Кино шүүмж 2024
Кино урлагийн зөвлөлөөс зохион байгуулсан “Кино шүүмж бичих арга зүй” сургалтын оролцогчдын кино шүүмжийг цувралаар хүргэж байна.
О.ЭРДЭНЭЭ
О.ЭРДЭНЭЭ
Т.МӨНХДАВАА
Т.МӨНХДАВАА
Ц.АРИУНСАНАА
Ц.АРИУНСАНАА
Хаа хүрэхийг үзэх цөхрөл
Өнгөрсөн жил найруулагч Justine Triet-ийн “Anatomy of a Fall” (2023) буюу “Уналтын задлан” киног Улаанбаатар Олон Улсын Кино Наадам (UBIFF)-аар үзэж байсан бол энэ удаа кино шүүмжийн сургалтын хүрээнд Тэнгис кино театрт монгол дуу оруулгатайгаар үзсэн нь дүрүүдийг илүү ажиглах боломж өгөв.
Уулархаг газар байрлах тун тохитой байшинд богино тайрмал үс, гүн цэнхэр нүдтэй зохиолч Sandra Voyter (Sandra Hüller) дарс шимэнгээ нэгэн оюутан бүсгүйтэй ярилцаж сууж буйгаар үйл явдал эхэлнэ. Удалгүй тэдний ярианд саад учруулж, тухгүйдүүлэх нэгэн хөгжим цуурайтаж эхлэхэд Sandra “манай нөхөр Samuel (Samuel Theis) дээвэр дээр ажлаа хийдэг юм аа” гэж тал зассан байдалтай хэлнэ. Чанга хөгжимд хоёр бүсгүй ярилцах гэж хичээж буй боловч нүдний хөдөлгөөн, байгаа байдлууд нь тухгүй болж ирсэн тул ярилцлагаа өндөрлөж, дуу хураагуураа унтраана. Зочин явж, гэрийн эзэгтэй Sandra гэртээ үлдэх үеэр, хосуудын хүү Daniel (Milo Machado-Graner) хөтөч нохойгоо дагуулсаар салхилахаар алхаж харагдана. Хэсэг хугацааны дараа нохой нь эвгүй хуцах зүгт очтол аав Samuel-ийн амьгүй бие цасан дээр гүн улаан цус нэвчүүлэн хэвтэж байдаг. Хэн түүнийг байшин унахад хүргэв? Эхнэр нь үү? Тэр өөр юу? гэдгийг 2 цаг 31 минутын хугацаанд шүүх ажиллагаатай хамт шүүх хэрэг гарлаа.
Нэгэн эрийн үхэлтэй холбоотой гэмт хэрэг зөвхөн шүүх хурлаас гадна мэдээний сурвалжилга, олон нийт дунд хэлэлцэгдэж байгааг илүү амьд болгосон зүйл нь зурвасхан гараад өнгөрдөг камерын шилжилтүүд байлаа. Sandra-г шүүх хурлаас гарч явахыг, шүүх хурлын үеэр хүү рүүгээ санаа зовон харж байгааг хүүгийн араас харуулж буй өнцгүүд гуравдагч этгээдүүдийг төлөөлж байв.
Анх удаа үзэхэд, цагдаагийн байцаалтаас эхлээд өмгөөлөгч, хүүхэд харгалзагч, сэтгэлзүйч гэх мэт нийгмийн салбарын мэргэжилтнүүдийн гүйцэтгэх үүргүүд, шүүх ажиллагааны үйл явцыг киноноос үзэх нь шинэ мэдлэг мэдээлэл өгч байсан. Харин хоёр дахь удаа үзэхэд, тэдгээр үйл явц, нөхрийгөө бүрэлгэсэн гэдэгт сэжиглэгдэж буй Sandra болон эцэг эхийнхээ хэцүү харилцааны золиос болсон хүү Daniel-аас илүүтэй дурсамжаас өөрөөр илэрхийлэгдээгүй талийгч нөхөр Samuel-ийн цөхрөлийн дуу хоолой надад илүү тод тусав.
