Уналтын задлан уу, учир шалтгааны задлан уу? – О.ЭРДЭНЭЭ
Өөрийгөө үнэлэх үнэлэмж өөрөөс хамааралтай юу? Өөр хэн нэгнээс хамааралтай юу? Яг юу биднийг “Би” гэж тодорхойлох хүчийг өгдөг юм бол?
Эдгээр асуулт амьдралын аль ч цаг үед гарч ирсээр л байдаг. Тэгвэл уг “Уналтын задлан” гэх кино нь эдгээр асуудлыг хувь хүн бус хосуудын харилцаан дээр тулгуурлан гаргасан нь тун сонирхолтой байлаа. Ижил хүсэл сонирхолтой залуу хос нэгдэж хамтын амьдралаа эхлүүлсэн ч цаг хугацаа өнгөрөх тусам тэдний хайр нь тэмцэл болон хувирдаг. Үүнийг шийдэх шийдлийг хайх хэдий ч хаанаас эхэлсэн тэрхүү цэг дээрээ ирээд учир шалтгааныг нь олдоггүй.
Хараагүй болсон хүүгийнхээ осолд өөрийгөө буруутгаж, дунд насны хямралд өртсөн Самуэл хүүхдээ харангаа их сургуульд багшилж, үлдсэн цагаа байшингаа засварлаж өнгөрүүлнэ. Харин түүний эхнэр Сандра хоёр дахь номоо хэвлүүлж дараагийнхаа номоо бичиж сууна. Самуэлийн хувьд өөрийнхөө бичиж буй зохиолоо хэвлүүлэхийг хүсдэг ч, түүний сэтгэл зүйн байдал, өөрийгөө үнэлэх үнэлэмж нь асар хурдтай уруудан эцэстээ амиа алддаг.
Энэхүү үйл явдал нь киноны гол хэлэх гэсэн санаа юм болов уу! Учир нь үхэл энд чухал биш ч үхэлд хүргэх учир шалтгаан нь юу вэ гэдгийг өөр өөр өнцгөөс, дүр бүрийн аяллаар харж болохоор байна. Жишээлбэл, нөхөр болон эхнэрийн талаас энэхүү төвөгтэй харилцааг хэрхэн харж дүгнэсэн бэ? Нөгөө талаас чимээгүйхэн ажиглах хүү нь чухам үнэнийг юу гэж бодсон бэ? Тэрхүү үнэн болоод төвөгтэй харилцааг шүүх хурлын үеэр танилцуулж, үзэгчдэд ямар мэдээлэл өгөхийг хүссэн бэ гэдгийг нь найруулагчийн шийдэл болоод зураглаачийн гайхалтай дүрслэлээс харж болно. Шүүх хурал болон түүнтэй холбоотой ярилцлага, телевизийн сурвалжилга зэргийг хажуугаас нь харж буй мэт мэдрэмж төрүүлэхээс гадна гар болон мөрөн дээрээс авсан дүрслэл нь бага зэрэг хөдөлгөөнтэй агаад дүрийг зүүмлэж (холдуулж, ойртуулж) орчны мэдээллийг огцом харуулж буйгаас нь зөрчил болоод дүрийн мэдрэмж, сэтгэгдлийг тодоос тод ажиглаж болохоор байлаа. Энэ мэт жижиг деталь бүр нь киноны хэмнэлийг огт унагаасангүй. Мөн хөгжим нь тухайн сцены уур амьсгалыг тодотгон түгшүүрт эсвэл гунигт автуулж байсан. Зөрчлийн түвшин нэмэгдэх тусам жүжигчний тоглолт, хөгжим, зураг авалтын хэмнэл үнэхээр гайхалтай хоршиж чадлаа.
Эцэст нь найруулагч киноныхоо хэлэх гэсэн санааг Даниэл хүүгээр дамжуулан хэлсэн мэт санагдсан. “Хэрвээ ямар нэгэн зүйл яаж болсон тухай ойлгох хангалттай мэдээлэл олдохгүй байвал бид илүү гүн гүнзгий харах ёстой. Яг энэ шүүх хурал шиг. Бид хэчнээн хайгаад ч энэ явдал ЯАЖ болсныг мэдэж чадахгүй байвал ЯАГААД гэсэн шалтгааныг бид хайх ёстой гэж бодож байна” гэж Даниэл хэлдэг. Үүнд л асуудал байгаа. Яагаад ийм нөхцөл байдалд хүрснээ мэдэж чадвал гарах гарц нь үргэлж байдаг. Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга үргэлж нээгддэг гэдэг шиг. Нарийн төвөгтэй хосын харилцаагаар дамжуулан өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудлыг хөндөж эцсийн хариултыг үзэгчдээр өөрсдөөр нь таалгуулах таамаг мэт төгсгөж чадсан нь найруулагчийн зорилго биелсэн гэлтэй.
Отгонжаргал овогтой Эрдэнээ нь СУИС-ийн КТМУС-ийн кино найруулагчийн 4 курсийн оюутан.
