Монгол улсын Соёлын яам, Кино урлагийн зөвлөлийн хамтран 2022 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Кино урлагийг дэмжих тухай хуулийн 5.1.1, 6.1.3, 7.1.1 заалтуудад үндэслэн “Fam Tour-2022” үйл ажиллагааг зохион байгуулж байгаа билээ.
Тус үйл ажиллагааны хүрээнд “Paramount Pictures”-ийн “MTV” энтертайнмент студийн продакшн хариуцсан дэд захирал Carlos Lugo, “Netflix” компанийн менежер Songlee Lee, “Warner Bros Discovery” компанийн олон улсын контент хариуцсан дэд захирал Carrie Regan, “HBO MAX, Warner Bros”-ийн продакшн хариуцсан менежер Krutin Patel, Найруулагч Peiter Sebastian, “Living Films”-ийн туслах найруулагч Apinat Siricharoenjit нар манай улсад хүрэлцэн ирээд байна.
“Fam Tour-2022”-ийн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй гол үйл ажиллагааны нэг болох Монголын шилдэг, шинэ залуу кино бүтээгчид, найруулагч, продюсерүүдтэй харилцаа холбоо тогтоох, хамтарсан уран бүтээл хийх тухай санал, сэтгэгдэл солилцох, Монгол уран бүтээлчдийг дэмжих зорилготой хэлэлцүүлгийг өнөөдөр /9 дүгээр сарын 17/ Соёлын яам, Кино урлагийн зөвлөл, Гадаад харилцааны яам хамтран зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн хүрээнд Монгол Улсын Кино урлагийг дэмжих тухай хууль, эрх зүйн таатай орчин тухайлбал: Татварын буцаан олголт, урамшууллын талаар танилцуулж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бодлого хамтын ажиллагааны тухай мэдээлэл өгч, хамтарсан уран бүтээлийн тодорхой төсөл хөтөлбөрийн талаар ярилцав.