Кино шүүмж 2024Г.АМАРЖАРГАЛ
Кино урлагийн зөвлөлөөс зохион байгуулсан “Кино шүүмж бичих арга зүй” сургалтын оролцогчдын кино шүүмжийг цувралаар хүргэж байна.
“Чи юу мэдмээр байна” – Г.АМАРЖАРГАЛ
Демокрит сурагчдадаа нэг удаа хэлэхдээ “Хүний алдааг хэлснээс өөрийн алдааг илчилсэн нь дээр” гэж сургажээ. Харамсалтай нь үүнийг биелүүлэхэд томоохон зориг зүрх шаардахаас гадна хандлага нь үнэн сэтгэлээсээ байх учиртай.
“Чи юу мэдмээр байна” гэх тодорхойгүй асуулт нь “Уналтын задлан” (Anatomy of a Fall, 2023) киноны толгой эргэм ээдрээт үйл явдлыг эхлүүлж байна. Энэхүү кино нь амжилттай зохиолч Сандра (Сандра Хюллер) болон түүний нөхөр, зохиолч Самуэл (Самуэл Тейс) хоёрын таарамжгүй харилцаанаас үүссэн харамсалтай үйл явдлын тухай өгүүлдэг. Самуэл дээврийн цонхноос унаж нас барахад тэдний гэр бүлийн нууцууд өөрсдийнх нь биш олон нийтийнх болж хувирна. Киноны гол хэсэгт хос хоёрын 11 настай хараагүй хүү Даниел (Мило Мачадо Гранер) өөрийн эцэгтэйгээ өнгөрүүлсэн дурсамж болоод хэрэгт буруутгагдаж буй эхийнхээ хэнд нь итгэхээ шийдэх ёстой болно. Шүүх танхимд өрнөх гэр бүлийн гэрлэлт, үзэн ядалт, хууран мэхлэлт бүрийн тухай сонсож суухдаа үзэгчид яг л Даниелтай адил Сандра үнэхээр Самуэлийг алсан уу эсвэл түүний үхэл санамсаргүй тохиолдол байв уу эсвэл сэтгэлээр унасан Самуэл өөрөө цонхноос үсэрсэн үү гэдэг нь бүгдийн толгойд эргэлдэж буй гол асуулт юм. Гэсэн хэдий ч үндсэн асуулт бол бид хэзээ нэгэн цагт үнэнийг мэдэж эсвэл бүрэн ойлгож чадах эсэх юм.
Найруулагч Жастин Триетын өмнөх бүтээл болох “Sibyl” (2019) киноны амжилтаас үзэхэд “Уналтын задлан” сонирхолгүй болох боломжгүй. Эл бүтээл дээр гарч буй хэргийн шүүх хурал үргэлжлэх хугацаанд шүүгч, өмгөөлөгчдийн нотлох баримт дээр тулгуурлан хэргийн үнэн зөвийг олохоор хичээж буй зүтгэл болоод гэрчүүд, тэдний хэлсэн ярилцлага зэрэг нь “12 Angry Men”(1957) киног санагдуулам. Зураг авалтын газар бага, гол дүр цөөн.
София Коппола, Грета Герви, Жастин Триет тэргүүтэй эмэгтэй найруулагчид өөрсдийн үзэл бодол, онцлог шинжийг бүрдүүлсэн бүтээлүүдээрээ өнөө цагт Холливудад нэр алдраа дуурсгаж байгаа нь бахдууштай. Триет гэр бүлийн харилцааг уур хилэн, атаа жөтөө, үзэн ядалт, дургүйцлээр дүүрэн гэдгийг харуулах боловч хожим нь Сандра нөхөртэйгөө хамт авхуулсан зургаа үзэж буй сэтгэл хөдөлгөм дүр зураг нь энэ харилцаанд хайр, бахдал мөн адил оршин байдаг гэдгийг хэлжээ.
Гэхдээ Сандра нөхрөө хөнөөсөн хэрэгт буруутай юу, үгүй юу? Сандра хуучны танил хуульч Винсент Рензи (Сванн Арлауд)-г өөрийн өмгөөлөгчөөрөө ажиллуулахаас гадна түүнд сээтэн хаяж байгаа нь буруугаа өмгөөлүүлэх гэсэн оролдлого мэт хардалтыг үзэгчдэд өөрийн эрхгүй төрүүлж нуугдмал, үл ойлгогдом тайван байдлаа киноны төгсгөл хүртлээ дагуулсаар эцэстээ хариултыг үзэгчдэд өөрсдөд нь үлдээнэ. Болсон үйл явдлын зөв бурууг хэрхэн дэнслэх нь зөвхөн үзэгчдийн тунгаан бодох л асуудал.
Амьдрал гэдэг толгой эргэм ээдрээтэй зүйлээр дүүрэн, хүмүүс хэчнээн хичээсэн ч үнэхээр ойлгож чадахгүй асуудлууд зөндөө л байдаг шүү дээ.
Магадгүй Даниелд “үнэн” тийм ч чухал биш болсон байж болно.
Гөлгөөгийн Амаржаргал нь радио, телевизийн найруулагч. Тэрээр “Ид, залбир, хайрла”, “Орчуулга хэрэгтэй юу”, “Чи юу мэдмээр байна” зэрэг шүүмжүүд бичиж нийтэлж байсан.