Жил бүр уламжлагдан зохион байгуулагддаг Digicon6 ASIA наадамд энэ жил Камбож, Бангладеш, Хятад, Хонг Конг, Монгол, Энэтхэг, Япон, Солонгос зэрэг 17 улсын уран бүтээлчид оролцсон байна. 2020 оноос хойш Алтан Өргөө кино наадам нь Digicon6 ASIA -тай хамтран Digicon6 Mongolia тусгай шагнал хүртсэн кинонуудыг өрсөлдүүлэх болсон билээ.
Энэ жил Алтан Өргөө наадмын захирал Ш.Ихбаяр өөрийн биеэр оролцогч нартай хамт Токио хотноо Digicon6 ASIA наадамд оролцов.
Энэхүү наадамд “Алтан өргөө” олон улсын кино наадмаас “Digicon6 Шинэ үе” шагналыг хүртэж Азийн бусад ялагчидтай өрсөлдөх эрхээ авсан залуу найруулагч Д.Номин “Би манлайлагч” бүтээлээрээ “Digicon6 ASIA Rising star” шагналын эзэн болжээ. Мөн “Алтан Өргөө” олон улсын кино наадмаас “Шилдэг хүүхэлдэйн кино” шагнал хүртэж Digicon6 явах эрхээр шагнагдсан залуу найруулагч М.Аззаяа Gold-ийн төлөө “Сүүдэр” уран бүтээлээрээ Монгол улсаа төлөөлөн өрсөлдсөн юм.
Silver төрөлд “Альфа эрийн асуудал” (Irmentrud, Baktory), “Бүсгүй хөх цувтай байсан” (Л.Лхагвадорж) нар мөн өрсөлдөв.
Digicon6 ASIA наадамд Монгол улсаа төлөөлөн оролцсон, шагнал хүртсэн залуу уран бүтээлчиддээ баяр хүргэж, цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье!