27 дахь удаагийн “Бусаны Олон Улсын Кино Наадам”- ын /BIFF/ албан ёсны мэдээ Лхагва гарагт /09 дүгээр сарын 07-ны өдөр/ зарлагдлаа.
Азийн орнуудад зохиогддог кино наадмууд дундаа А зэрэглэлийн наадам болох “Бусаны Олон Улсын Кино Наадам” нь 70 гаруй орны 200 орчим кино бүтээлүүдийг сонгон шалгаруулж 14 хэсэгт нэр дэвшүүлдэг билээ. Уг кино наадам нь 2022 оны 10 сарын 5-14-ны өдрийн хооронд зохион байгуулагдах юм.
Энэхүү наадмын “A Window on Asian Cinema” хэсэгт Номадиа Пикчерс, Монголын Кино Бүтээгчдийн Холбоо болон найруулагч Ж.Сэнгэдорж нарын хамтран бүтээсэн “Худалдагч охин” /“The Sales Girl”/ уран сайхны кино нь албан ёсоор шалгаран 40 гаруй орны бүтээсэн 30 кинотой өрсөлдөх эрхээ авлаа. “Худалдагч охин” киноны уран бүтээлчдийг энэ 10 дугаар сард оролцох “Бусаны Олон Улсын Кино Наадам”-д Монголын Кино урлагийн зөвлөл дэмжин ажиллаж байна.
“A Window on Asian Cinema” хэсэг нь Азийн кино урлагийн салбарт өөрийн хэв маяг, онцлог шинж бүхий уран бүтээлүүдээрээ гарч ирж буй нэр хүндтэй найруулагчид болон шинэ залуу найруулагчдийн сүүлийн үеийн шилдэг бүтээлүүдийг олонд таниулдгаараа онцлогтой юм.
Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин” уран сайхны кино нь “Осакагийн Азийн Кино наадам 2022”-д өрсөлдөж “Шилдэг эмэгтэй гол дүр”, “Нью Йоркын Азийн Кино наадам 2022”-д сонгогдон өрсөлдөж “Шилдэг кино” зэрэг шагналуудыг хүртээд байгаа билээ.
“Худалдагч охин” уран сайхны кино багт энэ 10 дугаар зохион байгуулагдах “Бусаны Олон Улсын Кино наадам”-д амжилттай оролцохыг хүсье!