77 ДАХЬ УДААГИЙН КАННЫН КИНО НААДМЫН ДЭРГЭДЭХ “MARCHÉ DU FILM”
КИНО МАРКЕТ ЭХЭЛЛЭЭ
Бүгд Найрамдах Франц улсын Канн хотноо 2024 оны 05 дугаар сарын 14-25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй 77 дахь удаагийн Каннын олон улсын кино наадамд Соёлын Яамны харьяа Кино Урлагийн Зөвлөл болон Монгол улсын уран бүтээлчид албан ёсны павильонтойгоор гурав дахь жилдээ оролцож байгаа юм.
Энэхүү кино наадмын дэргэдэх ”Marche Du Film” кино маркетын хүрээнд Кино урлагийн зөвлөлөөс олон улсын наадамд Монгол уран бүтээлчдийг оролцуулж олон улсын хамтарсан кино төсөл бүтээх боломж бий болгох зорилгоор “Mongolian Pitch Session in Cannes” арга хэмжээг 05 дугаар сарын 19-ны өдөр зохион байгуулна.
Арга хэмжээний үеэр Монгол улсын 5 уран бүтээлч өөр өөрсдийн онцлог бүхий кино төслүүдээ олон улсын уран бүтээлчид болон продюсеруудад танилцуулах юм.
Түүнчлэн 77 дахь удаагийн Каннын Олон улсын кино наадмын дэргэдэх ”Marche Du Film” кино маркетын үзвэрийн хэсгээр PALAIS H кино театрт Найруулагч О.Цэгмидийн “366 дахь өдөр” уран сайхны кино үзэгчдийн хүртээл болно.