БНСУ-ЫН ПУСАН ХОТНОО “МОНГОЛ КИНО ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар, БНСУ-ын Ханнарае Соёлын сан, Пусан хотын кино ордоны дэмжлэгтэйгээр Соёлын яамны харьяа Кино урлагийн зөвлөл нь “МОНГОЛ КИНО ӨДӨРЛӨГ” арга хэмжээг 03 дугаар сарын 08-10-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Энэхүү өдөрлөгийн хүрээнд Найруулагч Б.Амарсайханы “Монгол” УСК, Найруулагч Э.Ган-Очирын “Дурсаж яваарай” УСК, Найруулагч Б.Гарамхандын “Алдагдсан өдрүүд” УСК, найруулагч Б.Отгонзоригийн “Эмэгтэй” уран сайхны кинонуудын нийт 11 удаагийн үзвэрийг толилууллаа. Мөн “МОНГОЛ КИНО ӨДӨРЛӨГ” арга хэмжээнд оролцсон найруулагчид БНСУ-ын Пусан хотын үзэгчидтэй уулзалт ярилцлага хийсэн ба олон нийт халуун дотноор хүлээн авсан юм.
БНСУ-ын Пусан хотын үзэгчдийн сэтгэгдлээс:
“Алдагдсан өдрүүд” УСК нь гэр бүл, өсвөр насны хүүхэд, гэр бүл салалт, гэрийн тэжээвэр амьтдын асуудлыг хөндсөн бүтээл бөгөөд үзэгчид Солонгос орны хувьд ч тулгамдсан асуудал болж буйг хэлэн, гэгээлгээр хөндөж харуулсанд талархан хүлээн авлаа.
“Монгол” УСК дууссаны дараа танхим дүүрэн алга ташилтаар, халуун дулаан уур амьсгалыг бий болгов. Нэгэн үзэгч найруулагч Б.Амарсайханд хандан “Таны кино бол Оскар авахаар кино байна аа. Монголын үзэсгэлэнт газар нутаг, байгаль, нүүдэлчин ард түмнийхээ энэ өв соёл, түүхийг дэлхийд өргөн мэдүүлж буйгаа хэзээ ч битгий зогсоогоорой гэж хүсэх байна” гэж хэлсэн юм.
Монгол кино өдөрлөгийн хаалтын киногоор залуу найруулагч Э.Ган-Очирын “Дурсаж яваарай” УСК-г толилуулсан ба Бусан хотын үзэгчид манай Солонгос улс 1960-1970 аад оны үед энэхүү кинон дээр гарч байгаа шиг зах зээлийн нийгэмд шилжиж ихээхэн төстэй нийгмийг туулсан тухай ярьж байлаа.
“МОНГОЛ КИНО ӨДӨРЛӨГ” арга хэмжээг зохион байгуулахад Монгол улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа консулын газар, Ханнарае Соёлын сан, Пусан хотын кино ордон-д гүнээ талархал илэрхийлье.