Шүүх ажиллагааны үеэр хос хоёрын хэнд ч харуулахыг хүсээгүй харилцаа илчлэгдэхэд “Чи үргэлж хэрэгцээ шаардлагаа тулгадаг шүү дээ” гэж гомдол, шантралын дуу хоолойгоор ярих цөхрөлт эрийн дүрс дэлгэцэд гарав. Sandra Voyter бол хэдийн амжилтад хүрсэн зохиолч, харин түүний амьдралын ачааг үүрэлцдэг байсан талийгч нөхөр Samuel-д Sandra-гийнх шиг зорилгынхоо төлөө бусдаас өөрийгөө дээгүүр тавьдаг чанар байгаагүй болов уу гэмээр. Сэтгэлд нь лав суусан харамсал, амьдралаа өөрийнхөөрөө зохион байгуулж амьдарч чадахгүй байгаа ганцаардал, энэ бүгдийнхээ учрыг олж чадахгүй гэдэгтэйгээ эвлэрсэн цөхрөл нь бүхий л үйл явдлын эхлэл болсон байлаа.
Эхнээсээ л Sandrа буруугүй гэдэгт түүний өмгөөлөгч, төрсөн хүү Daniel, тэр өөрөө ч бат байр суурьтай байгаагаар үзүүлдэг бол үзэгчийн хувиар би тэр бүхэнд авталгүйгээр аль болох цаад учир шалтгааныг тэмтрэхийг хүсэв. Японы адал явдал, триллер зохиолын титэмгүй хаан гэгддэг Эдогава Рампо зохиолчийн “Улаан тасалгаа” хэмээх нэгэн өгүүллэгт гар хүрэхгүйгээр, баригдахгүйгээр хүмүүсийн бодол санаанд сэв суулгаж, өөрийг нь өөрөөр нь алуулдаг алуурчин эрийн өчлийн тухай гардаг. Хэдийгээр өөрийн гараар түлхээгүй ч гэлээ, өдөр тутмын амьдрал, үг үйлдлээрээ Sandra нөхрийнхөө аминд хүрчихсэн ч юм билүү?
Киноны төгсгөл ч тун энгийн байсан нь цөхрөлийг дайраагүй нь амьдарсаар үргэлжлэхийг, хэдий нэг гэр бүл ч гэсэн хэн бүхний амьдрал ахин давтагдашгүйгээр өөр өөрийнхөө замаар явдаг гэдгийг сануулах шиг.
Цогбадрахын Ариунсанаа нь график дизайнер мэргэжилтэй, кино сонирхогч, блоггер, подкастер. Тэрээр 2018 оноос хойш “Монтений сормуус” нэртэй блог болон “Deep talk with Sanaa” подкастыг хөтлөн явуулж байгаа.
Ц.ДҮҮРЭНЖАРГАЛ
Ц.ДҮҮРЭНЖАРГАЛ
“Амиа хорлолт ч бай, аллага ч бай угтаа тийм ч чухал биш”
Олон хуудастай роман уншаад дууссан мэт мэдрэмж кино дуусахад төрөв. Энэ нь гуниг, ганцаардал, энэ бүхний дараа юу хөврөх бол гэсэн эргэцүүллээс үүдсэн байх. Би тус киног үзсэний дараа энгийн амьдралдаа эргэн орох гэж хэсэгтээ будилсныг нуух юун. Ийм ч учир кинотой холбоотой эргэцүүллээ хуваалцъя.
“Уналтын задлан” (Anatomy of a Fall, 2023) киноны талаар өмнө нь хэд хэд дуулж, Оскарт “шилдэг эх зохиол”-ын шагналыг хүртсэнийг нь мэдсэн ч, “үзье” гэж завдалгүй явсны эцэст сая нэг Тэнгис кино театрт тусгай үзвэрээр үзэх боломж тохиов. Тус кино нь эргэцүүлэл, харилцан яриа, ганцаардал, гунигаар баялаг драма жанрын бүтээл юм.
Кино эхлэх үеэс үйл явдал, орчин руу нь зэрэгцэн оров. Тус киноны ерөнхий үйл явдал нь нэгэн айлын нөхөр Samuel Maleski (Samuel Theis) байшингийнхаа хоёр давхраас унаж амиа алдсан явдлын учир шалтгааныг эрэн хайж буй тухай юм. Аллага уу, амиа хорлолт уу эсвэл золгүй осол уу гэдэг асуулт эхлэлээс төгсгөл хүртэл үзэгчдийг дагана.
