Бусаны 27 дахь удаагийн олон улсын кино наадам 2022 оны 10-р сарын 5-14-ны хооронд зохион байгуулагдаж байна. Наадмын хүрээнд Монгол Улсын Соёлын яам, Монголын кино урлагийн зөвлөлөөс 10-р сарын 9-нд “Монгол өдөрлөг” арга хэмжээг “The Westin Josun” зочид буудлын хүндэтгэлийн танхимд амжилттай зохион байгууллаа.
“Монгол өдөрлөг”-ийг нээж Kино урлагийн зөвлөлийн дарга Ч. Ундрал үг хэллээ. Энэхүү арга хэмжээнд Өмнөд Солонгос, Тайланд, Филиппин, Америк, Япон, Итали, Франц зэрэг олон улсын кино уран бүтээлчид, студи, продакшнуудын төлөөлөл болох Asian Film Commissions Network, Blintn platform, Bridgen the Dragon, Regal Entertainment LLC, N.A.P Filmz LLC, Freeway Entertainment зэрэг 50 гаруй уран бүтээлчид ,компаниуд хүрэлцэн ирсэн бөгөөд цаашид Монголын кино уран бүтээлчидтэй болон Монгол улсад хэрхэн төсөл хэрэгжүүлэх талаар үр дүнтэй уулзалт ярилцлагуудыг өрнүүлсэн юм.
Мөн Монголын язгуур урлагийн үзүүлбэр “Морин хуур”, “Хөөмий”, “Монгол бүжиг”-ын үзүүлбэр сонирхуулсан нь ирсэн зочдод маш их таалагдаж тэдний талархлыг ихээр хүлээсэн юм.
Монголд кино зураг авалт хийх үзэсгэлэнт газруудыг харуулсан видео танилцуулга мөн буцаан олголтын урамшуулалын танилцуулга видеог хууль эрх зүйн орчинд танилцууллаа.
27 дахь удаагийн Бусаны олон улсын наадамд оролцоход болон тус өдөрлөгийг амжилттай зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн Монгол улсаас БНСУ-ын Бусан хотноо суугаа Консул Ц.Өнөрзаяа болон Дипломат Төлөөлөгчийн Газрын хамт олон, МИАТ ХК, Шангри-Ла зочид буудал байгууллагуудад Монголын Кино Урлагийн Зөвлөлийн хамт олны зүгээс талархал илэрхийлж байна.