног төхөөрөмж, материал техникийн тооцоог судлан боловсруулжээ. 1935 оны 10 дугаар сарын 11-ний Ардын СнЗ-ийн 32 дугаар хуралд “Үндэсний кино үйлдвэрийн газрыг үүсгэн байгуулах тухай” АГЯ-ны сайд Н.Гонжооны илтгэлийг сонсоод “ЗХУ-ын техник, мэргэжилтний тусламжтайгаар кино зураг бүтээж үйлдвэрлэх, кино үзүүлэх  үүргийг хамтатган гүйцэтгүүлэхээр” тогтож, Ерөнхий сайд П.Гэндэн, 1 дүгээр орлогч сайд Х.Чойбалсан, 2 дугаар орлогч сайд Г.Дэмид, нарийн бичгийн дарга Ц.Өлзий-Очир нар уг тогтоолд гарын үсэг зурснаар “Монгол Кино” үйлдвэр байгуулагдах үндэс тавигдсан түүхтэй. Тухайн үед Хотын захиргаа байрлаж байсан хоёр давхар барилгыг (хожим Улсын филармонийн байр болсон) дансаар шилжүүлэн авч, кино үйлдвэрийн зориулалтаар засварлан тоноглосноор “Монгол Кино” үйлдвэр байгуулагдан, голлох уран бүтээлчдээ бэлтгэх ажил нэн чухлаар тавигдаж эхэлжээ.

1937 оны дунд гэхэд 40 шахам ажилчинтай, хэдэн машин тэрэгтэй болсны зэрэгцээ зураг авах “Дебриел”, “Аймо” аппарат, дуу бичих “Танар” зэрэг төхөөрөмжийг Франц, Германаас захиалж авчирсан нь техникийн дэвшил байлаа. Кино урлагийн анхдагч уран бүтээлч нь кино оператор байсан бөгөөд дэлхийн киноны энэхүү жишгээр оператор Б.Дэмбэрэл, С.Дэмбэрэл, Д.Ганжуур, Д.Жигжид нар уран бүтээлийнхээ гарааг кино-хроника буюу мэдээллийн агуулгатай баримтат кино-сэтгүүлийн зургийг авснаар эхэлсэн ажээ. Шинэ үйлдвэрийн лаборатори 1937 оны эхээр хальс боловсруулж эхэлсэн бөгөөд Майн баяр, Улсын баяр наадам, Октябрийн хувьсгалын 19 жилийн ойг тэмдэглэсэн тухай тус бүр нэг бүлэг (дуугүй кино-сэтгүүл) киног бүтээсэн нь Монголд үндэсний кино урлаг хөгжих эхлэлийг тавьсан юм.