Хариултаа өөртөө үлдээ – М.ТҮМЭНДЭМБЭРЭЛ
“Бид аливаа зүйлсийг ижил төстэй замаар танин мэддэггүй. Тиймдээ ч бүх зүйлд нэгдсэн ойлголтод хүрэх нь ховор.” – Готтфрид Лөйбниц
Франц улсад өндөр уулсаар хүрээлэгдсэн байшинд хүүгийн хамт амьдрах хос хоёрынд тохиолдох золгүй аль эсхүл зориудын гэмээр ослоор “Уналтын задлан” кино эхэлнэ. Нөхөр Самуэль Малөскийн үхэлд эхнэр Сандра Войтер сэжиглэгдэх ба хэргийн газар байсан цор ганц гэрч нь харааны бэрхшээлтэй хүү Даниел байдаг нь эл киноны хамгийн эхний харшуулал билээ. “Уналтын задлан” эхнээс дуусан дуустлаа тухайн хэргийн жинхэнэ алуурчин, жинхэнэ шалтгааныг хайх эрэл хайгуулын шинжтэй өрнөнө.
Японы суут найруулагч Акира Куросавагийн 1950 онд бүтээж байсан “Rashomon” кинонд нэг аллагын талаар дөрвөн гэрч хоорондоо зөрчилтэй санаа дэвшүүлж буй талаар гардаг ба эцэст нь кино нэгдсэн нэг дүгнэлтэд хүрэлгүй дуусдаг. Яг энэхүү “Rashomon Effect” гэх зохиолын бүтэц нь одоо хүртэл уран зохиол, кино урлагт нэн түгээмэл бөгөөд “Уналтын задлан” ч үүнтэй өнгө ижилджээ.
Киноны гол зөрчил болох нөхрийн үхэл дээрх гэрчүүд, сэжиглэгдэж буй эхнэрийн мэдүүлэг, мөрдлөгийн явц огтоос нэг зүг рүү чиглэхгүй бөгөөд кино дуусахад ямар нэгэн баттай абсолют үнэнгүй байх нь уул бүтээлийг амжилтад хүрэхэд нөлөөлсөн тулгууруудын нэг нь байв. Эхнэр нь нөхрөө алсан, нөхөр өөрөө хазгай гишгээд унаад үхчихсэн аль эсхүл амиа хорлосон гэх хувилбаруудыг үзэгчдэд үзүүлэх ба үүнийгээ тухай бүрд нь flashback сцен, дүрүүдийн яриа зэргээр баталж байлаа. Анзаарвал, үзэгчид өөрсдөө энэ кинонд дүгнэлт хийх, шүүгч нь болох хангалттай орон зай олгосон нь “Уналтын задлан”-гийн хамгийн том ололтуудын нэг байв.
Тарантиногийн кинон дээр түгээмэл харагддаг зураг авалтын техник болох crash zoom эл кинонд дүрүүдийн хурцадмал байдал, шийдвэрлэх мөчүүд дээр ашиглагдсан нь тухайн сцений кинонд үзүүлэх ач холбогдлыг илүү мэдрүүлж байв. Кинонд ашигласан хөгжмийн сонголт ч тэр нэн сонирхолтой бөгөөд хэн ер нь 50 Cent, Чопин хоёрыг нэг киноноос сонсоно гэж бодох билээ. “Уналтын задлан” туйлын эерэг дүр, туйлын эсрэг дүртэй уламжлалт загвараас ангид бөгөөд үүнийг нь Сандра киноны турш хэдэнтээ алуурчин болж, хэдэнтээ “цагаатгагдаж” байгаагаас нь харж болно.
Франц Кафкагийн дуусгаж чадаагүй бүтээл болох “Шүүх ажиллагаа” (The Trial) дээр К гэх дүр шүүх хуралд оролцох гээд л “орооцолдож” явсаар роман дуусдаг. Аливаа хүн өөрийгөө олох, сэрж мэдрэх зэрэг философийн агуулга бүхий бүтээл хэдий ч дуусгаж чадаагүй гэдгийг мэдэх нь “шүлсээ дутуу залгичихсан” юм шиг мэдрэмж төрүүлдэг билээ. Кафка зохиолоо дуусгахаасаа өмнө нас барчихсан учраас уучилж болно. Харин Жастин Триөтын үзэгчиддээ ийм их асуулт үлдээж буйг нь уучилж болох эсэх?
“Уналтын задлан” бол тэр чигтээ өгөгдөл бөгөөд шүүн тунгаах, хариултыг эрэн хайх үйл явцыг үзэгчдэд үлдээснээрээ тэднээс оюуны тамир шаардаж чадав. Хосуудын асуудал, гэр бүл дэх байр суурь нөгөө талаар үнэний талаарх уйгагүй эрэл хайгуул, хүн хүнээ шүүх боломжтой эсэх зэрэг асуудлыг хөндсөн нь эл кино зохиолын хамгийн том суу заль мөн гэлээ ч орчин цагийн уран бүтээлч “хариулт танд бий” гэх цэцэрхэл нь залхуурал, заль төдийхөн байх вий гэдгийг дор дороо тунгаах нь зүйн хэрэг. Эцсийн асуулт бол нөхөр амиа хорлосон, алуулсан үгүй бол унаад үхчихсэн гэдгийг олж мэдэх нь “Уналтын задлан” уу? Аль эсхүл хос хоёрын ар гэр доторх сэтгэл зүйн асуудал, шүүх танхим дахь хүн хүндээ ял тулгаж буйг идеологи талаас нь эргэцүүлэх нь “Уналтын задлан” уу? Юу ч гэсэн бидэнд хариулт нь бий.
Мөнхзулын Түмэндэмбэрэл нь кино, уран зохиол сонирхогч. 2021 оноос хойш кино, ном зохиолтой холбоотой нийтлэл бичиж байгаа. Одоо Монгол Улсын Их Сургуулийн улс төр судлалын ангид суралцаж буй.
