Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн /Соросын
сан/-гийн дэмжлэгтэйгээр Монголын соёл урлагийн тогтвортой хөгжлийг хангах, соёлын
хосгүй өвийг хадгалан хамгаалахад дэмжлэг үзүүлэх эрхэм зорилготойгоор 2002 онд
байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага
билээ.
Өнгөрсөн хугацаанд МУЗ нь хөтөлбөрийн үйл ажиллагаа, хүний нөөц, удирдлага,
санхүүжилтийн хувьд төлөвшин, үндэсний болон олон улсын түвшинд үйл ажиллагаагаа
тогтвортой хөгжүүлсээр ирлээ. Энэ хүрээнд тус Зөвлөл нь Төв Ази, Хойд Америк, Зүүн
Өмнөд Ази, Япон, Солонгосын болон үндэсний соёл урлагийн байгууллагатай бүтээлч
хамтын ажиллагааг хөгжүүлж, соёл урлагийн салбарт шинэлэг менежментийг нэвтрүүлэх,
уран бүтээлчдийг дэмжих, соёлын өвийг хадгалан хамгаалах, урлагийн боловсролоор
дамжуулан хүүхэд залуусыг бүтээлч иргэн болгон төлөвшүүлэх болон нийгэм, хувь хүний
хөгжилд соёл урлагийн гүйцэтгэх үүргийг таниулан сурталчлахад үйл ажиллагаагаа
чиглүүлэн ажиллаж ирлээ.
МУЗ нь эрхэм зорилгынхоо хүрээнд Урлагийн хөтөлбөр, Олон нийтийн урлагийн
боловсрол, Соёлын өв, Хөгжлийн гэсэн үндсэн дөрвөн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.
Олон улсын хамтын ажиллагааны туршлага:
- Зөвлөл нь Төв Ази, Хойд Америк, Зүүн Өмнөд Ази, Япон, Солонгосын болон үндэсний соёл урлагийн байгууллагатай бүтээлч хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн туршлагатай.
Кино урлагийн салбарт хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөрүүд:
- “Улаанбаатар” олон улсын кино наадам
- Кино уран бүтээлчдэд зориулсан сургалтууд
- Bus Stop Films тэгш оролцоот кино үйлдвэрлэлийг дэмжсэн богино кино бүтээх сургалт г.м олон төсөл хөтөлбөрүүд