97 ДАХЬ УДААГИЙН “ОСКАР”-ЫН НААДАМД МОНГОЛ УЛСЫГ ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОХ КИНО УРАН БҮТЭЭЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА
Монгол улсын засгийн газрын 2022 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор Кино урлагийн зөвлөл шинээр үүсэн байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Тус зөвлөл нь дарга болон орон тооны бус 10 гишүүдээс сонгон шалгаруулалтаар бүрдэх ба тэдгээрийн 30-аас доошгүй хувь нь соёл, оюуны өмч, төсөв, санхүүгийн салбарын төрийн байгууллагын төлөөлөл байх бөгөөд бусад гишүүн нь кино үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа уран бүтээлч,мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөлөл байдаг. Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөл нь АНУ-ын кино академиас жил бүр зохион байгуулдаг Оскарын шагнал гардуулах ёслолын тухайн жилд заасан нөхцөл шаардлагыг хангасан бөгөөд 2022 оноос эхлэн тус шагнал гардуулах ёслолд гадаад хэл дээрх шилдэг кино төрөлд Монгол Улсыг төлөөлөн албан ёсоор нэр дэвшүүлэх киног сонгон шалгаруулж байгаа юм.
97 дахь удаагийн Оскарын кино наадам 2025 оны 3 дугаар сард Лос-Анжелес хотноо зохион байгуулагдах бөгөөд Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөл нь 2024 онд бүтээгдсэн монгол кино дундаас Оскарын наадмын урьдчилсан сонгон шалгаруулалтад явуулах үндэсний киног шалгаруулах гэж байна.
Уран бүтээлчид та бүхэн дараах шаардлагыг хангасан уран бүтээлээ Кино Урлагийн зөвлөлд илгээнэ үү.
Сонгон шалгаруултад оролцох кино бүтээлд тавигдах шаардлага:
– АНУ болон харьяа нутаг дэвсгэрүүдээс нь гадна хийгдсэн, 40 минутаас дээш урттай бүтээл байх
– Харилцан ярианы 50-иас дээш хувь нь англиас өөр хэл буюу монгол хэлээр байх
– Монгол улсад 2024.01.01-11.30 хооронд нээлтээ хийсэн байх
– Кино театрт дор хаяж 7 өдөр дараалан, ашгийн зорилгоор толилуулагдсан байх (Фестивалийн үзвэр үүнд хамаарахгүй)
– Кино театрт гарахаас бусдаар олон нийтэд түгээгдсэн, толилуулагдсан бүтээл байж болохгүй (Өргөн нэвтрүүлгийн болон кабелийн сувгаар, IPTV,PPV/VOD хэлбэрийн үйлчилгээгээр,DVD-ээр, нислэгийн үзвэрт г.м.)
– Кино бүтээх үйл явцад Монгол уран бүтээлчид голлох үүрэгтэй оролцсон байх
Сонгон шалгаруултад оролцох кино бүтээлийг хүлээн авах хугацаа:
– 2024 оны 08 сарын 15 -ны өдрөөс эхлэн 2024 оны 09-р сарын 10-ний өдрийг хүртэл доорх холбоосоор хандан киногоо бүртгүүлнэ үү.
Шалгаруулалтын дүрэм, журмын талаар мэдээллийг дараах холбоосоор хүлээн авна уу.
Холбоо барих утас: (+976 51 262226)
Санал, хүсэлт, тодруулга авах secretariat@filmmongolia.gov.mn хаяг руу илгээнэ үү.