“Яаж биш яагаад” – Т.МӨНХДАВАА
“Энэ дэлхий дээр чиний бодлоос илүү чамайг өвтгөх зүйл гэж хаана ч үгүй.”
“Уналтын задлан” киноны үйл явдал нь гэрийнхээ хажууд унасан нөхрийнхөө үхлийн шалтгаанд буруутгагдаж буй эмэгтэйн хэрэг хэрхэн шийдэгдэж байгаагаар өрнөнө. Гэвч угтаа бол хэрэг яаж шийдэгдэх нь тийм ч чухал байсангүй. Киноны эхэнд хорвоог орхисон тэр хүн чухам хэн бэ гэдэг асуултад уг кино бүхэлдээ хариулна гэхэд хилсдэхгүй.
Самуэл Малески (Samuel Theis) болон түүний эхнэр Сандра (Sandra Hüller) бол зохиолчид. Хүү нь ослын улмаас харах чадвараа алдсан явдалд өөрийгөө буруутган сэтгэл гутралд орсон Малески зохиол бичиж чадахааргүй болж түүнийгээ эргүүлэн хэвийн болгох гэж тэмцсээр байсан хүн. Заримдаа хувь тавилан цаанаасаа тохуурхах мэт эцэс төгсгөлгүй зовлонд биднийг булж орхидог. Яг ийм үед бид хэнийг буруутгах вэ? Өдийг хүртэлх сонголтуудыг хийсэн өөрийгөө юу? Эсвэл тэдгээр сонголтыг хийхэд хүргэсэн эргэн тойрноо юу? Чухам алийг нь буруутгавал бид илүү дээрдэх вэ? Тэр хариулт биднийг хаашаа хөтлөхийг мэдэхгүй эргэлзэж байвал энэ киног үзэхийг санал болгож байна.
Киноны хийцлэл, өнгө аяс тэр чигтээ биднийг шуудхан л болж буй нөхцөл байдлын дэргэд аваачна. Тэр дундаа жүжигчдийн тоглолт, дүрүүдийн хоорондын харилцаа, харилцан яриа нь маш бодитой байгаа нь гол түлхүүр. Хэдий зураг авалт нь уг кинондоо хамгийн тохиромжтой хувилбар мөн байсан гэж санагдсан ч өөр ямар ч хийцлэлээр хийсэн уг дүрүүдийг ойлгож чадахаар гайхалтай жүжиглэлтүүдийг үзүүлсэн жүжигчдийг биширмээр. Харин дүрүүд дундаас зохиолч хосуудын хүүгийн дүр нь кинон доторх бид буюу уг түүхийг сонжин суугаа үзэгчдийн тусгал байлаа. Тэрээр бүгдийг сонссон харин нүдээр үзээгүй. Хаана явж байгаагаа ч мэдэхгүй хараагүй хүүгийн мэдэрсэн зүйлс, эргэлзээ, мэдэхийг хүссэн хүсэл, дүгнэлт нь киноныхоо гол баатарт эргэлзэж буй намайг киноны турш чиглүүлэн алхлаа.
Уг түүхийг хамгийн их чимж, намайг гурван цагийн турш дэлгэцээс уяж чадсан зүйл нь хэрэг шийдэгдэх явц буюу шүүх хурал яах аргагүй мөн. Хэдий киноны утга санаа хэрэг яаж шийдэгдэхээс үл хамаарах ч гэсэн өөрийн санаагаа гурван цагийн турш ярихдаа сонсож байгаа хүнээ дуустал нь хөдөлгөөнгүй суулгах нь хэн бүхний чадах зүйл биш. Миний хувьд ч энэ түүх өөр лүүгээ нэлээн олон удаа харах шалтгаан болж өглөө.
Киноноос хамгийн их таалагдсан сцен бол хүү эцгийнх түүнд нэг удаа хэлж байсан үгсийг шүүхийн гэрчийн тавцан дээр хэлэх мөч. Үүнийг дүрслэхдээ хүүгийн яриатай аавынх нь амны хайрцаг яг таардаг. Мэдээж хүү тэр бүгдийг яг таг цээжилсэндээ биш. Малески ямар үг ашигласан нь угаасаа ч хамаагүй, юу хэлсэн нь л хамаатай. Ер нь кино бүхэлдээ тийм. Малески яаж үхсэн бэ биш Малески яагаад үхсэн бэ?
“Энэ дэлхий дээр чиний бодлоос илүү чамайг ЭДГЭЭХ зүйл гэж хаана ч үгүй.”