УРАН САЙХНЫ КИНОНЫ ЗАВСАРЛАГЫН ЖИЛҮҮД

Зохиолч, найруулагч Т.Нацагдорж, орчуулгын киноны найруулагч Б.Гомбо нар улс төрийн хилс хэрэгт холбогдон ажлаас халагдаж, найруулагч Ю.В.Тарич “Цогт тайж” киног дуусгаад нутаг буцан, М.Болд баримтат киноны эвлүүлэгч, найруулагчаар дагнан ажиллах болов. “Монгол Кино” үйлдвэр 1945 онд “Цогт тайж” хэмээх хоёр ангит түүхэн туульсын киног бүтээснээс хойш 1954 оныг хүртэлх 9 жилийн хугацаанд уран сайхны кино хийгээгүй аж. Энэ нь нэг талаас кино найруулагч байхгүй, мөн улс төрийн байдал тогтворгүй, боловсон хүчний бодлого алдагдсантай холбоотой байв. Энэ хугацаанд баримтат киноны төрөлд цэрэг эх орны сэдэв голлож байсны зэрэгцээ МУИС-ийн нээлт, төмөр зам, цахилгаан станц, аж үйлдвэрийн комбинат зэрэг чухал объект шинээр бий болсон нь улс орны хөгжилд гүйцэтгэх гол хөшүүрэг болж байсныг тусган харуулсан баримтат кинонууд бүтээгдсэн нь Монгол Улсын хөгжлийн амьд түүх болон үлдсэн юм.

1945 оны Ялтын хэлэлцээрт Америк, ЗХУ, Англи гэсэн гурван том гүрний тэргүүнүүд болох Ф.Рузвельт, И.Сталин, У.Черчиль нар Сталины санаачилгаар тохиролцож, БНМАУ-ын статус-квог хүлээн зөвшөөрсөн түүхэн шийдвэрийн дагуу бүх нийтийн санал асуулга явуулснаар Чан Кай Ши-гийн Засгийн газар Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн чухал  үйл явдал байв.

1946 онд Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор “Тусгаар тогтносон Монгол Улс” гэдэг бүрэн хэмжээний 10 бүлэг баримтат киног (зохиолч Д.Сэнгээ, найруулагч М.Лувсанжамц, М.Болд, оператор Д.Жигжид, Д.Ганжуур, Б.Дэмбэрэл, хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж) бүтээсэн нь манай улсын хувьсгалт, ололт ялалтын тайлан болсон бөгөөд “ажилчин анги, малчид, хөдөлмөрчид, сэхээтнүүд киноны гол баатар байж, үйлдвэр аж ахуйн шинэ салбаруудыг хөдөлгөгч хүчин болсноор Монгол Улсын тусгаар тогтнолын дүр төрхийг тодорхойлсон томоохон уран бүтээл болсон юм.

1948 онд БХКУДС (ВГИК)-ийг Д.Ганжуур оператор, Ц.Зандраа кино зохиолч мэргэжлээр суралцан төгсөж ирснээр Монголын кино урлагийн анхны дээд мэргэжилтнүүд болцгоосон юм. Ц.Зандраагийн уран бүтээлийн замнал нь Монголын баримтат киноны түүхэн хөгжилтэй салшгүй холбоотой. Тухайлбал, өөрийн орны 30 жилийн түүхэн хөгжлийг харуулсан “Бүгд Найрамдах Монгол Ард Улс” (1951), “Бээжин-Улаанбаатар” (1959), “Улаанбаатар” (1959), “Эртний нутгийн солонго” (1968), “Эх орны манаа” (1968), “Монгол эх орон” (1971), “Алдарт ялалтын 40 жил” (1979) зэрэг түүхэн баримтат томоохон кино, анхны хүүхэлдэйн “Хоёр найз” (1963), цаг үеийн чухал сэдвээр “Бохир гарын нууц” (1962), “Гэмшил, зэмлэл” (1965) баримтат-уран сайхны киног бүтээжээ.

1948-1952 онд найруулагч Б.Гомбо, М.Болд, М.Лувсанжамц, дууны оператор Ө.Чойжилсүрэн, Л.Найдан, Ч.Төрмөнх нар “Тосгоны багш”, “Жинхэнэ хүний тухай тууж”, “Берлиний уналт” (2 ангит) зэрэг киног орчуулж, монгол үзэгчдэд эх хэлээрээ үзүүлсэн нь кинонд дуу оруулсан түүхийн эхлэл болжээ. 1963 оноос гадаадын киног монгол хэлээр хөрвүүлэх жүжигчний ангийг 10 хүний орон тоотой байгуулснаар 1991 он хүртэл ЗХУ, БНХАУ, БНБАУ, БНПАУ, БНАСУ, БНСЧУ, БНУАУ, БНАГУ, БНСВУ, БНСРУ-ын 640 киног үзэгч түмэнд түгээв.