МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ КИНО УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ БОЛОН ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗАР ХАМТРАН “ОЮУНЫ ӨМЧ”-ИЙН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Монгол улсын Соёлын яамны харьяа Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газартай хамтран Монгол Улсын Засгийн Газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.6.3.2, 2.6.3.3, 2.6.3.5 дахь хэсэг, Кино урлагийг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дэх хэсгийн заалтуудыг үндэслэн “Оюуны өмч”-ийн сургалт, хэлэлцүүлгийг 03 сарын 22-ны өдөр кино урлагийн салбарын уран бүтээлчдэд зохион байгуулав.
Уг сургалт, хэлэлцүүлгээр киноны чиглэлээр ажиллаж буй уран бүтээлчдийг дэмжих, оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон зохиогчийн эрхийн бүтээл, зохиогчийн эрхийг хамгаалах, Оюуны өмчийн тухай хууль түүнийг дагалдан батлагдсан дүрэм, журмуудыг сурталчлан таниулах, мэдлэг мэдээлэл олгох зорилготой юм. Мөн сургалтын үеэр кино уран бүтээлч нар сошиал хуудсаар кино алдагдах эрсдэл өндөр байгааг илэрхийлсэн билээ. Иймд тухайн асуудлын хүрээнд уран бүтээлч нарыг хамтын ажиллагаа болон лицензийн гэрээгээ хуулийн хүрээнд хийх зайлшгүй шаардлагатай гэдгийг Оюуны өмчийн газрын Хяналтын улсын ахлах байцаагч Ч.Эрдэнэбаяр санууллаа.
Оюуны өмчийн сургалт, хэлэлцүүлэгт Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөлийн гишүүн, Оюуны өмчийн газрын Зохиогчийн эрхийн газрын дарга Н.Сүнжидмаа, Оюуны өмчийн газрын хяналтын улсын ахлах байцаагч Ч.Эрдэнэбаяр, Оюуны өмчийн газрын Зохиогчийн эрхийн мэргэжилтэн М.Ариунболд, Харилцаа Холбооны зохицуулах хороо Интернэтэд суурилсан үйлчилгээ зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Гантулга нар панелистаар оролцов. Уран бүтээлчдийн уулзалт, хэлэлцүүлгийн үеэр Оюуны өмч хулгайд алдагдах, оюуны өмчийн бүтээлээ хамгаалахад хэрхэн арга хэмжээ авах вэ зэрэг асуудлыг хөндөж байсан билээ. Гэтэл салбарын уран бүтээлчдэд зориулсан энэхүү оюуны өмчийн сургалтад төдийлөн идэвхтэй хамрагдаагүй юм. Өөрөөр хэлбэл тус сургалтад 60 гаруй уран бүтээлч бүртгүүлснээс 20 гаруй уран бүтээлч идэвхтэй хамрагдлаа.