МОНГОЛ КИНОНЫ БАРИМТЫН ТОВЧООН (1921-2024) номын нээлт, уулзалт зохион байгуулагдлаа

МОНГОЛ КИНОНЫ БАРИМТЫН ТОВЧООН (1921-2024) номын нээлт, уулзалт зохион байгуулагдлаа
МОНГОЛ КИНОНЫ БАРИМТЫН ТОВЧООН (1921-2024) номын нээлт, уулзалт зохион байгуулагдлаа
Монголын Урлагийн Зөвлөл нь Монгол улсын Хөдөлмөрийн баатар, кино найруулагч Г.Жигжидсүрэн, монгол кино судлаач Д.Цэцэг нартай хамтран “Монгол киноны баримтын товчоон” (1921-2024)” номыг олон нийт, судлаач, оюутан залууст танилцуулж байна.
Анх 1965 онд БНМАУ-ын Соёл Гэгээрлийн Яамнаас 1928-1960 оны хооронд хийгдсэн соёл, урлагийн талаарх судалгаа, нийтлэл, сэтгүүл зүйн эх материалуудыг судалж, эмхэтгэсэн бөгөөд түүнээс хойш энэ төрлийн судалгаа огт хийгдээгүй өдийг хүрсэн.
Кино найруулагч Г.Жигжидсүрэн, монгол кино судлаач Д.Цэцэг нар нь кино урлагийн талаарх ойлголт, мэдээллийг хойч үедээ уламжлуулан үлдээх, монгол киноны шүүмж судлалын эх сурвалжийг баяжуулах зорилгоор сонин, сэтгүүл, цахим орчинд нийтлэгдсэн бичвэрүүд болон 2000 оноос хойш хийж буй судалгаан дээр үндэслэн “МОНГОЛ КИНОНЫ БАРИМТЫН ТОВЧООН” (1921-2024)” номыг бүтээлээ.
Энэхүү ном нь нийт 6 бүлэг бүхий дараах агуулгаас бүрдэнэ:
● ХХ, ХХІ зууны уран сайхны болон баримтат, хүүхэд, хүүхэлдэй, олон ангит кино, Монгол уран бүтээлчид оролцсон гадаад киноны тухай 600 орчим ШҮҮМЖ НИЙТЛЭЛ
● Гадаадын болон дотоодын уралдаан, кино наадам, Монгол уран бүтээлчдийн шагнал хүртсэн кино наадмын тухай КИНО НААДАМ
● 700 орчим УРАН БҮТЭЭЛЧДИЙН ХӨРӨГ, ЯРИЛЦЛАГА
● 1940 оноос хойш хэвлэгдсэн НОМ БҮТЭЭЛ
● 1936 оноос өнөөдрийг хүртэл “Монгол кино” үйлдвэр, студи продакшнд бүтээгдсэн 1,100 орчим кино,
● 2017 оноос IPTV-д бүртгэгдсэн 400 орчим кино контентийн ЖАГСААЛТ.
Энэхүү номонд орсон мэдээлэл Монгол өгөгдөлд суурилсан кино судалгааг хөгжүүлэхэд үнэ цэнэ бүхий цогц эх сурвалж болно. Утга зохиол, урлаг судлалаар суралцаж буй оюутан, залуу судлаачдад монгол киноны түүх, хөгжлийн судалгаа, шүүмж судлалыг үргэлжүүлэн хөгжүүлэхэд анхдагч, гол хэрэглэгдэхүүн болох нь дамжиггүй юм.