30 ДАХЬ УДААГИЙН “ЛИСТАПАД” ОЛОН УЛСЫН КИНО НААДМЫН БҮРТГЭЛ ЗАРЛАГДЛАА
Бүгд найрамдах Беларусь Улсын Минск хотноо 2024 оны 11-р сарын 1-8-ны хооронд зохион байгуулагдах 30 дахь удаагийн “ЛИСТАПАД” олон улсын кино наадмын бүртгэл зарлагдлаа.
Тус кино наадам нь оролцогч орнууд болон кино уран бүтээлчдийн хоорондын харилцаа холбоог хөгжүүлэх, бэхжүүлэх, туршлага, санал солилцох зорилготой.
Энэхүү наадмыг Бүгд найрамдах Беларусь улсын Соёлын яам, Минск хотын гүйцэтгэх хороо , Беларусь Улсын кино нэгдсэн үйлдвэр “Беларусьфильм” үндэсний кино студи нар хамтран зохион байгуулж байна.
Кино наадмын хөтөлбөрт:
Уралдаант хэсэг /долоон төрлөөр бүтээл хүлээн авна/
Уралдаант бус хэсэг буюу “Ретроспектив” хэсэг
Алдарт кино уран бүтээлчидтэй уулзах хэвлэлийн бага хурал
Мастер класс
Үзэсгэлэн
Танилцуулга
Тус кино наадмын уралдаант хэсгийн төрөлд дараах долоон төрөл хамаарна :
Шилдэг бүрэн хэмжээний уран сайхны кино
(52 минут дээш хугацаанд үргэлжлэх, 2023-2024 онд бүтээгдсэн байх)
Шилдэг бүрэн хэмжээний баримтат кино (26 минутаас илүү эсвэл 1 цагаас хэтрэхгүй байх, мөн 2023-2024 онд бүтээгдсэн байна)
Шилдэг анимэйшн бүтээл
(Кино урлагийн төрөл харгалзахгүй, 5 болон түүнээс дээш минут үргэлжлэх, 2023-2024 онд бүтээгдсэн байна)
“Листападзик” нэрт өсвөр насныхан болон залууст зориулсан шилдэг кино бүтээл
(Уран сайхны кино эсвэл анимэйшн бүтээл байж болно. Өсвөр насныхан болон залууст зориулсан, багадаа 52 минутын хугацаанд үргэлжлэх, 2023-2024 онд бүтээгдсэн)
Залуу уран бүтээлчдийн ангилалд “Cinema of the Young” нэрт залуу уран бүтээлчдийн бүтээсэн шилдэг кино бүтээл (Багадаа 52 минутын хугацаанд үргэлжлэх, 2023-2024 онд бүтээгдсэн байх. Кино бүтээлийн найруулагч нь 45-аас доош настай байх)
Үндэсний кино урлагийн сургуулийн нэрэмжит шилдэг кино бүтээл (2023-2024 онд бүтээгдсэн,кино урлагийн сургуулийн оюутны бүтээл байх.)
Үндэсний шилдэг кино бүтээл (Бүгд Найрамдах Беларусь улсын уран бүтээлчийн бүтээл нэр дэвшинэ)
Бүтээл хүлээн авах хугацаа:
Уралдаант хэсгийн сонгон шалгаруулалтад оролцох кино бүтээлийн хуулбар нь тухайн улсын төрөлх хэл дээр байгаа тохиолдолд Англи эсвэл Орос хадмал орчуулгатай байх шаардлагатай.
Уралдаант хэсгийн сонгон шалгаруулалтад оролцох кино бүтээлийг 4-р сарын 1-нээс 9-р сарын 1-ний хооронд хүлээн авна. “Шаардлагатай тохиолдолд 9 дүгээр сарын 10 хүртэл нэмэлт хугацаа өгнө”
Уралдаант болон уралдаант бус хэсэгт шалгарсан уран бүтээлийн Ерөнхий найруулагч, Продюсер, жүжигчин гэх мэт төлөөлөн явах уран бүтээлчийн 3 хоногийн хоол, байр, хоёр талын замын зардлыг тус кино наадмын зүгээс бүрэн хариуцна.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр орж, хүлээн авч уран бүтээлээ бүртгүүлнэ үү.
Кино уран бүтээлээ илгээж буй уран бүтээлчид Кино урлагийн зөвлөлийн secretariat@filmmongolia.gov.mn цахим хаяг руу мэдээллээ илгээж, бүртгүүлнэ үү.