Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the wordpress-seo domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /srv/www/wordpress/wp-includes/functions.php on line 6114

Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the breadcrumb-navxt domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /srv/www/wordpress/wp-includes/functions.php on line 6114
Кино шүүмж 2024 - Mongolian National Film Council

Кино шүүмж 2024

Кино урлагийн зөвлөлөөс зохион байгуулсан “Кино шүүмж бичих арга зүй” сургалтын оролцогчдын кино шүүмжийг цувралаар хүргэж байна.

Кино шүүмж 2024
А.ХАШ-ЭРДЭНЭ
Кино шүүмж 2024
А.ХАШ-ЭРДЭНЭ
Хувьсаагүй Хувьсалын хувь заяа – А.ХАШ-ЭРДЭНЭ
Сумын төвийн дэлгүүрийн гаднаас нүдэн баримжаагаар харвал 10-11 орчим насны эршүүд төрхтэй, нүүрэнд нь хэт томдсон гэмээр салхивч шилтэй, хүзүүгээ эрээн даавуугаар ороосон жижигхэн охин тод ногоон өнгөтэй, гурван дугуйт мотоциклийг сурамгай гэгч нь хаазлан асааж, хурдлан давхина. Харин түүний хажуу кабин суудалд 40 гаруй насны бавгар сахалтай, чихээ дарсан онгоцны нисгэгчийнх шиг малгайтай, нэлээд архи балгаж халамцсан бололтой эр унтаа байдалтай явна. Мотоцикл унаж яваа өсвөр насны хэрсүү охиныг Хувьзаяа (өсвөр үеийн залуу жүжигчин У.Нартай) гэдэг бол хажууд нь унтаж байгаа хүн түүний аав Пунцаг (П.Эрдэнэзаан) юм. Аав охин хоёр ам бүл хоёул, говь нутгийн хөдөө мал маллан амьдардаг бөгөөд сумын төв рүү ирж хүнсээ базаачхаад буцаж яваа нь тэр.
Хувьсал продакшны дэлгэцийн 8 дахь уран бүтээл болох “Хувь Заяа” уран сайхны киноны дээрх эхлэл хэсгийн сцен нь үзэгч надад тун догь санагдсан. Аав нь уусан юмандаа бараг л тасарч унаад жолоо барих чадваргүй болсон үед түүнийг ажралгүй “Шаахай” (Оросын Урал М-72 загварын мотоциклийг Монголчууд ийн нэрлэдэг)-даа шуудайтай гурил болон бусад хүнсний зүйлсээ ачаад, хээв нэг гэр лүүгээ давхиж яваа нь өмнө нь Хувьзаяад ийм явдал бишгүй л тохиолдож байсан буюу хөдөө нутагт өссөн хүүхэд бага балчиртаа хэдийн тулгарсан асуудлыг туулах аргаа мэддэг, биеэ даасан байдгийг илтгэх мэт. Мөн тус сценд Монгол ардын дуу “Ванлий” (дуучин Д.Бурмаагийн дуулсан хувилбар)-г ашигласан нь сайн зохицол болжээ.
Киноны гуравдах гол дүр бол сумын төвөөр олны анхаарлыг өөр дээр төвлөрүүлэн алхах 40 эргэм насны хээнцэр эмэгтэй Сүрэн (У.Уранчимэг) болой. Харваас Сүрэн өмнө нь бага залуудаа энэ нутагт амьдран сууж байсан, нутгийн олон ч түүнийг эчнээ таньж мэддэг болох нь анзаарагдана. Уг сцен нь 2000 онд гарч байсан “Малена” киноны хэсэгтэй ижил төстэй санагдсан.
Энэхүү бүтээлийн найруулагчаар Хувьсал продакшны зохиолч, найруулагч, тус продакшны өмнөх кинонуудад жүжигчнээр ажиллаж байсан Г.Бямбасүрэн ажиллажээ. Бямбасүрэн найруулагчийн зохиол нь Пунцаг-Хувьзаяа-Сүрэн гэсэн гурван өөр хүсэл зорилготой, хувь хувьдаа өөрийн гэсэн зовлонг амсаж яваа гол дүрүүдтэй. Эхний хэсгийн дараа тэдгээр нь тодорхой болсон бөгөөд цаашид найруулагч хэрхэн гол дүрүүдээ огтлолцуулж, тэдний өмнөх түүхүүдийг ил болгож, зөрчлүүдийг гаргаж ирэх бол гэсэн хүлээлтийг үүсгэж байсан.
Говь нутгийн хөдөө амьдардаг айл, тэдгээрийн ахуйг харуулах аястай ч аж ахуйтайгаа харилцах харилцаа багатай, хөгжмийн тал дээр дүрүүдийн хоорондын маргаан, тэмцэл, эргэлт гарах үед л огцом солигдохоос өөрөөр чихэнд хоногшиж үлдэхүйц бус, хөндий хоосон сонсогдож байлаа. Найруулагчийн ахуйтай бага зэрэг ойртуулсан байж болох шийдэл нь ингэ хөөслөх буюу “ботго авхуулах зан үйл” ба гологдсон ботго, Хувьзаяа охин хоёрын тавилан ижил мэт зүйрлэлийг үзүүлсэн. Пунцаг-Хувьзаяа-Сүрэн нарын гуравласан зөрчилдөөнтэй үзэгдлүүд дээр камерын тавилтууд хөгжмийг дагаж өөрчлөгдөх авч эхний сценийг гүйцэхүйц сонирхолтой байсангүй.
Жүжигчин Уранчимэг, Эрдэнэзаан нарыг өмнө нь дэлгэцээр олон төрлийн дүрд өчнөөн янзаар харсандаа ч юм уу шинэлэг зүйлс тэднээс ажиглагдахгүй байсан бол өсвөр үеийн хүүхдүүд дундаасаа сонгон шалгаруулалтаар гарч ирсэн Нартай өөрийн уналт босолттой харилцан яриануудаараа кинонд өнгө нэмж, онцгойрч харагдсан. Түүний хоолойн өнгө болон текстээ цоглог бөгөөд нүүрний хувирлаа гарган тоглож байгаа нь таалагдсан.
Хайртай эмэгтэйтэйгээ эргэн нийлж амьдралаа холбох хүсэлтэй нөхөр Пунцаг, өмнөх амьдралаас нь үлдсэн хар бараан толботой, түүндээ шаналах эхнэр Сүрэн, төрүүлсэн ээжийгээ хэзээ ч мартаагүй охин Хувьзаяа гурвын эдгээр хоорондох холбоог найруулагч төдийлөн ашиглаж чадаагүй. Сүрэнд тун дургүйлхэж байсан Хувьзаяа гэнэт л дараагийн сценээр түүнд сайн хандаж эхлэх, Пунцаг Сүрэнгийн асуудлыг хялбархан шийдэх, ингээд цочирдом хурднаар аз жаргалтай гэр бүл болж хувирах, төд удалгүй болох хэт шуурхай эргэлт зэрэг нь киног бүхэлд нь үзэгчийг уйлуулахад “хүчилсэн” төдийгүй зовлонгоор бөмбөгдсөн “хийсвэр” харагдуулахад хүргэсэн юм.
Сүүлийн жилүүдэд гарсан Монгол кинонд ажиглагдах болсон маркетингийн түгээмэл нэгэн арга барил бол киноны постер болон трейлерт ашиглах зорилгоор олны танил, мэргэжлийн бус алдартай эрхмүүдийг киноны 1-2 сценд “шургуулан” оруулах явдал. Тус маркетингийн “мэх” нь киноны борлуулалтад эерэг үр дүн авчирч болох ч үүнийг “Хувь Заяа”-гийн төгсгөлийн хэсэгт оруулсан нь хамгийн тааруухан найруулгын шийдэл байлаа.
“Эмэгтэй хүн бүрийн дотор эх хүний сэтгэл оршиж байдаг” гэсэн логлайн өгүүлбэрээ батлах гэсэн мэт киноны туршид Сүрэнгийн дүрийг өмгөөлсөн, зөвтгөсөн тавилтууд явсан нь нөгөө хоёр гол дүр болох Пунцаг, Хувьзаяа нарыг хүсэл, зорилгогүй, ач холбогдолгүй болгож харагдуулсан. Улмаар Хувьсал продакшны шинэ уран бүтээл нь өмнөх бүтээлүүдээсээ агуулгын хувьд хувьсаж өөрчлөгдсөн зүйлгүй болох нь тодорхой болсноор дээрх гарчгийг оноож дүгнэсэн билээ.
