ХБНГУ-ЫН СОЁЛ, МЕДИА АГЕНТЛАГИЙН СОЁЛ УРЛАГИЙН ГАЗРЫН ДАРГА НОЁН ИНГО МИКСТЭЙ
АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Соёлын яамны харьяа Кино урлагийн зөвлөл Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Берлин хотноо 02 дугаар сарын 15-25-ний өдрүүдэд зохион байгуулагдсан 74 дэх удаагийн Берлиний олон улсын кино наадамд амжилттай оролцлоо. Кино наадмын үеэр “Монгол Өдөрлөг” “Монгол кино өдөрлөг”-ийг зохион байгуулж, Монгол ахуй соёл, өв уламжлалаа таниулан сурталчлахаас гадна Монгол киноны алтан үеийн гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэсэн юм. Түүнчлэн кино урлагийн салбарын эрх зүйн орчин, буцаан олголтын журам, кино зураг авалт хийх санал болон зураг авалт хийх боломжтой өвөрмөц тогтоц бүхий онцгой байршлуудыг танилцуулав.
Үүний зэрэгцээ 02 дугаар сарын 20-ны өдөр ХБНГУ-ын Засгийн газрын харьяа Холбооны Соёл, медиа агентлагийн Соёл урлагийн газрын дарга ноён ИНГО МИКС, Кино үйлдвэрлэл, олон улсын хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн хатагтай ЭЛС ХЭНДРИКС нартай уулзаж, Засгийн газар хоорондын хамтарсан төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулах болон салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулж, сургах, харилцан “КИНО ӨДӨРЛӨГ” зохион байгуулах, туршлага солилцох зэрэг асуудлаар санал солилцлоо.
Тус уулзалтын бүрэлдэхүүнд Монгол талаас Кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны дарга Ч.Ундрал, КУЗ-ийн Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Г.Номин-Эрдэнэ болон Соёлын элч О.Оюунтуяа нар оролцов.