Бусаны 27 дахь удаагийн олон улсын кино наадам нь 2022 оны 10-р сарын 05-14-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус наадамд Монгол Улсын Соёлын яам, Монголын кино урлагийн зөвлөл, зөвлөлийн ажлын алба болон Mонгол контент, Филмбридж, C1 телевиз, “Шүүдэр” зэрэг студи, продакшн, кино уран бүтээлчдийн төлөөлөл оролцож байна.
Монгол Улсаас анх удаагаа Бусаны олон улсын кино наадмын Азийн кино маркетад өөрийн асарыг байгуулан оролцож Монгол Улсын кино урлагийн салбарын эрх зүйн орчин, татварын буцаан олголтын хөтөлбөр, кино урлагийн зөвлөлийн үйл ажиллагаа болон Монголын шинэ кино уран бүтээлийг танилцуулсан бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 9-ний өдөр “Монголын өдөрлөг” арга хэмжээг зохион байгууллаа.
Наадмын хүрээнд Соёлын яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Гарьд болон Монголын кино урлагийн зөвлөлийн дарга Ч.Ундрал нар Азийн кино комиссуудын сүлжээ, Солонгосын кино комисс болон Бусан, Филиппин, Тайланд Улсын кино комисс удирдлагатай харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хоёр талын уулзалт хийж санал солилцлоо.
Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин – Sales girl” уран сайхны кино энэхүү наадмын “A Window on Asian Cinema” уралдаант хэсэгт шалгаран өрсөлдөж байна.
Мөн бидний үйл ажиллагааг дэмжин ажилладаг Миат ХК, Шангри-Ла зочид буудал байгууллагуудад талархаж байгаагаа илэрхийлье.