Алтанхуягийн Хаш-Эрдэнэ нь кино сонирхогч ба ДДЭШ ТВ ХХК-ий Контент хөгжүүлэлтийн хэлтэст Суваг хөгжүүлэлтийн мэргэжилтнээр ажилладаг. Тэрээр кино шүүмж бичих өөрийн сонирхлын дагуу Фейсбүүк платформ дээр “Кино Сонирхогчид” нэртэй хуудас хөтөлдөг бөгөөд тэрхүү хуудсаараа дамжуулан “Шар Гэгээ”, “Restart”, “Cobweb” зэрэг кинонууд дээр богино бичвэрүүд бичиж нийтэлж байжээ.
Кино шүүмж 2024
А.ЭНХМЭНД
Кино шүүмж 2024
А.ЭНХМЭНД
One Beetlejuice, Please! – А.ЭНХМЭНД
“Энэ кино аймшгийн гэхэд айх зүйл алга, инээдмийн гэхэд инээх зүйлс багатай юм” гэх Beetlejuice Beetlejuice киноны маркетингийн албаны дунд гарсан явган шог яриаг олж уншсан юм. Мэдээж хэрэг эл киног ямар нэгэн хэв шинжид багтааж, төрөл зүйлд ангилах шаардлагагүй биз. Учир нь энэ кино бол Tim Burton л бүтээх абсурд ертөнц. Гагцхүү “үхэл” гэдэг зүйлийг хөнгөн хошин байдлаар дүрслэн, хүний хойд насны амьдралыг егөөдөн илэрхийлэх гуниггүй марзан өнгө аясаар сонирхолтой кино бүтээх нь ганц түүний сэтгэх зүйл мэт.
Киноны бүтэц нь эхний ангитайгаа (Beetlejuice, 1988) адил эхлэл, ижил төгсгөлтэй нь магад эхний ангидаа үзүүлж буй хүндэтгэл (tribute) мэт эсвэл нэг ёсны дахин бүтээж (remake) буй хувилбар шиг мэдрэмж өгөв. Мөн хөгжимт (musical) элементээ энэ анги дээрээ илүү баяжуулсан нь үзэхэд сонирхол татам бөгөөд хөгжмийн сонголтууд нь үнэхээр дурлуулам байсны нэг нь яахын аргагүй Bee Gees хамтлагийн Tragedy дуу мөн юм. Учир нь энэ хэсэгт шинэ дүр болох Delores (Monica Bellucci) буюу сүнс залгигч үзэгчидтэй анх удаа уулзах ба уг дүрийн танилцуулга нь нь сэтгэл хөдөлгөм байлаа.
Харин киноны зохиол хөгжүүлэлт хэт ядмаг, хялбар шийдэлтэй санагдсан төдийгүй, өмнөх ангитайгаа зууралдсан байдал буюу эхлэл хэсгийн (opening credits) дроны дүрс, байшингаас хөдлөөд зам дагуу уруудах машинтай хэсэг болон оочирлож буй үхэгсэд гэх мэт дахин давтагдах дүрслэлийг ажиглавал “хуучинсаг” гэсэн дүгнэлтэд хүргэм. Энэ кинонд үзэгчид эхний ангийн гол дүр Lydia (Winona Ryder)-гийн охин Astrid (Jenna Ortega, Wednesday цувралын гол дүр) болон Lydia-ийн шинэ найз залуу Rory (Justin Theroux)-той танилцана. Харин Rory, Delores болон өөр нэгэн шинэ дүр Jeremy (Arthur Conti) нарын үйлдлүүд нь тийм ч шийдэмгий ноцтой байсангүй. Жишээ нь өмнө нь дурдсан Delores дүрийн танилцуулга хэсэг үнэхээр сэтгэл хөдөлгөсөн ч цаашид гарах үйл явдалд төдийлөн нөлөөгүй, дэмий хоосон байсан бол Jeremy хэмээх Astrid-тай танилцах хүүгийн дүр нь сүрхий зальжин мэт боловч амархан ялагдаж буй байдал харагдав. Мөн Rory-гийн дүр Corpse Bride-ийн эсрэг дүр болох Barkis Bittern-ийг өөрийн эрхгүй санагдуулав.
Түүнчлэн тэртээ 1988 оны Beetlejuice киноны зохиолын бүтэц, киноны уур амьсгалыг давтаад хийчхэв үү дээ гэх хардалт байсан юм. Шинэ ангийн үйл явдлын ойлгомжтой байдал нь “үзэгчид 1988 оны киноноос давтагдаж буй элементүүдийг хэр зэрэг анзаарахаас хамаарна” хэмээн кино шүүмжлэгч Jonathan Romney Screen International кино сэтгүүлд бичсэнтэй санал нэг байна. Гэхдээ бидний харж буй Tim Burton нь өөрийн залуу насаа дурсаж, дотоод Tim Burton-доо хүндэтгэлтэй хандсан байж болох талтай шүү дээ.
Эхний анги дээрх кино зураачийн баг гайхалтай ажилласан нь тайз чимэглэл, хувцас дизайнаас бэлхэн харагдах ба эл анги дээр мөн л график дизайнерууд нь хэт төгс биш үзэмж, албаар мэт болхи төрх байдлыг дүрсээр болон тайз чимэглэлээр урласан нь сайхан шийдэл байлаа.
Уг киноны нэрийг Beetlejuice Beetlejuice хэмээн хоёр давтан хэлж буй нь магадгүй Beetlejuice Beetlejuice Beetlejuice гэх гуравдах бүлэг гарах бэлгэдлийн чанартай санагдлаа. Учир нь уг нэрийг гурвантаа дуудвал дүрсгүй чөтгөр Beetlejuice гарч ирж дүрсгүйтдэг билээ.
Michael Keaton жүжигчний хувьд ч, Beetlejuice дүрийн хувьд ч үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн нэгэн. Хэдий сүйтгэгч дүрсгүй чөтгөрийн дүр ч гэлээ түүнд сэтгэл зүрх бий. Чухам яагаад чөтгөр болсон учир шалтгааныг энэ анги дээр шигтгэсэн нь чимэгтэй. Beetlejuice хэмээх эл чөтгөрийн дүрсгүйтэл алиа марзан байдлын ард үргэлж гуниг дүүрэн өөр нэгэн Beetlejuice байдаг. Магад инээд хөөр, аз жаргалын цаана гуниг гашуудал хүлээж байдаг ч байж мэдэх билээ.
May be an image of 1 person and text
Кино шүүмж 2024
Б.ЗУЛСАЙХАН
Кино шүүмж 2024
Б.ЗУЛСАЙХАН
Кино урлагийн зөвлөлөөс зохион байгуулсан “Кино шүүмж бичих арга зүй” сургалтын оролцогчдын кино шүүмжийг цувралаар хүргэж байна.
ХаРиЛцАаНы УнАлТ – Б.ЗУЛСАЙХАН
2023 оны Каннын кино наадмын Palme d’Or дээд шагналыг хүртсэн Justine Triet найруулагчийн “Уналтын задлан” (Anatomy of a Fall) кинонд дээврээс унаж нас барсан Samuel-ын үхэлд эхнэр Sandra сэжиглэгдэн, харааны бэрхшээлтэй Daniel хүү нь хэргийн гол гэрч болон оролцдог. Төлөвлөсөн, төлөвлөөгүй аллага аль эсвэл амиа хорлолт гэдгийг шийдэх шүүх хурлын явцыг үзэх тусам энэ нь зөвхөн үхлийн тухай бус аажмаар үхэж буй мэт байсан хосуудын харилцааны уналтыг дүрсэлсэн санагдав.
Сайхан зан чанарт татагдан дурлах, илэрч болох алдаа дутагдалд дургүйцэн шүүх, өөрийн хүсэлд нийцүүлэн бусдыг өөрчлөх гэж оролдох нь хүн хоорондын харилцаанд л байх асуудал билээ. Эдгээрээс өөрчлөх гэсэн оролдлого нь маргаан, үл ойлголцлын эхлэл болдог гэдгийг Samuel, Sandra хоёрын харилцан ярианаас харж болно. Нэгнийгээ шүүн хэлэлцэж, буруу зөвөө дэнсэлснээр л тэд нэг нэгнээ алдаж, улам хөндийрөн, туйл хэсэгтээ ямар ч харилцаа өрнөх боломжгүйг илтгэсэн Samuel-ийн үхлээр төгсдөг. Энэ үхэл хэдий төгсгөл ч гэлээ үүнийг киноны зангилаа болгон зохиомжилж, үр дүнгээс шалтгааныг хайх эрэлд хөтөлснөөр киног сонирхолтой болгох чимгүүдийг оруулах боломж олгожээ.
