Итали улсын Венец хотноо 79 дэх удаагийн Венецийн олон улсын кино наадам амжилттай үргэлжилж байгаа билээ.
Тус наадамд Монголын кино урлагийн зөвлөлийн төлөөлөгчид болон найруулагч П.Лхагвадуламын “Есдүгээр сарын цас” богино хэмжээний киногоор “ORIZZONTI” уралдаант хэсэгт оролцож байна. Энэ жилийн хувьд Монголын кино урлагийн зөвлөл Венецийн олон улсын кино наадамд анх удаа оролцож буйгаараа онцлогтой.
Наадмын үеэр буюу 9 дүгээр сарын 4-ны өдөр Монголын кино урлагийн зөвлөл хэвлэлийн хурал хийж өөрийн орны кино урлагийн салбар, гадны уран бүтээлчдэд зориулсан буцаан олголтын хөтөлбөрөө танилцуулахаар бэлтгэн ажиллаж байна.
Өнөөдөр (9 дүгээр сарын 2) тус наадмын “Venice days” хөтөлбөрийн захирал Жиоржио Гозеттэй уулзалт зохион байгуулж ирэх жилийн наадмын “Venice days” хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад Монгол кинонуудыг илгээх талаар санал, хүсэлт солилцлоо.
79 дэх удаагийн Венецийн олон улсын кино наадамд 18 бүрэн хэмжээний кино, 12 богино хэмжээний кино өрсөлдөж байгаа бөгөөд 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 10-ны өдрүүдэд үргэлжлэх юм.