“Амиа хорлолт ч бай, аллага ч бай угтаа тийм ч чухал биш”
Олон хуудастай роман уншаад дууссан мэт мэдрэмж кино дуусахад төрөв. Энэ нь гуниг, ганцаардал, энэ бүхний дараа юу хөврөх бол гэсэн эргэцүүллээс үүдсэн байх. Би тус киног үзсэний дараа энгийн амьдралдаа эргэн орох гэж хэсэгтээ будилсныг нуух юун. Ийм ч учир кинотой холбоотой эргэцүүллээ хуваалцъя.
“Уналтын задлан” (Anatomy of a Fall, 2023) киноны талаар өмнө нь хэд хэд дуулж, Оскарт “шилдэг эх зохиол”-ын шагналыг хүртсэнийг нь мэдсэн ч, “үзье” гэж завдалгүй явсны эцэст сая нэг Тэнгис кино театрт тусгай үзвэрээр үзэх боломж тохиов. Тус кино нь эргэцүүлэл, харилцан яриа, ганцаардал, гунигаар баялаг драма жанрын бүтээл юм.
Кино эхлэх үеэс үйл явдал, орчин руу нь зэрэгцэн оров. Тус киноны ерөнхий үйл явдал нь нэгэн айлын нөхөр Samuel Maleski (Samuel Theis) байшингийнхаа хоёр давхраас унаж амиа алдсан явдлын учир шалтгааныг эрэн хайж буй тухай юм. Аллага уу, амиа хорлолт уу эсвэл золгүй осол уу гэдэг асуулт эхлэлээс төгсгөл хүртэл үзэгчдийг дагана.
Тус кино нь уран яруу дүрслэл, чамин хээнцэр хувцсанд ач холбогдол өгөөгүй учир үзэгчдийн анхаарлыг харилцан яриа, биеийн хэлэмжээр дамжуулан дүрийн дотоод зан араншинг танин мэдэхэд төвлөрүүлж чаджээ. Жишээлбэл, хэрэг явдал болсон тэрхүү байшин, шүүхийн танхим, машин зэрэг цөөн газруудад дүрүүдийн харилцан яриа гүнзгий, нухацтайгаар өрнөнө. Үйл явдал болж буй улирал, цаг агаар зэврүүн, хаврын оройг санагдуулам байсан нь үйл явдлын ерөнхий уур амьсгалыг мэдрүүлэв. Гол дүрийн хүү Даниел (Milo Machado-Graner) киноны туршид үе үе төгөлдөр хуураа тоглох бөгөөд зарим хэсэгт “чимээгүй болчхоосой” гэх сэтгэгдэл төрөв ч, энэ нь киноны давчуу, хэцүү мэдрэмжийг зүйрлэн харуулж, хүүгийн дотор өрнөж буй сэтгэл хөдлөлийг хөгжмөөр дамжуулан илэрхийлж байгаа мэт санагдлаа.
Хосуудын харилцаа, ээж хүүгийн харилцаа, хүн амьтны харилцааг энгийн, элдэв чамирхалгүйгээр, үнэнээр гаргаж ирсэн байна. Үүнээс бас нэг онцлууштай зүйл бол кинон дээр гарч буй Snoop нохойг чухал дүрийн нэгээр гаргаж буйг төгсгөл хэсгийн үйл явдлуудаас харж болно. Сонирхуулахад, энэхүү дүрийг бүтээсэн Messi гэх нохой нь Каннын кино наадмаас Palm Dog Award шагналыг хүртсэн бөгөөд зарим үзэгчид Оскарын наадамд “Шилдэг амьтны дүр”-ийн шагналыг нэмүүлэхийг хүссэн аж.
Киноны үндсэн үйл явдал руу орвол хэрэг явдал амиа хорлолт байсан уу, аллага байсан уу гэдэг нь тийм ч чухал биш бөгөөд хүн үр хүүхдээ гэх сэтгэл, аж амьдралаа авч явах, хос хоёр нэгнээ үүрдийн хайрлах зэргийн цаана маш их сэтгэл зүйн асуудлууд даган явж, үүгээрээ хүн өөрийгөө дөнгөлж буйг харуулсан байна. Энэ асуудлаас болоод хүн өөрийгөө, хүсэл мөрөөдлөө орхидог. Хайрыг хамгийн абсолют, сайхан утгаар нь бид хардаг. Түүний цаана байх зовлон шаналлыг мартдагийг сануулах мэт. Мөн олон нийт, иргэд бусдын хувийн амьдралын зовлон шаналлыг сонирхон хандах нь нөгөө талд бас шаналантай байдгийг гол дүрийн эмэгтэй Sandra (Sandra Hueller) телевиз үзэн суух хэсгээс харж болно.
Кино өөрөө тухайлсан нэг үйл явдлыг харуулж тэрхүү зүйл эхлэл, зангилаа, өрнөл, туйл, тайлал, төгсгөл гэх шугамаар өрнөдөг билээ. Харин тус кино нь төгсгөлийн дараах төгсгөлийг харуулж чадав. Бүх зүйл дууссаны дараа тэрхүү гэр бүлд үргэлжлэн юу өрнөж буйг, тухайн дүр амьдралдаа эргэн яаж орж буйг харуулсан нь сонирхолтой байлаа.
Төгөлдөр хуурын яарсан хэмнэл мэт өрнөж буй өнөөгийн амьдралаас түрхэн холдож Justine Triet найруулагчийн энэ киног заавал үзэж нэгийг бодон, хоёрыг эргэцүүлээрэй.
Цолмонгэрэлийн Дүүрэнжаргал нь сэтгүүлч мэргэжилтэй кино сонирхогч, чөлөөт нийтлэлч.