Samuel-ийн үхлийн шалтгаан нь толгойны гэмтэл гэж тогтоогдож, тэр гэмтлийг унахаасаа өмнө аль эсвэл унах үедээ авсан бэртэл болохыг нотолсноор хэрэг нэг тийш шийдэгдэх байлаа. Гэвч аль аль нь байж болох нөхцөл гэдгийг шүүхийн шинжилгээний мэргэжилтэн, шинжээчид тайлбарласнаар, дүрүүдэд амиа хорлох, санаатай аллага үйлдэх сэдэл байсан эсэх дээр талууд мэтгэлцэнэ. Энэ шүүхийн үйл явц, харилцан яриа, таамаглалууд нь маш үнэмшилтэй, сонирхолтой байсан нь 152 минутын киног уйдахгүй үзэх гол хөшүүргүүдийн нэг болж чадсан ба эхнээсээ дуусах хүртлээ жинхэнэ бодит байдлыг үл харуулж, үнэн зөвийг шүүн дэнсэлсэнгүйгээрээ үзэгчдэд өөр өөрийнхөөрөө ойлгох хугацаа олгосон нь бусад нэг төрөл жанрын киноноос ялгарах онцлогтой байлаа.
Зураг авалтын хувьд close up (ойртуулж харуулах) дүрслэл ихээр ашигласан ба ийн нэг хэсэгт төвлөрөн түүнийг удаанаар харуулж байгаа нь тухайн агшинд чухал санаа байгааг дүрсэлсэн мэт бодолд хүргэж байв. Мөн дүрүүдийн нэрсийг, хосуудын дурсамжит зургуудтай хамтад нь кино хөгжмийн зохиолтой нь дэвсэж оруулсан нь эргэн тэдний төгсгөлийг санахад, гунигтай мэдрэмж өөрийн эрхгүй төрүүлмээр. Ерөнхийдөө удаан хэмнэлтэй кино хэдий ч, үе үе Daniel хүү төгөлдөр хуур дээр Chopin-ний аяыг эв хавгүй тоглоход түгшүүрт мэдрэмж төрүүлж, үйл явдлын хурцадмал байдал хийгээд түүний сэтгэл санааны давлагааг далдаар илэрхийлэв бололтой.
Киног анх үзэхэд Sandra-г нөхрөө хороосон гэдэгт бат итгэж байсан ч, дахин үзэхэд дүрийг бүтээсэн жүжигчний жүжиглэлт энэ дүгнэлтэд эргэлзэхэд хүргэв. Нөхрийнхөө зургийг гуниг гашуудалтай харж суугаа харц, тэсэж ядсан ч тэвчишгүй болоод цурхиран уйлах мөч, нөхрөө санагалзан буйдан дээр хэвтэх урт удаан дүрслэл, “Би түүнийг алаагүй” гэж хэлэхэд сонсогдсон хоолойны өнгө зэрэг нь эс жүжиглэсэн мэт, дэндүү амьд байв. Мөн хэсэгхэн хугацаанд гарч байгаа Samuel-ийн бүхнийг өөрчилмөөр байгаа хүсэл тэмүүлэлтэй, хэт шийдэмгий байдал нь түүнийг амиа хорлосон гэхэд яагаад ч итгэмээргүй санагдав. Магад энэ үхэл санаандгүй тохиолдол байж ч болох юм гэж бодов.
Найруулагч хамгийн анхны чимээ болон дүрсийг нохойгоор эхлүүлж, нохойгоор төгсгөсөн нь, нохойнд дэлгэцийн цаг их байхаар зураглаж хийсэн нь Samuel-ийн үхэлд ямар нэгэн байдлаар холбоотой ч юм шиг санагдав. Кинон дээрх бүх жүжигчид дүрээ маш сайн илэрхийлж чадсан гэж хэлэхээр байна. Прокурорын дүрийг нэг үгээр маш зэвүүн гэж хэлэхээр, үнэхээр л ажил мэргэжилдээ дуртай, чадварлаг хийгээд ёжтой байсан нь киног чимж өгөв. Мөн Каннын кино наадамд Palm Dog шагнал байдаг бөгөөд уг киноны нохой тус шагналыг хүртжээ. Түүний жүжиглэлт үнэхээр алмайруулж чадав. Бараг л төгс гэж хэлэхээр болсон энэ кинонд нэг өөлөх зүйл байсан нь, Sandra-ийн өмгөөлөгч Vincent-ийн Sandra-г гэх сэтгэл нь найзаас илүү хайр дурлалын шинжтэй байсан нь байлаа. Тэр хоёрын хоёулхнаа байх тэр хэсгүүд киноны үйл явдал, утга санаанд огтоосоо хамааралгүй, илүүц найруулга байв.
Daniel өөрийн хувьд үнэн гэж итгэсэн гэрчийн мэдүүлгийг өгснөөр хэрэг явдал шийдэгдсэн ч, тэрхүү шийдлийг үнэн зөв эсэхийг сонгох шийдвэр бидний гарт үлдэж байна. Энэ чөлөөт сонголт нь, хүмүүс нэг нэгнээ шүүх үед шүүсэн шийдвэр нь хэзээ ч 100 хувь үнэн эсвэл худал байх боломжгүйг, бусдыг шүүх гэж оролдох үедээ л бүх зүйл буруу болж эхэлдэг гэдгийг харуулах гэж оролдсон мэт. Daniel-ийн дүрийг харааны бэрхшээлтэй болгож хөгжүүлсэн нь ч тэр, хөндлөнгийн хүмүүс бол хэн нэгний амьдралын асуудал, хоорондын харилцааг бүрэн дүүрэн ойлгож, хүлээж авдаггүй, зөвхөн өөрийн харахыг хүссэн, өөрийн итгэхээр сонгосон шийдвэртээ “сохроор шийдвэр гаргаж” байдаг гэдгийг тусгасан мэт санагдав. Samuel-ийн сэтгэл зүйч тэдний харилцааг дүгнэх гэж оролдох үед Sandra, “Уучлаарай, бүгдийг мэдэхгүй байж бидний харилцааны тухай надад заах гэж оролдохоо болино уу” гэж дургүйцсэн үеийн харилцан яриаг киноны гол утга санаа гэж хэлж болохоор санагдана. Ер нь хэн нэгнийг шүүн хэлэлцэх бид яг хэн юм бэ?
Эцэст нь, дээрх гүн гүнзгий философийг, дүрүүдийн хоорондох урт үргэлжлэх харилцан яриагаар чадварлаг илэрхийлж, анхаарлыг өөрийн эрхгүй өөртөө татаж чадахуйц кино болсон байна. Үзсэн хүн бүр өөрийн утгаар орчуулан тайлбарлах боломжтой нь тус киног баялаг бүтээл болсныг илтгэнэ.
Буянтогтох овогтой Зулсайхан нь МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн Утга зохиол судлаач хөтөлбөрийн 3-р түвшний оюутан. Өмнө нь кино шүүмж бичиж байгаагүй бөгөөд хамгийн анхны бичсэн кино шүүмж нь энэ юм.
Кино шүүмж 2024
Б.ОЮУН-ЭРДЭНЭ
Кино шүүмж 2024
Б.ОЮУН-ЭРДЭНЭ
Бид юуг туулна вэ? – Б.ОЮУН-ЭРДЭНЭ
Жюстин Трие найруулагчийн бүтээл болох “Уналтын задлан” 2023 онд нээлтээ хийсэн даруйдаа Каннын кино наадмын дээд шагналыг хүртсэн юм. Залуу эмэгтэй найруулагчийн бүтээл хэдий ч “сэтгэлийн уналт”-ыг айхтар гярхайгаар олж нээжээ.
Герман зохиолч Сандра нөхөр Самюэл, 11 настай хүү Даниэлийн хамт Альпийн нурууны өвөр дэх буйдхан тосгонд амьдран суудаг. Гэтэл нэг өдөр амьсгал хураасан Самюэлийн цогцос байшингийнх нь ойролцоох хунгар доороос олдоно. Цагдаагийнхан Самюэл амиа егүүтгэсэн үү, бусдын гарт амиа алдсан уу гэдгийг тодруулахаар мөрдөж, Сандраг гол сэжигтнээр татна. Ингэсээр яваандаа Самюэлийн үхлийн шалтгааныг тодруулах мөрдлөгөөр зогсохгүй Сандра, Самюэл хоёрын ярвигтай харилцааны сэтгэл түгшээсэн баримтууд ил болно.
