СИДНЕЙН КИНО НААДАМД МОНГОЛ УРАН БҮТЭЭЛҮҮД ТОЛИЛУУЛАГДАНА
Соёлын яамны харьяа Кино урлагийн зөвлөлийн “Кино урлагийг дэмжих сан”-гаас тодорхой хэсэгт санхүүгийн дэмжлэг үзүүлсэн “Сэр Сэр Салхи” уран сайхны кино нь 71 дэх удаагийн Сиднейн олон улсын кино наадмын олон улсын үзвэрийн хэсэгт 06 дугаар сарын 6,7-ны өдрүүдэд үзэгчдийн хүртээл болох гэж байна.
Энэхүү кино наадам нь 06 дугаар сарын 05-наас 06 дугаар сарын 16-ны өдрүүдэд Австрали улсын Сидней хотноо зохион байгуулагдаж байгаа билээ.
Дашрамд дурдахад тус бүтээл нь 80 дахь удаагийн Венецийн Олон улсын кино наадмын “ORRIZONTI” хэсэгт шалгаран олон улсад нээлтээ хийсэн ба “Шилдэг Эрэгтэй Жүжигчин” шагналыг хүртсэн. Мөн 17 дахь удаагийн “ASIAN FILM AWARDS ACADEMY” “Шинэ Шилдэг Жүжигчин” шагнал, 19 дэх удаагийн Осакагийн Азийн Олон Улсын наадмын “Grand Prix” зэрэг шагналыг хүртсэн юм.
Мөн Найруулагч Г.Номингийн “Бүжигчин” /Dancer/ богино хэмжээний кино нь Сиднейн олон улсын кино наадамд албан ёсоор шалгарчээ. Кино наадмын үеэр 06 дугаар сарын 7,9-ний өдрүүдэд үзэгчдийн хүртээл болно. Энэхүү бүтээлийг Монголын Урлагийн Зөвлөл болон Австралийн “Bus Stop Films” хамтран бүтээсэн юм.
Кино баг хамт олонд баяр хүргэж, цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье!