“КИНО УРЛАГААР ДАМЖУУЛАН ХҮНИЙ ЭРХИЙГ ТУНХАГЛАХ НЬ” ФОРУМ
ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“Хархорум” олон улсын кино наадмын хүрээнд “Кино урлагаар дамжуулан хүний эрхийг тунхаглах нь” форум “Чингис хаан” үндэсний музейд амжилттай зохион байгуулагдлаа. Тус нээлттэй хэлэлцүүлгийг нээж Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Энх-Амгалан, Хүний эрхийг хангах Үндэсний хорооны гишүүн, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн Ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг нар үг хэлэв.
Энэхүү форум нь хүн төрөлхтний амьдралд томоохон үүрэг гүйцэтгэгч мэдээллийн технологийн хөгжлийн хурд Монголын дэлгэцийн бүтээл, тэр дундаа кино урлагт хэрхэн нөлөөлж байгаад анхаарал хандуулж, кино болон дэлгэцийн аливаа бүтээл туурвих явцдаа киноны уран бүтээлчид хүний эрхийн асуудлыг зөв, эергээр тусгахад оролцогч талуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой юм.
Форумын илтгэгчдээр Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар, Глоб Интернэшнл төвийн Удирдах зөвлөлийн дарга, Х.Наранжаргал, “Хархорум” олон улсын кино наадмын зочин, продюсер Хан И, ЭҮК-ын дарга Д.Сүнжид нар илтгэл танилцуулав. Энэхүү форумын хүрээнд “Дэлгэцийн бүтээл ба Хүний эрх” хэлэлцүүлэг өрнөж, кино уран бүтээлчид болон хүний эрхийн мэргэжилтнүүд санал бодлоо солилцлоо.