Эхнэр нөхрийн хувийн амьдрал, ээдрээт асуудлууд шүүх хурлын үеэр илчлэгдэхэд бяцхан хүү юу бодож, цаашид хэр их сэтгэлийн өвдөлтийг мэдрэн амьдрах бол доо гэсэн бодол толгойд эргэлдэж байлаа. Энгийн л нэгэн гэр бүлийн амьдрал руу өнгийгөөд харахад эхнэр нь нөхрөө хүүгийнхээ хараагүй болсон явдалд буруутган, нөхөр нь эхнэрээ өөрийнх нь санаагаар бүтээлээ туурвиж, номоо хэвлүүлдэгт дургүйцэн, өөрийгөө буруутгах, голох мэдрэмжтэйгээр амьдралаа үрнэ. Сайн ажвал бидний амьдралаас нэг их хол зөрөхөөргүй л гэр бүлийн харилцаа.
“Уналтын задлан” киноны төрлийг Америкийн кино хүрээлэн (AFI) “шүүхийн драм” (courtroom drama” буюу киноны өгүүлэлд шударга ёсны тогтолцоо чухал үүрэг гүйцэтгэдэг кино гэж тодорхойлсон байдаг. Жишээ татахад алдарт “Suits” цуврал энэхүү төрөлд хамаарагддаг болохыг олж мэдсэн юм. Гэхдээ сонирхлыг минь татсан нь киноны төрлөөс илүүтэй киноны “хөгжим” байлаа. Киноны хөгжимд (M.P. Bacao Rhythm & Steel) хамтлагийн 7 жилийн өмнө олны хүртээл болсон уран бүтээлийг ашигласан нь цохилттой (beat) хөгжмөөр нөхрийн гаднаа чимээгүй байгаа хэр нь сэтгэл доторх өрнөх буцлам уур бухимдал, цөхрөлийг оновчтойгоор илэрхийлсэн нь найруулагчийн хамгийн оновчтой шийдэл байв.
Жүжигчдийн тоглолт Франц киноны дүрүүдийнхтэй адил төстэй санагдав. Хүчилсэн зүйлгүй, амьдрал дээр тохиодог хөндийрсөн хосуудын харилцааг үнэн дүр төрхөөр нь үзэгч бидэнд харуулж чадлаа. Хэдийгээр киноны үйл явдал өвөл өрнөж, гол дүрийн үхлийн тухай шүүх хурал дээр ярилцаж байсан ч зураг авалт, хувцасны зураачийн дүрүүддээ тод өнгийн хувцаслалт сонгосон зэрэг нь киноны жихүүн хүйтэн уур амьсгалыг зөөллөсөн юм.
Киноны төгсгөлд шүүх тодорхой шийдвэрт хүрэн Самюэлийн үхлийн хэргийг эцэс болгодог ч гэр бүлийн хувийн асуудлыг олон нийтэд дэлгэн харуулдаг нь бид нэгнээ мэддэг юм шиг амьдардаг хэр нь огт танихгүй хүн мэтээр аж төрдөг нь харамсалтай гэж бодогдуулам. Кино дуусах үед эхнэр Сандра цаашид яах бол доо гэх бодлоос илүү хүү Даниэлийн амьдрал яаж өрнөж, сэтгэлийн олон давааг давж амьдрах болж байгаа нь санаа алдахад хүргэлээ. Бид хайр энэрэл дунд аж төрөхийг хүсдэг ч хахир хүйтнийг өөрөөсөө ялгаруулсаар л амьдралын тойрог дунд бэдчиж явна даа.
Кино шүүмж 2024
Г.АМАРЖАРГАЛ
Кино шүүмж 2024
Г.АМАРЖАРГАЛ
Кино урлагийн зөвлөлөөс зохион байгуулсан “Кино шүүмж бичих арга зүй” сургалтын оролцогчдын кино шүүмжийг цувралаар хүргэж байна.
“Чи юу мэдмээр байна” – Г.АМАРЖАРГАЛ
Демокрит сурагчдадаа нэг удаа хэлэхдээ “Хүний алдааг хэлснээс өөрийн алдааг илчилсэн нь дээр” гэж сургажээ. Харамсалтай нь үүнийг биелүүлэхэд томоохон зориг зүрх шаардахаас гадна хандлага нь үнэн сэтгэлээсээ байх учиртай.
“Чи юу мэдмээр байна” гэх тодорхойгүй асуулт нь “Уналтын задлан” (Anatomy of a Fall, 2023) киноны толгой эргэм ээдрээт үйл явдлыг эхлүүлж байна. Энэхүү кино нь амжилттай зохиолч Сандра (Сандра Хюллер) болон түүний нөхөр, зохиолч Самуэл (Самуэл Тейс) хоёрын таарамжгүй харилцаанаас үүссэн харамсалтай үйл явдлын тухай өгүүлдэг. Самуэл дээврийн цонхноос унаж нас барахад тэдний гэр бүлийн нууцууд өөрсдийнх нь биш олон нийтийнх болж хувирна. Киноны гол хэсэгт хос хоёрын 11 настай хараагүй хүү Даниел (Мило Мачадо Гранер) өөрийн эцэгтэйгээ өнгөрүүлсэн дурсамж болоод хэрэгт буруутгагдаж буй эхийнхээ хэнд нь итгэхээ шийдэх ёстой болно. Шүүх танхимд өрнөх гэр бүлийн гэрлэлт, үзэн ядалт, хууран мэхлэлт бүрийн тухай сонсож суухдаа үзэгчид яг л Даниелтай адил Сандра үнэхээр Самуэлийг алсан уу эсвэл түүний үхэл санамсаргүй тохиолдол байв уу эсвэл сэтгэлээр унасан Самуэл өөрөө цонхноос үсэрсэн үү гэдэг нь бүгдийн толгойд эргэлдэж буй гол асуулт юм. Гэсэн хэдий ч үндсэн асуулт бол бид хэзээ нэгэн цагт үнэнийг мэдэж эсвэл бүрэн ойлгож чадах эсэх юм.
Найруулагч Жастин Триетын өмнөх бүтээл болох “Sibyl” (2019) киноны амжилтаас үзэхэд “Уналтын задлан” сонирхолгүй болох боломжгүй. Эл бүтээл дээр гарч буй хэргийн шүүх хурал үргэлжлэх хугацаанд шүүгч, өмгөөлөгчдийн нотлох баримт дээр тулгуурлан хэргийн үнэн зөвийг олохоор хичээж буй зүтгэл болоод гэрчүүд, тэдний хэлсэн ярилцлага зэрэг нь “12 Angry Men”(1957) киног санагдуулам. Зураг авалтын газар бага, гол дүр цөөн.
София Коппола, Грета Герви, Жастин Триет тэргүүтэй эмэгтэй найруулагчид өөрсдийн үзэл бодол, онцлог шинжийг бүрдүүлсэн бүтээлүүдээрээ өнөө цагт Холливудад нэр алдраа дуурсгаж байгаа нь бахдууштай. Триет гэр бүлийн харилцааг уур хилэн, атаа жөтөө, үзэн ядалт, дургүйцлээр дүүрэн гэдгийг харуулах боловч хожим нь Сандра нөхөртэйгөө хамт авхуулсан зургаа үзэж буй сэтгэл хөдөлгөм дүр зураг нь энэ харилцаанд хайр, бахдал мөн адил оршин байдаг гэдгийг хэлжээ.
Гэхдээ Сандра нөхрөө хөнөөсөн хэрэгт буруутай юу, үгүй юу? Сандра хуучны танил хуульч Винсент Рензи (Сванн Арлауд)-г өөрийн өмгөөлөгчөөрөө ажиллуулахаас гадна түүнд сээтэн хаяж байгаа нь буруугаа өмгөөлүүлэх гэсэн оролдлого мэт хардалтыг үзэгчдэд өөрийн эрхгүй төрүүлж нуугдмал, үл ойлгогдом тайван байдлаа киноны төгсгөл хүртлээ дагуулсаар эцэстээ хариултыг үзэгчдэд өөрсдөд нь үлдээнэ. Болсон үйл явдлын зөв бурууг хэрхэн дэнслэх нь зөвхөн үзэгчдийн тунгаан бодох л асуудал.
Амьдрал гэдэг толгой эргэм ээдрээтэй зүйлээр дүүрэн, хүмүүс хэчнээн хичээсэн ч үнэхээр ойлгож чадахгүй асуудлууд зөндөө л байдаг шүү дээ.
Магадгүй Даниелд “үнэн” тийм ч чухал биш болсон байж болно.
Гөлгөөгийн Амаржаргал нь радио, телевизийн найруулагч. Тэрээр “Ид, залбир, хайрла”, “Орчуулга хэрэгтэй юу”, “Чи юу мэдмээр байна” зэрэг шүүмжүүд бичиж нийтэлж байсан.
Кино шүүмж 2024
Г.АРИУНЗАЯА
Кино шүүмж 2024
Г.АРИУНЗАЯА