Тус кино нь уран яруу дүрслэл, чамин хээнцэр хувцсанд ач холбогдол өгөөгүй учир үзэгчдийн анхаарлыг харилцан яриа, биеийн хэлэмжээр дамжуулан дүрийн дотоод зан араншинг танин мэдэхэд төвлөрүүлж чаджээ. Жишээлбэл, хэрэг явдал болсон тэрхүү байшин, шүүхийн танхим, машин зэрэг цөөн газруудад дүрүүдийн харилцан яриа гүнзгий, нухацтайгаар өрнөнө. Үйл явдал болж буй улирал, цаг агаар зэврүүн, хаврын оройг санагдуулам байсан нь үйл явдлын ерөнхий уур амьсгалыг мэдрүүлэв. Гол дүрийн хүү Даниел (Milo Machado-Graner) киноны туршид үе үе төгөлдөр хуураа тоглох бөгөөд зарим хэсэгт “чимээгүй болчхоосой” гэх сэтгэгдэл төрөв ч, энэ нь киноны давчуу, хэцүү мэдрэмжийг зүйрлэн харуулж, хүүгийн дотор өрнөж буй сэтгэл хөдлөлийг хөгжмөөр дамжуулан илэрхийлж байгаа мэт санагдлаа.
Хосуудын харилцаа, ээж хүүгийн харилцаа, хүн амьтны харилцааг энгийн, элдэв чамирхалгүйгээр, үнэнээр гаргаж ирсэн байна. Үүнээс бас нэг онцлууштай зүйл бол кинон дээр гарч буй Snoop нохойг чухал дүрийн нэгээр гаргаж буйг төгсгөл хэсгийн үйл явдлуудаас харж болно. Сонирхуулахад, энэхүү дүрийг бүтээсэн Messi гэх нохой нь Каннын кино наадмаас Palm Dog Award шагналыг хүртсэн бөгөөд зарим үзэгчид Оскарын наадамд “Шилдэг амьтны дүр”-ийн шагналыг нэмүүлэхийг хүссэн аж.
Киноны үндсэн үйл явдал руу орвол хэрэг явдал амиа хорлолт байсан уу, аллага байсан уу гэдэг нь тийм ч чухал биш бөгөөд хүн үр хүүхдээ гэх сэтгэл, аж амьдралаа авч явах, хос хоёр нэгнээ үүрдийн хайрлах зэргийн цаана маш их сэтгэл зүйн асуудлууд даган явж, үүгээрээ хүн өөрийгөө дөнгөлж буйг харуулсан байна. Энэ асуудлаас болоод хүн өөрийгөө, хүсэл мөрөөдлөө орхидог. Хайрыг хамгийн абсолют, сайхан утгаар нь бид хардаг. Түүний цаана байх зовлон шаналлыг мартдагийг сануулах мэт. Мөн олон нийт, иргэд бусдын хувийн амьдралын зовлон шаналлыг сонирхон хандах нь нөгөө талд бас шаналантай байдгийг гол дүрийн эмэгтэй Sandra (Sandra Hueller) телевиз үзэн суух хэсгээс харж болно.
Кино өөрөө тухайлсан нэг үйл явдлыг харуулж тэрхүү зүйл эхлэл, зангилаа, өрнөл, туйл, тайлал, төгсгөл гэх шугамаар өрнөдөг билээ. Харин тус кино нь төгсгөлийн дараах төгсгөлийг харуулж чадав. Бүх зүйл дууссаны дараа тэрхүү гэр бүлд үргэлжлэн юу өрнөж буйг, тухайн дүр амьдралдаа эргэн яаж орж буйг харуулсан нь сонирхолтой байлаа.
Төгөлдөр хуурын яарсан хэмнэл мэт өрнөж буй өнөөгийн амьдралаас түрхэн холдож Justine Triet найруулагчийн энэ киног заавал үзэж нэгийг бодон, хоёрыг эргэцүүлээрэй.
Цолмонгэрэлийн Дүүрэнжаргал нь сэтгүүлч мэргэжилтэй кино сонирхогч, чөлөөт нийтлэлч.