Хэн түүнийг “унагасан” бэ? – Н.БАТЧИМЭГ
“Уналтын задлан” кино нь эхнэр, нөхөр зохиолч гэр бүлийн нөхрийнх нь учир битүүлэг үхлээс улбаалан ил гарах гэр бүл, хувь хүний дотоод зөрчлийг маш бодитоор, түгшүүртэйгээр харуулсан шүүхийн драма (courtroom drama) төрлийн кино юм.
Нөхөр Самуэлийн үхэлд түүний эхнэр Сандра сэжиглэгдэж, мөрдөн шүүх ажиллагаа явагдах үйл явц тэдний харилцаанаас эхлээд хувь хүний түвшинд хүртэл бүх нарийн ширийнийг “задлах” шаардлагатай болно. Сандра нөхрийнхөө үхэлд төдийгүй амьдрал, зөрчил, шаналалд нь ч буруутай мэт харагдах түмэн шалтгаантай.
Самуэль бүх л бүтээлч хүний адил дэлхий ертөнцөд хэлэх зүйлтэй гэж итгэн, түүнээ хэрхэн хэлэх арга замаа хайн шаналах зуур эхнэр нь хэдийнээ “үгээ хэлж”, алдартай зохиолч болон гялалзаж явдаг. Сандра уран бүтээлээ хийх аргаа олсноор үл барам амьдралд хэрхэн хандах учраа ч олсон байгаа нь тэдний хүү Даниель харааны бэрхшээлтэй болсныг хэрхэн хүлээж авч байгаагаас тод харагдана. Самуэль гэмшил, харамсалдаа идэгдсээр явсан бол Сандра шүүх хурал дээр “Хүүгээ би хэзээ ч хөгжлийн бэрхшээлтэй гэж боддоггүй. Тэр бусад хүүхдийн л адил чадвартай, авьяастай сэргэлэн хүү” гэж хэлдэг. Үүгээр Самуэлийн хувьд тэр уран бүтээлийн уналтад орсон төдийгүй хувийн амьдрал нь ч уналтад орсон байгаа нь харагдана. Тэр биеэрээ унахаасаа өмнө сэтгэлээрээ “уначихсан” байдаг.
Кино эхлэхэд хоёр эмэгтэйн харилцан яриа сонсогдож, шатаар өнхөрсөн бөмбөгний араас нохой нь гүйнэ. Харилцан яриаг өрнүүлж буй хоёр эмэгтэйн нэг нь Сандра байх ба тэдний яриа үргэлжлэх зуур хүү нь дээд давхарт нохойгоо усанд оруулж байгаа нь харагдана. Ийм дүрсний гадуурх харилцан яриа (off screen dialogue) киноны дүрсний зонхилох шийдэл болжээ. Мөн зураг авалтын реалист хэв маягийг барьж, гар дээрээс (handheld), царай, нүүрний хувиралд төвлөрөн тулгаж авах (close up) зэрэг зураг авалтын техникүүдийг ашигласан нь өгүүлж буй түүхэндээ тун сайн зохицож, баримтат кино шиг бодит мэдрэмж өгнө. Жишээлбэл, мэргэжилтнүүд болж өнгөрсөн хэргийн/ослын боломжит хувилбаруудыг дахин бүтээн туршиж байх үеийн зураг авалтыг гар дээрээс авсан ба камер фокусгүйгээр чөлөөтэй хөдлөх нь сонирхолтой шийдэл болжээ. Францын Альпийн нурууны хэсэг дахь уулархаг, цастай буйдхан газарт засвар хийж буй байшин, ноосон цамцтай дүрүүд зэрэг нь тухгүй, хүйтэн, тусгаарлагдсан мэдрэмж төрүүлнэ.
Сайн кино хийхэд “Нэгдүгээрт зохиол, хоёрдугаарт зохиол, гуравдугаарт зохиол” гэдэг. Уг киноны зохиол нь маш сайн байсныг заавал дурдмаар байна. Нөхрийн учир битүүлэг үхлийн шалтгааныг олох гол нөхцөл дээр маш хувийн, эгзэгтэй зөрчлүүдийг зангиджээ. Самуэль нас барснаар эхнэр хүү хоёр нь хорвоо дээр хоёулхнаа үлдэж байна. Гэтэл түүний үхлийн гол сэжигтэн эхнэр нь байх ба гол гэрч нь хүү нь байж таардаг.
Самуэлийн уналтын задлан явсаар хувь хүний, гэр бүлийн уналтын задлан болж хувирна. Байшин дээрээс биеэрээ ч унасан ч бай, дотроо сэтгэлээрээ унасан ч бай гаднаас харж буй хүмүүс хэн нэгэн буруутай хүн эсвэл ямар нэг буруутай нөхцөл байдлыг хамгийн түрүүнд хайдаг. Харин Даниелийн хувьд аавыг нь хэн “унагасан” нь гол биш, түүнтэй хамт гэр бүл нь “унах” эсэхийг шийдэх чухал шийдвэрийг гаргах ёстой болдог. Заримдаа амьдралд буруутныг, шалтгийг, шалтгааныг хайхаас илүү болсон явдалтай эвлэрэн урагшлах ёстой хүнд нөхцөл тулгардаг билээ.
Нандинцоожийн Батчимэг нь сэтгүүлч, кино драм, телевизийн урлаг судлаач мэргэжилтэй. Урлагийн төсөл хөтөлбөрүүдийн продюсинг чиглэлээр төвлөрөн ажилладаг. “Гэм зэм”, “1984” постдрамын жүжгүүдийн маркетинг, менежментийн багт ажилласан ба одоо “Тримон” студийн продюсераар ажиллаж байна.