Нас бие гүйцэх тухайд 

“Уналтын задлан” (Anatomy of a Fall) хэмээн эх хэлнээ буусан тус кино нь Монголд Улаанбаатар олон улсын кино наадмаар 2023 оны 10 сарын 22-нд толилуулагдсан бөгөөд 11-р сарын 17-нд Sayan Pictures компанийн түгээлтээр кино театруудад нээлтээ хийжээ.

Кино маань Францад өрнөх бөгөөд эхнэр нөхөр зохиолчид болох Сандра (Sandra Hüller) болон Самуель (Samuel Theis), тэдний 11 настай хэсэгчилсэн харааны бэрхшээлтэй хүү Даниел (Milo Machado Graner) зэрэг гол дүрүүдээс бүрдэнэ.

Сандра Самуелийг алсан хэрэгт буруутгагдах агаад хүүд нь хэргийг хэн хийснийг гэрчлэх шаардлага тулгарна. Винсент (Swan Arlaud) бол Сандрагийн эртний танил бөгөөд түүний өмгөөлөгчөөр ажиллана. Сандра герман хүн учраас франц хэл нь тааруу, түүнчлэн тэрээр байсексуал бөгөөд киноны эхэнд оюутан бүсгүйдээ сээтэн хаясан тул гэр бүлээс гадуурх харилцаанаас шалтгаалан нөхрөө алсан байх магадлалтай хэмээн шүүх дээр буруутгагдана.

Кино зохиолын гол зангилаа нь хаана байна вэ? Олон төрлийн өнцөг мэдээж байж болох ч дүр дээр тулгуурласан өнцгөөс дурдвал хамгийн том зангилаа бол Даниел. 11 настай харааны бэрхшээлтэй хос хэлтэй бяцхан хүү соёлын ялгаа, аавынх нь гэнэтийн үхэл, ээжийнх нь байнгын шүүх хурал, засгийн газрын асаргаа зэрэг хүүгийн сэтгэлд хэрхэн нөлөөлж буйгаар тус киноны санааг дүгнэж болох аж.

Шүүх хурал дээр Сандра, амуель нарын хэрүүлийн хэсэг дэлгэгддэг. Тэгэхэд тухайн үед эцэг, эхийнхээ ямар харилцаатайг яг бодитоор дүгнэх боломжгүй байсан нь хүүгийн дурсамжаас илхэн болно. Эндээс харвал бодит амьдрал дээрх аз жаргалтай харагддаг ч асуудалтай гэр бүлийн байдал хүүхдийн сэтгэлзүйд хэрхэн нөлөөлдөг, хүүхэд түүнд хэрхэн хариу үйлдэл үзүүлдэг тухай тулгалгүйгээр хэдхэн минутаар насанд хүрэгсдэд хүргэсэн нь том цохилт өгөх шиг боллоо.

Нөгөөтээгүүр энэ богинохон сценээр дамжуулан арга, билиг гэж хэлж болом харилцааны ойлголцлын тухай асуудлыг маш томоор хөнджээ. Бид нэгнээ сонсдог гэдэг. Гэхдээ сонсдоггүй. Юун сүртэй юм гэж аливааг зөвхөн өөрийн хэмжүүрээр хэмждэг. Энэ хэр зөв алхам бэ? гэж егөөдөн асуух шиг санагдлаа. Энэ мэтчилэн олон сценийг дурдаж болох ч эдгээр нь нэгдэн нийлж нэг бүхэл болох учиртай.

“Уналтын задлан” яг энэ утгаараа нэгдэж нийлсэн, насанд хүрсэн хүн, хүүхэд хоёрын ялгаа тэдний сэтгэл зүйн ялгаа, улмаар соёлын ялгаа, хэлний зааг, харь орон гээд газарзүйн болон сэтгэлийн хэл дамнасан олон нугачааг нэг гэр бүлийн асуудлаар харуулахыг зорьжээ.

Киноны төгсгөлийг ч мөн хүн өөрийнхөөрөө ойлгож болохоос гадна, гэр бүлийн гишүүдээс гадна өмгөөлөгчийн дүрийг нэг төсөөлөл хэлбэрт барилгүйгээр зарим үзэгчдэд тухайн дүрийг өөрсдийнхөөрөө төсөөлөх боломж олгосон нь тун зөв шийдэл болжээ.

Түүнчлэн зураг авалтын хувьд цастай хүйтэн оронд зураг авалт хийгдсэн тул ихэнх доторх хэсгүүд нь бараан, гадаах хэсэг нь хүйтэн хөх, манантай байсан нь киноны уур амьсгалтай яв цав таарч байв. Улмаар хоол идэх хэсэг дээр хүртэл зарим Европ кинонууд (“Chinese Take Away”, “L’Auberge Espagnole”, “Wasabi” гэх мэт) шиг Ази (Хятад) хоол захиалж идэж буйг сцен болгон шигтгэснээс ажвал 21-р зуунд өрнийнхний дорнынхныг бишрэх, тэдэнтэй хамтрах далд хүслийг нь илчлэх шиг санагдав.

Хөгжимд ач холбогдол өгдөг үзэгчд уг киноны хөгжим тааруу болсон гэж дүгнэгдэж магадгүй. Японы хөгжмийн зохиолч Жое Хисайши нэгэн ярилцлагадаа “киноны хөгжим тухайн сценийг илэрхийлэх ёсгүй” буюу үзэгчдэд таамаглал төрүүлэх ёсгүй, тэдэнд бодох хугацаа өгөх хэрэгтэй гэсэнчлэн үзэгчдийн нэгийн хувьд түүнтэй санал нийлдэг билээ. Харин уг киноны хувьд хөгжим нь ихэнх сценийг таамаглах боломжтой болгосон нь тиймхэн санагдлаа.

Эцэст нь хэлэхэд “Уналтын задлан” бол дүрүүддээ “нас биед гүйцэх тухайд” сэдэвт хичээл заасан бөгөөд тэдэнд гэр бүл, хос хоорондын уналт, босолтоос гадна хамгийн гол нь өсвөр насны хүүгийн уналтаас цааш босох сонголтын тухай, түүний этикийн зөрчлүүдийг нарийн харилцан яриагаар өгүүлснээрээ онцлог болжээ.

 

Г.Ариунзаяа нь 77 дах удаагийн Каннын кино наадмын “Mongolian Pitching section in Cannes”-д сонгогдсон төслийн продюсероор оролцож ажиллаж байгаа бөгөөд “Colorless” богино хэмжээний киноны продюсероор, 26 дах удаагийн Far East Film Festival-н Кампус хэсэгт оролцсон, “From the limit” богино хэмжээний анимешн бүтээлд продюсер, зохиол хөгжүүлэлт дээр хамтран ажилласан, ,….., богино хэмжээний эксперименталь анимешн бүтээлд зохиолч, найруулагчаар ажилласан, 35 дах удаагийн Триесте кино наадамд зохион байгуулалтын багт хамтран ажилласан, Тэнгэр ТВ-д дадлагажигчаар ажилласан туршлагатай.

 

 

Кино шүүмж 2024
Д.НОМИН
Кино шүүмж 2024
Д.НОМИН
Тим Бертон: Тим Бертон- Д.НОМИН
Бийтлжүүс, Хайчин гарт Эдвард, Үхсэн сүйт бүсгүй гээд л сэтгэлд хоногшсон дүрүүдээрээ алдартай бүтээлүүд нь Тим Бертон найруулагчийн нэрийн тэмдэг болж хангалттай чаддаг билээ. Түүний хамгийн шинэ бүтээл болох “Бийтлжүүс Бийтлжүүс” саяхан нээлтээ хийн үзэгчдийн ярианы сэдэв болж эхэлж байна.
Лидиа (Винона Райдер) өөрт нь болон өөрийнх нь сүнс харах чадварт итгэдэггүй охин болох Астрид (Жэнна Ортега)-ийн хамт хуучин амьдардаг байсан байшиндаа эргэн ирнэ. Харин Астрид ойролцоох байшинд байдаг хүүтэй танилцсанаар асуудалд орж Лидиа Бийтлжүүсийг дуудан охиноо аврахаас өөр аргагүйд хүрнэ. Ийнхүү маш хөнгөн эхэлсэн шигээ үйл явдал, асуудлууд мөн л хөнгөн урсан өнгөрч биднийг гайхшируулж балмагдуулахаар эргэлт, зохиолын онцгойрох зүйл байхгүй байв.
Ийм хөнгөн зохиол дээр өөрийн галзуу, зарим талаар гаж гэж хэлж болохуйц дүрслэл дүрүүдээр (анимейшны төрөлтэй ч мөн холин) киногоо чимж хийдэг нь Тим Бертоны онцлог. Мөн хувцаслалт болон сет дизайны ажил хэрхэн түүний бүтээлийг тодорхойлж өгдгийг бид түүний өмнөх бүтээлүүдээс мэднэ. Энэхүү кинондоо ч мөн Делорес (Моника Беллучи) гэх дүрийн хуваагдсан биеэ хооронд нь үдэж холбосон байдал, гарын чинээ толгойтой үхдэлүүд гээд бүх л дүрүүд орчнийг хангалттай нүд баясгахуйц байлгаж мөн зэрэгцээд үзэхийн аргагүй гажиг байдалтай болгож хийжээ. Зөвхөн дизайны ажил ч биш хөгжим энэ киног тодорхойлоход мөн чухал үүрэг гүйцэтгэж байв. Дэглэсэн хөдөлгөөнтэйгөөр дүрүүд бүжиглэх аль эсвэл үйл явдлын зөрчилтэй, өсөлттэй хэсгүүд дээр дуу их ашигласан байсан нь энэхүү киног улам энтертайнмент шинж чанартай болгосон байна. Үүнд мюзикл киноны хэв маягаар хийсэн сценүүд ч мөн хэд хэд байсан юм.
Бийтлжүүс (1988) буюу эхний анги дээр Бийтлжүүс гэх дүрээс бусад дүр харьцангуй амьд буюу үнэмшилтэй, натурал жүжиглэлттэй байдаг бол энэхүү дараагийн ангид кинон дахь энгийн амьд хүмүүсийн дүрүүд буюу Лидиа түүний ээж охин гээд дүрүүдийн жүжиглэлт хэтэрхий том тоглолттой, үнэмшилтэй биш мэдрэмжийг өгч байв. Кино дөнгөж эхлэх үед л Винона Райдер хөмсгөө хэт зангидсан, сандарч мэгдсэн мэт жүжиглэлттэй байсан ба үүнийг эхлэл хэсэгт дүрийн шаналалтай байгааг илтгэх зорилготой юу гэж бодсон ч кино дуусан дуустал түүний царайг тийм хэвээрээ харагдана. Энэ жүжиглэлт зөвхөн Винона Райдераас ч биш бусад жүжигчдээс ч бага зэрэг ажиглагдаад байсан тул тэдний тайван, натурал, амьд уур амьсгалыг мэдрэх нь ховор байлаа.
Харин яг л эхний анги шигээ аймшгийн хэр нь инээдмийн мөн сонин гэх үү уур амьсгалыг шингээсэн хэвээр байгаа нь найруулагчийн хувь хүн болоод өөрийн гэсэн гоозүйн таашаал, шинж чанараа хадгалсаар буйг батлах шиг боллоо.
Дэлгэрийн Номин нь кино найруулагч мэргэжлээр Радио Телевиз Медиа Урлагийн Сургуулийг төгссөн. “Би манлайлагч” богино хэмжээний киногоороо DigiCon6 ASIA Contest-ээс Rising Star шагналыг хүртэж мөн “Байгалийн эсрэг”, “Үлэмжийн чанар” зэрэг эксперименталь богино хэмжээний кинонуудаараа Алтан Өргөө, Калькутта, Бусан, Богура зэрэг олон улсын богино хэмжээний кино наадмуудад албан ёсоор оролцож байв.
Кино шүүмж 2024
М.ТҮМЭНДЭМБЭРЭЛ
Кино шүүмж 2024
М.ТҮМЭНДЭМБЭРЭЛ
Хариултаа өөртөө үлдээ – М.ТҮМЭНДЭМБЭРЭЛ
“Бид аливаа зүйлсийг ижил төстэй замаар танин мэддэггүй. Тиймдээ ч бүх зүйлд нэгдсэн ойлголтод хүрэх нь ховор.” – Готтфрид Лөйбниц
Франц улсад өндөр уулсаар хүрээлэгдсэн байшинд хүүгийн хамт амьдрах хос хоёрынд тохиолдох золгүй аль эсхүл зориудын гэмээр ослоор “Уналтын задлан” кино эхэлнэ. Нөхөр Самуэль Малөскийн үхэлд эхнэр Сандра Войтер сэжиглэгдэх ба хэргийн газар байсан цор ганц гэрч нь харааны бэрхшээлтэй хүү Даниел байдаг нь эл киноны хамгийн эхний харшуулал билээ. “Уналтын задлан” эхнээс дуусан дуустлаа тухайн хэргийн жинхэнэ алуурчин, жинхэнэ шалтгааныг хайх эрэл хайгуулын шинжтэй өрнөнө.
Японы суут найруулагч Акира Куросавагийн 1950 онд бүтээж байсан “Rashomon” кинонд нэг аллагын талаар дөрвөн гэрч хоорондоо зөрчилтэй санаа дэвшүүлж буй талаар гардаг ба эцэст нь кино нэгдсэн нэг дүгнэлтэд хүрэлгүй дуусдаг. Яг энэхүү “Rashomon Effect” гэх зохиолын бүтэц нь одоо хүртэл уран зохиол, кино урлагт нэн түгээмэл бөгөөд “Уналтын задлан” ч үүнтэй өнгө ижилджээ.
Киноны гол зөрчил болох нөхрийн үхэл дээрх гэрчүүд, сэжиглэгдэж буй эхнэрийн мэдүүлэг, мөрдлөгийн явц огтоос нэг зүг рүү чиглэхгүй бөгөөд кино дуусахад ямар нэгэн баттай абсолют үнэнгүй байх нь уул бүтээлийг амжилтад хүрэхэд нөлөөлсөн тулгууруудын нэг нь байв. Эхнэр нь нөхрөө алсан, нөхөр өөрөө хазгай гишгээд унаад үхчихсэн аль эсхүл амиа хорлосон гэх хувилбаруудыг үзэгчдэд үзүүлэх ба үүнийгээ тухай бүрд нь flashback сцен, дүрүүдийн яриа зэргээр баталж байлаа. Анзаарвал, үзэгчид өөрсдөө энэ кинонд дүгнэлт хийх, шүүгч нь болох хангалттай орон зай олгосон нь “Уналтын задлан”-гийн хамгийн том ололтуудын нэг байв.
Тарантиногийн кинон дээр түгээмэл харагддаг зураг авалтын техник болох crash zoom эл кинонд дүрүүдийн хурцадмал байдал, шийдвэрлэх мөчүүд дээр ашиглагдсан нь тухайн сцений кинонд үзүүлэх ач холбогдлыг илүү мэдрүүлж байв. Кинонд ашигласан хөгжмийн сонголт ч тэр нэн сонирхолтой бөгөөд хэн ер нь 50 Cent, Чопин хоёрыг нэг киноноос сонсоно гэж бодох билээ. “Уналтын задлан” туйлын эерэг дүр, туйлын эсрэг дүртэй уламжлалт загвараас ангид бөгөөд үүнийг нь Сандра киноны турш хэдэнтээ алуурчин болж, хэдэнтээ “цагаатгагдаж” байгаагаас нь харж болно.
Франц Кафкагийн дуусгаж чадаагүй бүтээл болох “Шүүх ажиллагаа” (The Trial) дээр К гэх дүр шүүх хуралд оролцох гээд л “орооцолдож” явсаар роман дуусдаг. Аливаа хүн өөрийгөө олох, сэрж мэдрэх зэрэг философийн агуулга бүхий бүтээл хэдий ч дуусгаж чадаагүй гэдгийг мэдэх нь “шүлсээ дутуу залгичихсан” юм шиг мэдрэмж төрүүлдэг билээ. Кафка зохиолоо дуусгахаасаа өмнө нас барчихсан учраас уучилж болно. Харин Жастин Триөтын үзэгчиддээ ийм их асуулт үлдээж буйг нь уучилж болох эсэх?
“Уналтын задлан” бол тэр чигтээ өгөгдөл бөгөөд шүүн тунгаах, хариултыг эрэн хайх үйл явцыг үзэгчдэд үлдээснээрээ тэднээс оюуны тамир шаардаж чадав. Хосуудын асуудал, гэр бүл дэх байр суурь нөгөө талаар үнэний талаарх уйгагүй эрэл хайгуул, хүн хүнээ шүүх боломжтой эсэх зэрэг асуудлыг хөндсөн нь эл кино зохиолын хамгийн том суу заль мөн гэлээ ч орчин цагийн уран бүтээлч “хариулт танд бий” гэх цэцэрхэл нь залхуурал, заль төдийхөн байх вий гэдгийг дор дороо тунгаах нь зүйн хэрэг. Эцсийн асуулт бол нөхөр амиа хорлосон, алуулсан үгүй бол унаад үхчихсэн гэдгийг олж мэдэх нь “Уналтын задлан” уу? Аль эсхүл хос хоёрын ар гэр доторх сэтгэл зүйн асуудал, шүүх танхим дахь хүн хүндээ ял тулгаж буйг идеологи талаас нь эргэцүүлэх нь “Уналтын задлан” уу? Юу ч гэсэн бидэнд хариулт нь бий.
Мөнхзулын Түмэндэмбэрэл нь кино, уран зохиол сонирхогч. 2021 оноос хойш кино, ном зохиолтой холбоотой нийтлэл бичиж байгаа. Одоо Монгол Улсын Их Сургуулийн улс төр судлалын ангид суралцаж буй.
Кино шүүмж 2024
Н.БАТЧИМЭГ
Кино шүүмж 2024
Н.БАТЧИМЭГ
Хэн түүнийг “унагасан” бэ? – Н.БАТЧИМЭГ
“Уналтын задлан” кино нь эхнэр, нөхөр зохиолч гэр бүлийн нөхрийнх нь учир битүүлэг үхлээс улбаалан ил гарах гэр бүл, хувь хүний дотоод зөрчлийг маш бодитоор, түгшүүртэйгээр харуулсан шүүхийн драма (courtroom drama) төрлийн кино юм.
Нөхөр Самуэлийн үхэлд түүний эхнэр Сандра сэжиглэгдэж, мөрдөн шүүх ажиллагаа явагдах үйл явц тэдний харилцаанаас эхлээд хувь хүний түвшинд хүртэл бүх нарийн ширийнийг “задлах” шаардлагатай болно. Сандра нөхрийнхөө үхэлд төдийгүй амьдрал, зөрчил, шаналалд нь ч буруутай мэт харагдах түмэн шалтгаантай.
Самуэль бүх л бүтээлч хүний адил дэлхий ертөнцөд хэлэх зүйлтэй гэж итгэн, түүнээ хэрхэн хэлэх арга замаа хайн шаналах зуур эхнэр нь хэдийнээ “үгээ хэлж”, алдартай зохиолч болон гялалзаж явдаг. Сандра уран бүтээлээ хийх аргаа олсноор үл барам амьдралд хэрхэн хандах учраа ч олсон байгаа нь тэдний хүү Даниель харааны бэрхшээлтэй болсныг хэрхэн хүлээж авч байгаагаас тод харагдана. Самуэль гэмшил, харамсалдаа идэгдсээр явсан бол Сандра шүүх хурал дээр “Хүүгээ би хэзээ ч хөгжлийн бэрхшээлтэй гэж боддоггүй. Тэр бусад хүүхдийн л адил чадвартай, авьяастай сэргэлэн хүү” гэж хэлдэг. Үүгээр Самуэлийн хувьд тэр уран бүтээлийн уналтад орсон төдийгүй хувийн амьдрал нь ч уналтад орсон байгаа нь харагдана. Тэр биеэрээ унахаасаа өмнө сэтгэлээрээ “уначихсан” байдаг.
Кино эхлэхэд хоёр эмэгтэйн харилцан яриа сонсогдож, шатаар өнхөрсөн бөмбөгний араас нохой нь гүйнэ. Харилцан яриаг өрнүүлж буй хоёр эмэгтэйн нэг нь Сандра байх ба тэдний яриа үргэлжлэх зуур хүү нь дээд давхарт нохойгоо усанд оруулж байгаа нь харагдана. Ийм дүрсний гадуурх харилцан яриа (off screen dialogue) киноны дүрсний зонхилох шийдэл болжээ. Мөн зураг авалтын реалист хэв маягийг барьж, гар дээрээс (handheld), царай, нүүрний хувиралд төвлөрөн тулгаж авах (close up) зэрэг зураг авалтын техникүүдийг ашигласан нь өгүүлж буй түүхэндээ тун сайн зохицож, баримтат кино шиг бодит мэдрэмж өгнө. Жишээлбэл, мэргэжилтнүүд болж өнгөрсөн хэргийн/ослын боломжит хувилбаруудыг дахин бүтээн туршиж байх үеийн зураг авалтыг гар дээрээс авсан ба камер фокусгүйгээр чөлөөтэй хөдлөх нь сонирхолтой шийдэл болжээ. Францын Альпийн нурууны хэсэг дахь уулархаг, цастай буйдхан газарт засвар хийж буй байшин, ноосон цамцтай дүрүүд зэрэг нь тухгүй, хүйтэн, тусгаарлагдсан мэдрэмж төрүүлнэ.
Сайн кино хийхэд “Нэгдүгээрт зохиол, хоёрдугаарт зохиол, гуравдугаарт зохиол” гэдэг. Уг киноны зохиол нь маш сайн байсныг заавал дурдмаар байна. Нөхрийн учир битүүлэг үхлийн шалтгааныг олох гол нөхцөл дээр маш хувийн, эгзэгтэй зөрчлүүдийг зангиджээ. Самуэль нас барснаар эхнэр хүү хоёр нь хорвоо дээр хоёулхнаа үлдэж байна. Гэтэл түүний үхлийн гол сэжигтэн эхнэр нь байх ба гол гэрч нь хүү нь байж таардаг.
Самуэлийн уналтын задлан явсаар хувь хүний, гэр бүлийн уналтын задлан болж хувирна. Байшин дээрээс биеэрээ ч унасан ч бай, дотроо сэтгэлээрээ унасан ч бай гаднаас харж буй хүмүүс хэн нэгэн буруутай хүн эсвэл ямар нэг буруутай нөхцөл байдлыг хамгийн түрүүнд хайдаг. Харин Даниелийн хувьд аавыг нь хэн “унагасан” нь гол биш, түүнтэй хамт гэр бүл нь “унах” эсэхийг шийдэх чухал шийдвэрийг гаргах ёстой болдог. Заримдаа амьдралд буруутныг, шалтгийг, шалтгааныг хайхаас илүү болсон явдалтай эвлэрэн урагшлах ёстой хүнд нөхцөл тулгардаг билээ.
Нандинцоожийн Батчимэг нь сэтгүүлч, кино драм, телевизийн урлаг судлаач мэргэжилтэй. Урлагийн төсөл хөтөлбөрүүдийн продюсинг чиглэлээр төвлөрөн ажилладаг. “Гэм зэм”, “1984” постдрамын жүжгүүдийн маркетинг, менежментийн багт ажилласан ба одоо “Тримон” студийн продюсераар ажиллаж байна.